Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 5230

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, 19-1 тоот хаягт байрлах, “Мижид” ХХК /РД:2544768/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол хаягт байрлах, АЗТТТ ТӨХК /РД:5083613/

            Гэрээний үүрэг, хохиролд 49.860.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мижид ХХК-ийн захирал Б.Баяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Мижид ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Б.Баяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мижид ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр АЗТТТ ТӨХК-тай авто замын гүүр хоолойн барилг угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тэр жилийнхээ 10 дугаар сарын 10-ны өдөр дуусган хүлээлгэн өгсөн. Гэрээгээр ажлыг дуусгавар болсон тохиолдолд хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг болтол үлдэгдэл санхүүжилт олгогдоогүй. Бид оны эцсээр АЗТТТ ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчтой тооцоо нийлсэн актыг үйлдэж өглөг авлагын дүнгээ тохирон баталгаажуулсан. Энэ талаарх тооцоо нийлсэн актыг хэрэгт баримтаар өгсөн. Энэ бүх хугацаанд бидний зүгээс дээрхи хүмүүстэй уулзан асууж лавласаар ирсэн ч асуудал шийдэгдэхгүй өндөөрийг хүрсэн. АЗТТТ ТӨХК нь энэ хугацаанд ажил гүйцэтгэж байгаа боловч ямар нэг шалтаг шалтгаан гарган бидний төлбөрийг өгөхгүй тайлбар хийсээр байгаа. Бид энэ ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрсдийн нөөц бололцоогоо дайчлах, бусдаас зээл авах, машин тэргээ барьцаанд тавих зэргээр бололцоотой бүх арга хэмжээг авч дуусгасан. Одоогийн байдлаар хүмүүсийн цалинг гүйцэт тавьж чадаагүй. Барьцаанд тавьсан автомашинаа авч чадахгүй хүү алданги төлөн хохирч байна. Иймд хариуцагч АЗТТТ ТӨХК-наас гэрээний төлбөр 44.060.000 төгрөг, ломбарданд тавьсан автомашины зээлийн хүүнд төлсөн 5.800.000 төгрөг нийт 49.860.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч АЗТТТ ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус авто замын тоног төхөөрөмжийн түрээс ТӨХК нь Ди вай кэй би ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 км автозамын барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор ашиглалтанд өгөхөөр тохиролцон уг ажлыг гүйцэтгэсэн. Тус автозамын 3 ширхэг ус зайлуулах хоолойн ажлыг гүйцэтгүүлэхээр Мижид ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан. Энэ ажлыг эхлүүлэхэд Мижид ХХК нь өөрийн хөрөнгөөр материал, ажиллах хүч, техникийг гаргаж ажил дууссаны дараа санхүүжилт хийхээр тохиролцсон. 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан үлдэгдэл 3 хоолойг хийхээр тохиролцсон ба уг ажилд зарцуулах материалын хангалтыг манай компани хариуцахаар болж хугацаанд нь нийлүүлэлтийг хийсэн. Мөн шаардлагатай техник, материалыг нэмэлтээр хангасан зардлаа манай компани суутган тооцоогүй. Манай компанийн замын үлдэгдэл санхүүжилт одоо болтол бүрэн төлөгдөж дуусаагүй гүйцэтгэгчээс мөнгө орж ирээгүй байна. Учир нь Мижид компаний хариуцсан хоолойн ажил цаг хугацаандаа хийгдээгүйгээс замын хучилтын ажил оройтож технологийн зөрчил гарснаас болж санхүүжилт хойшлогдон манай компани хүртэл алдагдалд орсон. Энэ бүх асуудалтай Мижид ХХК-ийн ажлын гүйцэтгэл шууд хамааралтай. Бид замаа хүлээлгэж өгөн үлдэгдэл санхүүжилтээ авахын тулд 2016 оны 06 дугаар сард дахин хучилтын ажлыг хийсэн нь манай компаний хувьд ч дахин алдагдалд орсон. Үүний улмаас бид Мижид компаниас гадна, материал техникээр хамтран ажилласан бусад байгууллагуудад хүртэл төлбөрийг бүрэн төлж дуусаагүй байгааг удаа дараа тайлбарлаж байгаа. Бид гүйцэтгэгчээс санхүүжилт орсон үед Мижид компани болон бусад өглөгтэй компаниудын төлбөрийг боломжоороо төлж барагдуулж байгаа болно. Мижид компанитай тооцоо нийлсэн актыг үндэслэн төлбөр тооцоогоо барагдуулах тул бусад гарсан зардал манай компанид хамааралгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Мижид ХХК нь хариуцагч АЗТТТ ТӨХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 44.060.000 төгрөг, хохиролд 5.800.000 төгрөг нийт 49.860.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч АЗТТТ ТӨХК нь нэхэмжлэгч Мижид ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суман дахь 2 км хатуу хучилттай авто замын хиймэл байгууламж буюу тус бүр нь 1000 мм диаметртэй 3 ширхэг ус зайлуулах хоолой хийх ажлын хөлс 51.000.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт ажлын гэрээгээр 1500ф-ын 2, дөрвөлжин хоолой 1 ширхэг хийх ажлын хөлс 25.000.000 төгрөг байхаар тохиролцон тус тус гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Авто замын ус зайлуулах хоолой, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн актаар гэрээгээр хүлээсэн үүргээ 2 тал харилцан биелүүлсэн гэж үзэн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгосон болох нь шүүхэд гаргасан зохигчийн тайлбар, гэрээ, ажил дүгнэсэн актаар тус тус тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Сайншанд суман дахь 2 км хатуу хучилттай авто замын ус зайлуулах хоолой, хиймэл байгууламжийн ажлыг гүйцэтгэх гэрээ болон нэмэлт ажлын гэрээ нь тус тус талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Зохигч гэрээгээр гүйцэтгэгч нь захиалгын дагуу ажил гүйцэтгэж, уг ажлыг өөрийн инженер техникийн ажилчид, техник, багаж хэрэгслэлийн хамтаар гүйцэтгэж, ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал тохиролцон, гэрээт ажлын хөлсийг хийгдсэн ажлын тоо хэмжээн дээр үндэслэн, хяналтын инженерийн баталгаажуулсан гүйцэтгэлээр тооцож 3 ширхэг хоолойн ажлын хөлсөнд 51.000.000 төгрөг, нэмэлт ажлын гэрээгээр ажлын хөлс 25.000.000 төгрөг, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг саадгүй төлөх үүрэг хүлээжээ.

 Авто замын ус зайлуулах хоолой, хиймэл байгууламжийн барилга угсралтын ажлын гэрээ дүгнэсэн актаар талууд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул цаашид аль нэг тал нөгөө талын өмнө аливаа эрх эдэлж, үүрэг хүлээхгүй болохыг харилцан хүлээн зөвшөөрч, гэрээгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тооцоог санхүүгийн тооцоо нийлсэн актаар хийж дуусган гэрээ дүгнэж акт үйлдэн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж хариуцагч АКТТТ ТӨХК нь 44.060.000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж санхүүжилт орсон үед хэсэгчлэн төлбөр хийхээр тохиролцон тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан байна.

Иймд хариуцагч АЗТТТ ТӨХК нь хууль болон гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бах тул гэрээний үүрэг 44.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мижид ХХК-д олгох үндэслэлтэй.

Харин нэхэмжлэгч нь Тайгын булаг авто ХХК-ийн ломбарданд иргэн Ц.Баттулгын барьцаалсан автомашины зээлийн хүү болон зогсоолын төлбөр 5.800.000 төгрөгийг шууд учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн боловч энэ нь зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс учирсан хохирол болон Мижид ХХК-д учирсан хохирол гэж үзэх баримтгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт хариуцагчаас АЗТТТ ТӨХК нь Ди вай кэй би ХХК-тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, Ди вай кэй би ХХК-ийн АЗТТТ ТӨХК-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай албан бичгийг баримтаар ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэж дурьдав.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ өдрийн шүүх хуралдааныг мэдсэн боловч /мэдэгдэлд гарын үсэг зурсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                              

                                              ТОГТООХ нь:

                       

1. Иргэний Хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч АЗТТТ ТӨХК-иас 44.060.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мижид ХХК-д олгож, үлдэх 5.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407.250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АЗТТТ ТӨХК-иас 378.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мижид ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА