| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/07712/И |
| Дугаар | 210/МА2025/00743 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00743
|
|
|
*******сууц
өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/01380 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 1,075,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,075,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* байрны оршин суугчдын байгуулсан *******СӨХ-г 2023 оны 12 сарын 13-ны өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдийн хувьд СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хариуцагч ******* нь ******* дүүргийн ******* хороо, ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч тул нэхэмжлэгч *******СӨХ-ны хариуцдаг орон сууцанд хамаарч байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцыг өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч *******СӨХ нь хариуцагч *******ээс хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5. Хариуцагч давж заалдах гомдлоо *******гэдэг СӨХ нь 2024 онд байгуулагдсан тул энэ өдрөөс л санхүүжих учиртай, байр орцны цэвэрлэгээ, ариун цэвэр маш муу, СӨХ-оос хийгээгүй ажлын хөлсөө нэхэмжлэж байгааг зөвшөөрөхгүй, би өөрийн орц, хаалганы орчмыг өөрөө цэвэрлэдэг, СӨХ оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах ёстой ч манай СӨХ тэгж ажиллахгүй байна гэж дурджээ.
Гэвч энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх сууц өмчлөгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гомдолд дурдсан асуудлын талаар хариуцагч нь тухайн СӨХ-ны удирдлагад шаардлага гаргах болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж хамтын зарчмаар энэхүү дотоод асуудлаа шийдвэрлэх эрх нь нээлттэй юм.
Иймээс анхан шатны шүүх хариуцагч *******ээс 1,065,500 төгрөгийн зардлыг нөхөн гаргуулж нэхэмжлэгч *******СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/01380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,122 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ