Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00652

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01694 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

******* дүүргийн *******ын бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүргийн ******* байрлах 459 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө 2018 оноос бусдад түрээслэн үйл ажиллагаа явуулсан. 3 давхрын зүүн урд жигүүрт байрлах 34 м.кв талбай бүхий ******* тоот өрөөний дээрээс ус алдаж үйлчилгээний талбайн хана, тааз норох, шарлах, гипсэн хана хөөх, замаск ховхорч унах зэрэг асуудлууд тогтмол үүсэж эхэлсэн.

1.2. Уг асуудлаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагад удаа дараа хандаж, ус алдаж буй шалтгаан, нөхцөлийг тодруулахад тус төвийн хэсгийн инженерийн 2021 оны 05 сарын 21-ний өдрийн орон сууцны байруудын инженерийн шугам, сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт гэх баримтаар ******* тоотын далд шугамаас ус алдаж байгаа болохыг тодорхойлж, зохих засварын үйлчилгээг үзүүлэхээр болсон.

1.3. Гэвч тус байрны оршин суугч ******* нь өөрийн эзэмшлийн бохир болон усан хангамжийн шугамын гэмтлийг засварлах ажилд үндэслэлгүйгээр саад учруулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр очсон инженер, засварчинг оруулахгүй, нэхэмжлэгч байгууллага болон сууц өмчлөгчдийн холбооноос их хэмжээний мөнгө нэхэх зэрэг зохисгүй авир гаргаж, 5 жил орчим хугацаанд нэхэмжлэгчийн болон бусад оршин суугчдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсаар байна.

1.4. Энэ нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнээс болж ******* тоот оффисын түрээслэгч нь 2021 оны 03 сараас уг шалтгаанаар түрээсийн гэрээгээ цуцалж нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого буюу нэг сард 950,000 төгрөг, нэг жилд 11,400,000 төгрөгөөр хохирсон. Үүнийг хариуцагч нь Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.

1.5. Түүнчлэн тус үл хөдлөх эд хөрөнгөд *******-аар үнэлгээ хийлгэхэд 1,086,106 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан.

Иймд хариуцагч *******д нийслэлийн ******* дүүргийн ******* үл хөдлөх эд хөрөнгийн шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад уруулахгүй байхыг даалгуулж, олох ёстой байсан орлого болох 11,400,000 төгрөгийг, ус алдсаны улмаас үүссэн хохирол 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Уг нэхэмжлэлийн хариуцагч нь ******* биш, харин сууц өмчлөгчдийн холбоо. 2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 гэх мэргэжлийн байгууллагууд 18 тоот байрны хананы цаана байрлах далд шугамтай холбоотой асуудлаар үзлэг хийсэн.

2.2. 2021 оны 05 сарын 27-ны өдрийн 02-07-096/118 дугаар бүхий албан шаардлагад айлын хананы цаана далд байрлах бохир усны шугамаас ус алдаж байна, энэ шугам нь хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны өмч байна гэсэн дүгнэлт гарсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны өмч мөн.

2.3. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 байгууллагаас *******-д хүргүүлсэн албан бичгүүдэд ус алдаж буй бохир усны шугам нь сууц өмчлөгчдийн холбооны өмч гэдгийг дурдаад, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтраад сууц өмчлөгч иргэний хохирлыг барагдуулах тал дээр харилцан тохиролцож засвар үйлчилгээ хийх боломжоор хангах, барилгыг барихдаа ******* нь барилгын норм ба дүрэм БНбД-г зөрчсөний улмаас шугамын ашиглалтын явцад гарах гэмтлийг засварлахад барилгын хийц эдлэл хана эвдэж сууц өмчлөгчийг хохироход хүргэж байна гэх тайлбарыг өгсөн.

2.4. Дээрх мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, мөн сууц өмчлөгчдийн холбооны хуулиар бол хариуцагч нь тус байрны ******* сууц өмчлөгчдийн холбоо юм. Өөрөөр хэлбэл, тус газарт үзлэг хийхэд гал тогооны өрөөний хананы сувагт далд байрлах бохир усны шугам гэмтсэнээс ус алдаж байгааг тогтоосон. Сууц өмчлөгчдийн холбооны дарга болон *******-ийн захиралд албан бичгийг хүргүүлсэн ба шугамыг засварлахын тулд айлын хана өмчийг эвдэхэд хүрч байна, иймээс сууц өмчлөгчдийн холбоо, *******, сууц өмчлөгч нар 3 талт гэрээ байгуулж, хана эвдүүлэхэд гарах хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцох тухай албан хүсэлт хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хариу өгөөгүй.

2.5. Мэргэжлийн байгууллага конторын хүмүүсийг гэртээ нэвтрэн оруулж, засвар үйлчилгээ хийлгэхэд шугамыг засахын тулд гал тогооны ханыг тавилгын хамт эвдэх шаардлагатай гэсэн бөгөөд хариуцагчийн хувьд шугамын засвар үйлчилгээ хийлгэхгүй гээгүй харин хана, тавилга эвдсэн хохирлыг барагдуулах асуудлыг шийдээгүй нь Сууц өмчлөгчдийн холбоо, ******* хоёр буруутай.

2.6. Түүнчлэн ******* дундын өмчлөлийн шугам сүлжээг дураараа өөрчилсөн нь уг асуудлыг үүсгэсэн. Учир нь Барилгын норм ба дүрэм БНбД40-04-16, БНбД40-05-16-д заасан бохир ус, хаягдал нь өөрийн уналтаар шууд доошоо унаж байхаар шулуун байх ёстой гэснийг зөрчиж, бохирын шугамыг 3 дугаар давхарт хэвтээ байдлаар ил болгосон.

2.7. Гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжилж байгаа мөнгийг мөн хариуцах хууль зүйн үндэслэлгүй, учир нь энэ далд шугам хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны шугам сүлжээ учир уг хохирлыг хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******д нийслэлийн ******* дүүргийн ******* тоот орон сууцны гал тогооны ханын ард далд байрлах бохирын шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллага оношилж, засварлахад саад учруулахгүй байхыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 284,928 төгрөг /214,728 төгрөг, 70,200 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т нэхэмжлэгчийн өмчлөлиийн үл хөдлөх хөрөнгийн дээрээс ус алдсан шалтгаан болох бохирын шугам хоолой нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах болох нь тогтоогдсон тул ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс болох 1,086,106 төгрөгийа хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" хэмээн дурдаж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, учир дутагдалтай.

4.2. Хариуцагч мэргэжлийн байгууллагаар гэмтлийг засварлуулахаар удаа дараа арга хэмжээ авч байхад саад учруулж буй эс үйлдэхүй гаргаагүй бол нэхэмжлэгчид хохирол учрахгүй байсан байхад анхан шатны шүүхээс "нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн дээрээс ус алдсан шалтгаан болох бохирын шугам хоолой нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна.." гэх л үндэслэлээр уг шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй буюу шүүхээс үүнийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

4.3. Ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах шаардлагатай хөлс 1,086,106 төгрөг болох нь *******-ийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогддог. Хариуцагчаас тус 1,086,106 төгрөгийн хохирлыг үгүйсгэж, няцаан мэтгэлцээгүй.

4.4. Хариуцагч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт заасан үүргээ эс биелүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан тул хариуцлага хүлээхгүй байх нь үндэслэлгүй.

4.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-т "...холбогдох дүрэм ба стандартыг мөрдөөгүй үйл ажиллагаанаас хамаарч ус алдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөд ус алдсаны улмаас олох байсан түрээсийн төлбөрийн орлогыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна...." гэж дурдан шийдвэрлэсэн.

4.6. Анхан шатны шүүхээс хариуцагчийн олон жилийн эс үйлдэхүй гаргасан хууль бус үйлдэлд дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгч *******-ийн барилгыг захиалан бариулахдаа холбогдох дүрэм ба стандартыг мөрдөөгүйн улмаас ус алдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай буюу хэргийн үйл баримтыг зөв үнэлж чадаагүй. Тус иргэний хэргээр барилгын чанарын асуудал, барилгыг хэрхэн барьж гүйцэтгэсэн эсэх асуудлыг огт хэлэлцээгүй, эдгээр нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад огт хамааралгүй.

4.7. Түүнчлэн *******-ийн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн мэдэгдэлд ус алдсаны улмаас цаашид түрээсийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй байгаа талаараа тодорхой тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмтлийг цаг тухайд нь засварлуулсан бол түрээсийн төлбөрөө авч орлого олох боломжтой байсан. Хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсныг хариуцагч тал эс зөвшөөрсөн. Учир нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах талаар хуульд тодорхой заасан. 2021 оноос хойш үүсэж буй нөхцөл байдалд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг шат шатны байгууллагаас талуудын хэн алиных нь хүсэлтээр удаа дараа ирж *******гийн ханыг нэвтлээд үзлэг нэгжлэг хийсэн.

5.2. Үүнд гэм буруутай этгээд болох ******* нь дундын өмчийг хариуцсан болох нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар тогтоогдож гэж хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн бөгөөд гэм буруутай этгээдийг ******* биш гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, *******гийн өмчийн зүйлээс ус алдаагүй СӨХ-ны өмчөөс ус алдсанаас шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан бөгөөд хоорондоо шалтгаант холбоогүй гэж шүүх зөв дүгнэсэн. Мөн эс үйлдэхүй гаргасан гэх боловч ******* нь удаа дараа мэргэжлийн байгууллагуудыг гэртээ нэвтрүүлсэн, өнөөдрийн байдлаар хана нь цоорсон хэвээрээ байна. Цаашид ******* СӨХ-той хамтран дундын өмчлөлийн хоолойг хэрхэн засварлах, *******д учирсан хохирлыг хэрхэн хариуцах талаар гурван талаас зохион байгуулаад шийдвэрлээд явахад татгалзах зүйлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүүргийн *******ын бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. Тодруулбал, ******* нь ******* дүүргийн ******* байршилтай 459 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. /1хх13/

3.2. Тус байрны ******* тоотын далд шугамнаас ус алдсан, уг далд шугамыг ил гаргаж, шалгуулах шаардлагатай болохыг өмчлөгч *******д мэдэгдсэн үйл баримтыг 2021 оны 05 сарын 20-ны өдрийн Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт, 2023 оны 09 сарын 11-ний өдрийн Орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн тодорхойлолт, *******-аас *******, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 газарт тус тус гаргаж байсан мэдэгдэлүүд, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 газраас *******д гаргасан 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 01/94 дугаартай мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн тогтоосон. /1хх-33/

3.3. 25 дугаар байрны ус алдаж буй бохир усны босоо шугам нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг, мөн тус эд хөрөнгийн засвар үйлчилгээг ******* Сууц өмчлөгчдийн холбоо хариуцан ажилладаг болох нь хэрэгт авагдсан ОСНААУГазар ОНӨААТҮГ-ын 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 3/525 дугаартай албан бичиг, 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 15 дугаартай албан бичиг, ******* СӨХ-ноос 2023 оны 09 сарын 12-ны өдөр *******-д хүргүүлсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /1хх-46-47/

 

4. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ... хариуцагч нь СӨХ, ... бохир усны шугам сүлжээнүүд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна. ..., ... шугамыг засварлахын тулд айлын хана, өмчийг эвдэхэд хүрч байна, иймд гурван талт гэрээ байгуулж ханаа эвдүүлэхэд гарах хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцох ба албан хүсэлт хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, өөрсдөө хариуцлагагүй байсан ... гэж тайлбарласан байна. /1хх-63-65/

 

4.1. ******* СӨХ-ны даргын албан үүрэг гүйцэтгэж байсан ******* нь шүүхэд ...ус алдаж байгаа асуудал бараг 2018, 2019 оноос эхэлсэн, ...ус алдсан, энэ айл болон бид нар мэргэжлийн байгууллагад дуудлага өгсөн, эд нар өдийг хүртэл гэмтлээ засварлуулахгүй, оруулахгүй байна. Энэ ******* тоот айлд СӨХ орох эрх байхгүй, зөвхөн мэргэжлийн байгууллага орж онош тогтооно. ..., энэ хүн яагаад оруулдаггүй вэ гэвэл тавилгын ар талыг нүхлэх бол хэн хариуцах юм, тавилгаа татаад ингэх юм бол хэн хариуцах юм гэдэг, ... мэргэжлийн байгууллага бодитоор хараад СӨХ-ны шугам байна гэх юм бол бид мөнгөө гаргая, ажлын хөлсийг өгье гэх бичгийг 6 жилийн хугацаанд өгч байгаа ..., ... *******д өгсөн бичиг байгаа ... гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. /1хх221-222/

4.2. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.6 дахь хэсэгт зааснаар ******* СӨХ нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхэд нь хариуцагч ******* саад учруулсан эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан *******гээс ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал *******т гаргасан 2021 оны 06 сарын 07-ны өдрийн тайлбар, 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 01/23 дугаартай тайлбар, *******-д 2021 оны 06 сарын 07-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай зэрэг бичгийн нотлох баримт болон түүний шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх-68-73, 221-223/

Иймд хариуцагч ******* Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт Сууц өмчлөгчид нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхдээ инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно. гэж заасныг зөрчсөн гэм буруутай гэж үзнэ.

Анхан шатны шүүх, хариуцагч *******г Нийслэлийн ******* дүүргийн ******* үл хөдлөх эд хөрөнгийн шугам сүлжээнд бий болсон эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн.

 

5. Харин нэхэмжлэгч *******-ийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

5.1. Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбооны хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар дундын өмчлөлийн эд зүйлийг сууц өмчлөгчдийн холбоо арчилж хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ үүрэгтэй нь холбоотойгоор бохирын босоо шугамнаас ус алдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн тодорхойлж буй цаг хугацаанд тус компанийн эд хөрөнгөд гэм хорын хохирлыг сууц өмчлөгчдийн холбоо хариуцан арилгах боломжтой байжээ.

5.2. Хэргийн баримтаар хариуцагчийн саад болсон эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

5.3. Хэрэгт авагдсан *******-ийн *******-д хүргүүлсэн 2021 оны 03 сарын 02-ны өдрийн 3/21 дугаартай албан бичигт ... ******* эмнэлэг нь ******* дүүрэг,  ******* тоотыг түрээсийн гэрээгээр ... үйл ажиллагаа явуулж эхэлсэн ... таазнаас үе үе ус гоожиж ... шалан дээр ус тунасан ... харьяа орон сууц ашиглалтын байгуулгын мэргэжлийн засварчин байнга дууддаг боловч үзээд л явдаг ... энэ хугацаанд 2 удаа засвар хийсэн боловч дахин ус алдаж орж ирээд байна ... гэж бичсэн байгаагаас үзвэл тус байранд хоёр удаа засвар хийсэн агуулга тусгагдсан байна. /1хх-52/

5.3. Мөн хэрэгт *******-ийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлан авагджээ. Тус тайланд эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг үнэлэхдээ материалын зардал 391,500 төгрөг, ажиллах хүчний зардал 595,870 төгрөгөөр тус тус тооцохдоо гипсэн хана буулгах, шинээр хийх талбайг 4,74 м.кв-аар /71,100 төгрөг/, ханын цагаан замаск хийх талбайг 44,76 м.кв-аар /290,934 төгрөг/, хар замаска хийх талбайг 1,2 м.кв-аар /16,800 төгрөг/, обой наах талбайг 6 м.кв-аар /30,000 төгрөг/, эмүльс хийх талбайг 44,76 м.кв-аар /179,036 төгрөг/, чулуун ханны чигжээс хийх талбайг 2 м.кв-аар /8,000 төгрөг/, гипсэн хавтан 3 ширхэг 66,000 төгрөг, мөөгөнцөр устгах уусмал 2 ширхэг 40,000 төгрөг, замаск 1 шуудай 21,000 төгрөг, кнауф 5 кг 12,500 төгрөг, эмульс 18 кг 117,000 төгрөг, обой 1 ширхэг 45,000 төгрөг, обойн цавуу 1 ширхэг 15,000 төгрөг, шруп 1 боодол 25,000 төгрөг, хар замаска 5 кг 20,000 төгрөг, бусад зардал 30,000 төгрөг, нөат 98,737 төгрөг, нийт 1,086,106 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-14-32/

5.4. Хариуцагч нь 2021 оны 05 сараас хойш өөрийн 18 тоотод орон сууцны шугам хоолойноос ус алдсан эвдрэлийг мэргэжлийн байгууллага засвар хийхэд саад учруулж, шугамын эвдрэлийг засварлах боломжгүй байгаа нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч *******-ийн эд хөрөнгөд үргэлжлэн хохирол учирсан гэж үзэх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар уг хохирлыг хариуцагч ******* хариуцан арилгах үүрэгтэй.

 

6. Хариуцагч эд хөрөнгөд учирсан хохирлын үнийн дүнд маргаж, дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.

 

7. Харин олох ёстой байсан орлогод 11,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтэд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7.1. Учир нь, нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд 2020 оны 06 сарын 02-ны өдөр 20/6 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр нэг сарын түрээсийг 950,000 төгрөгөөр тооцсон, 1 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцжээ. /хх-50-51/

7.2. Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Ковид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ******* түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдсөн болох нь хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн түрээсийн төлбөрийн тооцоолол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /1хх-53/

7.3.Талууд гэрээг 2021 оны 06 сарын 02-ны өдөр цуцалж, дуусгавар болгожээ. /хх-52/

Иймээс гэрээг цуцлах өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийг олох ёстой байсан орлогоороо хохирсон гэж үзэхгүй.

7.4. Мөн *******-тай байгуулсан түрээсийн гэрээг үндэслэн ирээдүйд олох ёстой байсан орлогыг тодорхойлох боломжгүй байна.

Энэ үндэслэлээр 11,400,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 25-ны өдрийн 191/ШШ2025/01694 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохиролд олох байсан орлого 11,400,000 төгрөг, ус алдсаны улмаас үл хөдлөх хөрөнгийг засварлах хөлс 1,086,106 төгрөг, нийт 12,486,106 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 1,086,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 11,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 70,200 гэснийг 100,816 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,728 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Ч.ЦЭНД