| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2024/02142/И |
| Дугаар | 210/МА2025/00588 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/00588
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,523,783 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь тус ББСБ-тай 2021 оны 11 сарын 11-ний өдөр L00300470 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, зээл авах эрх нээлгэсэн. Зээлдэгч *******гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейншнаас 2022 оны 11 сарын 05-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай 1,002,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* тоот банкны дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй. 2024 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,002,000 төгрөг, зээлийн хүү 408,486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,756 төгрөг, шимтгэл 20,040 төгрөг, нийт 1,507,283 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 16,500 төгрөг байна.
Иймд, хариуцагчаас нийт 1,523,783 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрч чадахгүй. Тус мөнгийг өрхийн хэрэгцээнд зарцуулаагүй. Хаан банк болон ******* аппликейшнд хакердуулсан. Мөн одоог хүртэл энэ хэрэгт шийдвэр гараагүй байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч *******гээс 1,507,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 39,330 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
4.1. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн Төрийн банкны ******* дугаар дансанд зээлийг олгосон талаарх зээлийн дансны хуулгаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд өөрөөс гаргаж өгөх боломжтой баримтуудаа гаргаж өгсөн бөгөөд шүүхээс тус баримтыг эргэлзээтэй гэж үзвэл хариуцагчийн арилжааны банкны дансны хуулгыг гаргуулах, эсхүл шүүхээс нотлох баримтыг гаргуулах зэрэг хуульд заасан арга хэмжээ авах боломжтой байсан атал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.
4.2. Мөн хариуцагчийн хариу тайлбарт ...тус мөнгийг өрхийн хэрэгцээнд хэрэглээгүй... гэсэн нь зээлийг дансанд олгоогүй гэсэн үг биш бөгөөд зээлдэгч нь зээлээ эргэн төлөх үүргийг хүлээхгүй байх үндэслэл болохгүй юм. Мөн хариуцагч Хаан банкны дансаа хакердуулсан гэх бөгөөд манай байгууллага зээл олголтыг хариуцагчийн ******* дугаар Төрийн банкны дансанд шилжүүлсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй.
4.3. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанчлан хариуцагч хохирсон эсэх, тийм бол энэ талаар эрх бүхий байгууллага ажиллагаа хийж байгаа эсэх зэрэг ач холбогдол бүхий үйл баримтад дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,002,000 төгрөг, зээлийн хүү 408,486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,756 төгрөг, шимтгэл 20,040 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 1,523,783 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тус мөнгийг өөрийн өрхийн хэрэгцээнд хэрэглээгүй, Хаан банк болон ******* аппликейшнд хакердуулсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2021 оны 11 сарын 11-ний өдөр L00300470 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* аппликейшнаар дамжуулан 20,000-10,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хүртэлх хувийн хүүтэй, 14-60 хоногийн хугацаатай зээлдүүлэх, ******* нь зээлийг ******* аппликейшнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2-т ...талууд хүсэл зоригоо илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу цахимаар хэлцэл хийсэн байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 2.6.3-т Зээл олгогчоос зээлийн мөнгөн дүнг зээлдэгчийн цахим зээлийн хүсэлтийн дагуу зээлдэгчийн нэр дээрх банкны данс руу, эсхүл аппликейшн дахь цахим покет руу шилжүүлсэн өдрөөр зээлийг олгосонд тооцно гэж тусгасан нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасантай нийцжээ.
6. Нэхэмжлэгч нь дээрх хууль болон гэрээнд заасанчлан зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,002,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж чадаагүй байна.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
7.1. Хэргийн 15-р талд авагдсан Зээлийн дансны хуулга гэсэн баримтаар зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,002,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримт нотлогдохгүй тул ...хариуцагчийн Төрийн банкны ******* тоот дансанд зээлийг олгосон талаарх зээлийн дансны хуулгаа гаргаж өгсөн... гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.
Тодруулбал, дээрх баримт нь нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн баримт байх бөгөөд холбогдох гүйлгээг хийсэн болохыг банкны зүгээс баталгаажуулсан баримт биш байна.
Түүнчлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...даргалагчаас: *******гийн нэртэй данс руу нь мөнгө шилжүүлсэн баримт байдаг уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэр баримт нь хэрэгт авагдаагүй байгаа гэж хариулсан болох нь тусгагдсан байдгийг дурдах нь зүйтэй.
7.2. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа байнга эрхэлдэг байгууллага байхаас гадна өмнө дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг нэхэмжлэгч тал хуулиар хүлээх тул нэхэмжлэгч талын гаргасан ...шүүхээс хариуцагчийн арилжааны банкны дансны хуулгыг гаргуулах, эсхүл нотлох баримт гаргуулах боломжтой байсан... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Шүүх аливаа маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандах бөгөөд зохигч талууд нотлох баримт гаргуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүхээс энэ талаар ажиллагаа хийх нь талуудын зарчимд үл нийцнэ.
7.3. ...Тус мөнгийг өөрийн өрхийн хэрэгцээнд хэрэглээгүй... гэсэн хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байна гэж эргэлзээгүйгээр дүгнэх үндэслэл болж чадахгүй тул нэхэмжлэгч талын гаргасан ...хариуцагчийн хариу тайлбар нь зээлийг олгоогүй гэсэн үг биш... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/01010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 39,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР