Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо 15 дугаар хороолол 30 дугаар байр 115 тоотод оршин суух, 1959 онд төрсөн 57 настай, Хар дэл овогт Лувсандоогийн Чимэдцэеэ /РД:СЭ59101000/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 37 дугаар байр 22 тоотод оршин суух, 1968 онд төрсөн 48 настай, Хан хөхий овогт Нямсамбуугийн Цэрэндэжид /РД:ХЖ68062236/

            Гэрээний үүрэгт 8.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Чимэдцэеэ, хариуцагч Н.Цэрэндэжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

                                                                                                           

                                           ТОДОРХОЙЛОХ нь:         

                                                                                                 

Нэхэмжлэгч Л.Чимэдцэеэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Энхтуяад 1.000.000 төгрөг зээлдүүлсэн. 2014 оны 03 дугаар сарын 29-нд Хаан банкны Л.Цэрэндэжидийн дансаар 1.000.000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 07-нд Л.Цэрэндэжидийн дансаар 1.500.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр  хадам ээж н.Оюунаад нь 1.000.000 төгрөг тус тус зээлдүүлсэн. Нийт 4.500.000 төгрөгийг зээлдүүлсэн байна. Хүүнд 2.760.000 төгрөгийг авсан. 2015 оны 04 дүгээр сарын 29-нд хүүнд төлсөн 100.000 төгрөгийг н.Оюунаа хүүнд төлсөн байна. Нийт зээлсэн 4.500.000 төгрөгийг Д.Энхтуяа, н.Оюунаа хоёр зээлдсэн. Л.Цэрэндэжид 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нийт зээлсэн 4.500.000 төгрөгөнд 1.400.000 төгрөгний хүү бодож нэмж 5.900.000 төгрөгийг зээлсэн гэсэн гэрээ хийсэн. Үүнээс өмнө Л.Цэрэндэжидийг таньдаггүй байсан. Мөнгийг түүний эхнэр Д.Энхтуяа, хадам ээж н.Оюунаа нар авсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Л.Цэрэндэжидтэй гэрээ байгуулж түүнийг н.Энхтуяагийн нөхөр гэж мэддэг болсон. Гэрээг надтай Л.Цэрэндэжид байгуулсан тул гэрээний дагуу түүнээс зээлсэн 5.900.000 төгрөгийг, хүүний хамт  8.850.000 төгрөг нэхэмжилсэн. Түрүүчийн шүүх хуралдаанд хариуцагч 5.900.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байсан тул түүнээс 5.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Цэрэндэжид шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Чимэдцэеэ эгчээс би гардаж ерөөсөө мөнгө зээлж байгаагүй. Миний дансанд хийсэн 1.000.000 төгрөгийг би зээлдээгүй, манай эхнэр Д.Энхтуяа зээлж миний дансанд хийлгэж авсан. Эхнэр нийт Л.Чимэдцэеэгээс 2.500.000 төгрөг зээлдэж дараа нь хадам ээжээр дамжуулж нэмж 1.000.000 төгрөг зээлсэн. Нийтдээ 3.500.000 төгрөг зээлсэн. Энэ зээлийн хүүнд 2.760.000 төгрөгийг төлсөн. 2015 оны 04 дүгээр сараас хойших хүүг Л.Чимэдцэеэ бид хоёр ярьж 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар гэрээ хийж 3.500.000 төгрөгт өнгөрсөн хугацааны хүү 1.400.000 төгрөгийг нэмж 5.900.000 төгрөг зээлсэн болж гэрээ хийсэн. Түүнээс мөнгө зээлж мөнгө авч гэрээ хийсэн юм биш. Нэхэмжилсэн 5.900.000 төгрөгийг төлөхгүй. Өнгөрсөн хугацаанд манай эхнэр хүүнд мөнгө өгсөн. Одоо нэхэж байгаа үнээр төлвөл хүүнд нийт 6.000.000 төгрөг өгөх гээд анх авсан мөнгөө хоёр нугалж өгөх болоод байна. Анх авсан 3.500.000 төгрөгийг ажил хийж байж тодорхой хугацааны дараа төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Чимэдцэеэ нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Н.Цэрэндэжидээс 8.850.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 5.900.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг харилцан хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Л.Чимэдцэеэ хариуцагч Н.Цэрэндэжид нар 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5.900.000 төгрөгийг зээлдэж хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульчилжээ.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 5.900.000 төгрөгийг зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч Л.Чимэдцэеэгээс зээлдэгч Н.Цэрэндэжидэд 5.900.000 төгрөгийг шилжүүлсэн баримтгүй тул зээлдэгчид тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүсээгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч Н.Цэрэндэжид нь гэрээний зүйл болох мөнгийг гэрээний дагуу шилжүүлэн аваагүй тул гэрээний дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй юм.

Шүүх хуралдаанд зохигч нийт 3.500.000 төгрөгийг Д.Энхтуяа зээлсэн гэж тайлбарлан нэхэмжлэгчээс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөгийг Д.Энхтуяа хүлээн авсан баримтыг, хариуцагчаас 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2.760.000 төгрөгийг Д.Энхтуяа төлсөн баримтыг тус тус ирүүлжээ.

Иймд шүүх хуралдаанд талуудын тайлбарласан тайлбараар 4.500.000 төгрөгийг Д.Энхтуяа, н.Оюунаа нар зээлдэж, зээлийн хүүнд Д.Энхтуяа, н.Оюунаа нар 2.860.000 төгрөгийг төлсөн, хариуцагч зээлийн гэрээний дагуу 5.900.000 төгрөгийг хүлээж аваагүй болох үйл баримтууд тогтоогдсон, хариуцагчид гэрээний дагуу мөнгө төлөх үүрэг үүсээгүй  байх тул нэхэмжлэгч Л.Чимэдцэеэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Цэрэндэжидээс 5.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Чимэдцэеэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

               

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА