Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 5231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо 11 дүгээр хороолол 1 дүгээр байр 286 тоотод оршин суух, 1979 онд төрсөн 37 настай, Чонод овогт Лхагвасүрэнгийн Энхсүрэн /РД:ЕС79012510/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол ТЭМ 101 дүгээр байр 96 тоотод оршин суух, 1953 онд төрсөн 63 настай, Авгас овогт Тогиогийн Норовжав /РД:ЧТ53101813/.

            Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 52 дугаар байр 47 тоотод оршин суух, 1989 онд төрсөн 27 настай, Тогио овогт Норовжавын Наранзана /РД:УМ89112355/

            Гэрээний үүрэгт 7.470.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Энхсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагч Т.Норовжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Л.Энхсүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Т.Норовжавтай зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан 4.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний дагуу 4.500.000 төгрөгийг Т.Норовжав, Н.Наранзана хоёр ирж авахдаа Н.Наранзана мөнгийг тоолж хүлээж аваад гарын үсэг зураад авч явсан. Угтаа бол аавтай нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр. Зээлийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч зээлийн хүү болон үндсэн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй. Т.Норовжавын утас ч холбогдохоо больсон. Зээл болон барьцааны гэрээг Т.Норовжав байгуулсан. Иймд хариуцагч Т.Норовжав, Н.Наранзана нараас 7.470.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Наранзана шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Наранзана нь мөнгөний хэрэгцээ гарсан үед өөрийн эцэг Т.Норовжавын эзэмшлийн орон сууцыг барьцаалан иргэн Л.Энхсүрэнтэй гэрээ байгуулж 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөгийг зээлдэж авсан. Эрүүл мэндийн шалтгаанаар гэрээний хугацаанд тооцоо хийгдээгүй болно. Зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг оролцуулан 7.470.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Миний хувьд үндсэн зээлийг хэсэгчлэн төлөх боломжтой байгаа тул шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Т.Норовжав шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үндсэн хуулинд Монгол улсын иргэнийг эрх зүйн этгээд гэж зааж өгсөн. 18 насанд  хүрсэн бол өөрийн үйлдлийг хариуцах ёстой. Өнөөдрийн маргаантай холбогдон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээ хэлцэл хийгдсэн. Гэвч мөнгийг хүлээн авснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох хуулийн зохицуулалт байдаг. Т.Норовжав Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг хүлээж аваагүй, хүлээлцээгүй. Харин нэхэмжлэгч Л.Энхсүрэн, хариуцагч Н.Наранзана хоёрын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн харилцаа үүссэн. Л.Энхсүрэн, Т.Норовжав нарын хооронд зээлийн харилцаа үүссэн боловч мөнгийг хүлээлцэх хуулийн шаардлага хангаагүй. Мөнгө хүлээлцэх ажиллагаанд Т.Норовжав оролцоогүй. Т.Норовжаваас мөнгийг хүлээлцэх талаар Н.Наранзанад олгосон итгэмжлэл байхгүй. Мөнгийг Н.Наранзана авч ашиглаж энэ мөнгийг төлөх ёстой болох нь түүний тайлбараар тогтоогдож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Энхсүрэн нь хариуцагч Т.Норовжав, Н.Наранзана нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7.470.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.  

            Нэхэмжлэгч Л.Энхсүрэн, хариуцагч Т.Норовжав нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэл хотхон 101-96 тоотод байрлах 28 мкв 1 өрөө орон сууцыг барьцаалж гэрээ байгуулагдсан болох нь шүүхэд гаргасан зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтөй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Норовжавтай зээлийн гэрээ байгуулсан боловч түүнд гэрээний дагуу мөнгийг хүлээлгэж өгөөгүй, мөнгийг хариуцагч Н.Наранзана хүлээн авч гарын үсэг зуран, авч ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбарласан тайлбар, хариуцагч Н.Наранзаны тайлбар, барьцааны гэрээний ард Н.Наранзана гарын үсэг зурж мөнгийг хүлээж авсан гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Норовжав зээлийн гэрээний дагуу мөнгийг зээлдүүлэгч Л.Энхсүрэнгээс шилжүүлэн аваагүй тул мөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсээгүй байна.

Харин нэхэмжлэгчээс хариуцагч Н.Наранзанад мөнгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 4.500.000 төгрөгийг зээлдэгч Н.Наранзанад шилжүүлсэн тул түүнээс гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Иймд зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.Наранзанаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт үндсэн зээл 4.500.000 төгрөг, хүү 720.000 төгрөг, алданги 2.250.000 төгрөг нийт 7.470.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд хүү алданги тооцох талаар бичгээр байгуулсан гэрээгүй тул хариуцагч Н.Наранзанаас үндсэн зээл 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхсүрэнд олгож, үлдэх 2.970.000 төгрөг болон хариуцагч Т.Норовжавт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ноогдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

Хариуцагч Н.Наранзана өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.                                                   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Наранзанаас 4.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхсүрэнд олгож, үлдэх 2.970.000 төгрөг болон хариуцагч Т.Норовжавт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.500 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Наранзанаас 86950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Энхсүрэнд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА