Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч О.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөр овогт Оюунчимэгийн Тд холбогдох 1929001560069 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар баг, Шар довын 7-23 тоот дахь иргэн Б.Өлзий-Оршихын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өлзий-Оршихтой маргалдаж, улмаар шанагаар толгойн тус  газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Б.Өлзий-Оршихийн: “...тэгээд орны хажууд очиход Т орон дээр сууж байсан тэгээд “чи бос, би унтаж амарлаа” гэхэд Т орон дээрээс босоогүй тэгээд Тийг  босгох санаатай хоёулаа барилдсан тэгээд бид хоёр маргалдаад би Тийг хацар хэсэгт нь нэг цохиод  авсан тэгсэн Т миний хацар хэсэгт гараараа цохиод, хөнгөн цагаан төмөр шанагаар миний толгойруу цохисон. Тэгээд миний толгой, хамар, амнаас цус гарсан. Тийг Сэнгээ салгаж аваад гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-н 11-12 дугаар хуудас/,

Гэрч Ц.Отгонбаатарын: “...Өлзий-Орших Т нар хоорондоо тоглоод ноцолдоод өнхөрч унаад гэрийн зүүн талд зуухны өмнө талд байж байсан. Би баруун талын орон дээр утсаар яриад сууж байсан, тэгсэн гэнэт Т гэрийн зүүн урд талд байх усны саван дээр байсан хөнгөн цагаан төмөр шанагаар Өлзий-Оршихийн толгойруу цохьсон, тэгээд Ариук, Өлзий-Оршихийг бариад авсан. Би Тийг барьж авч гараад гэрлүү нь дөхүүлж өгчихөөд харих гээд явсан” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 346 дугаартай “1. Б.Өлзий-Оршихийн биед тархи доргилт, толгойд дагзны хуйхны хэсэг, уруулд шарх, тохой, 2 мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 24 дүгээр хуудас/,

Яллагдагч О.Тийн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Өлзий-Оршихийн гэрт нь архи ууж байгаад Өлзий-Оршихтой маргалдаж улмаар толгойн тус газарт нь хөнгөн цагаан шанагаар цохиж гэмтэл учруулсан өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-н 30 дугаар хуудас/,

О.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Хохирогч Д.Өлзий-Оршихийн хохирол төлбөр төлөгдсөн талаарх баримт /хх-н 73 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Тийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 33-34, 56-57дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

          Шүүгдэгч О.Т нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 3 дугаар баг, Шар довын 7-23 тоот дахь иргэн Б.Өлзий-Оршихын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өлзий-Оршихтой маргалдаж, улмаар шанагаар толгойн тус  газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- Хохирогч Б.Өлзий-Оршихийн мэдүүлэг /хх-н 11-12 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Отгонбаатарын мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Өлзий-Оршихын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Тийн хохирогчийн толгойн тус газарт нь хөнгөн цагаан шанагаар  цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч О.Тийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

2.Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Өлзий-Оршихийн биед гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 346 дугаартай /хх-н 24 дүгээр хуудас/ дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба шүүгдэгч нь хохирогчид 300,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Өлзий-Орших нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн /хх-н 73 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналын хүрээнд буюу О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 /нэг мянга гурван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/158 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хурааж ирүүлсэн 30 см урт төмөр иштэй, ишний үзүүр хэсэгт нүхтэй, хөнгөн цагаан металаар хийсэн амсартай, амсар нь зууван болж дугуй хэлбэр дүрс нь алдагдсан шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Төмөр овогт Оюунчимэгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тийг 1,350 /нэг мянга гурван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Өлзий-Оршиход 300,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/158 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хурааж ирүүлсэн 30 см урт төмөр иштэй, ишний үзүүр хэсэгт нүхтэй, хөнгөн цагаан металаар хийсэн амсартай, амсар нь зууван болж дугуй хэлбэр дүрс нь алдагдсан шанага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, О.Тийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН