Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнсүхийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Б.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бат-Эрдэнийн Лойдойсамбууд холбогдох 1929000070052 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Итайкер” ХХК-аас нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 90-01 АЧ дугаарын чиргүүл, 95-39 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангийг завшиж бусдад нийт 23,755,000 /хоин гурван сая долоон зуун тавин таван мянган/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнсүхэд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: ”...” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 21-36 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн: “...манай “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн 95-39 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгчийг жолооч Б.Л нь нүүрс тээвэр хийхээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан. Б.Л нь машин хүлээн аваад нүүрс тээвэрт яваад утас нь холбогдохгүй, сураггүй болчихлоо гэж БНХАУ-ын Өвөр Монгол хөтөч Чимгээ надруу “Вэчат”-аар 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдсон. ...Манай компанид чиргүүл 20,000,000 /Хорин сая/, тоногдсон эд анги 4,560,000 /дөрвөн сая таван зуун жаран мянган/ төгрөг нийт 24,560,000 /хорин дөрвөн сая таван зуун жарган мянган/ төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч О.Уугансүхийн: “...Б.Л БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтод байхдаа Өвөр Монгол иргэн Баяндүүрэн гэх хөтчөөс 95-39 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг чиргүүлгүй хүлээн авч байсан. ...Б.Л “Цагаанхад”-наас чиргүүл олж аваад нүүрс тээвэрт явна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбатын: “...Б.Л машин бариад хилээр гаргаад өгөх зөвшөөрөлтэй хүн байна уу? Гээд асуугаад явж байсан. Надад машин олдохгүй байсан учир Б.Лтай уулзаж машиныг Монгол улсын хилээр гаргаж өгөөд 200 юань авахаар тохиролцсон. ...Б.Лгийн хүлээж авсан 95-39 ӨМА улсын дугаартай цагаан өнгийн дан чирэгч толгойг унаж Монгол улсын хилээр орж “Цагаан хад” гэх газар ирж Б.Лд хүлээлгэн өгсөн. Б.Л “Цагаан хад”-наас чиргүүл олж нүүрс тээвэрт явах талаар ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мөнгөнсүхийн: “...2018 оны 12 дугаар сарын эхээр ...өөрийн фэсбүүк хаягаар ”Шаланз, чиргүүл авна” гэсэн зар тавьсан. Нэлээд хэд хоногийн дараа Б.Л гэх хүн холбогдож “чиргүүл 18,000,000 төгрөгөөр зарна” гэж ярьсан. ...2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс тээврийн замын 6 дахь километрт Б.Лтай уулзаж машиныг үзэхэд цагаан толгойтой, ногоон өнгийн чиргүүлтэй Нордбенз маркийн машин байсан. ...бид 2 үнээ яриад гэрчилгээгүй бол 14,000,000 төгрөг өгөөд гэрчилгээ авсан хойно 4,000,000 төгрөг өгөхөөр тохироод чиргүүл худалдаж авсан” гэх мэдүүлэг / хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

“Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/05 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 76 дугаар хуудас/,

“Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/36 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 79 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Лгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг / хх-ийн 87-91 дүгээр хуудас/,

Б.Лгийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 99-104, 108-120 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Лгийн 10 хурууны дардас /хх-н 106 дугаар хуудас/,

Б.Лгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 98 дугаар хуудас/,

Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт /хх-н 134-136 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын үүрэн холбооны “ЮНИТЕЛ” ХХК-ийн 44ж/154 тоотын хариу /хх-н 138-174 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-н 188-190 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.         Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Итайкер” ХХК-аас нүүрс тээвэр хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан 90-01 АЧ дугаарын чиргүүл, 95-39 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээс 90-01 АЧ дугаарын чиргүүлийг завшиж, бусдад худалдсан болох нь

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлайн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

- Гэрч О.Уугансүхийн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

- Гэрч Б.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

- Гэрч Ж.Мөнгөнсүхийн мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

- Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-н 188-190 дугаар хуудас/,

- Б.Лгийн Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 111 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь  Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч Б.Лг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч “Итайкер” ХХК-ийн эзэмшлийн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 90-01 АЧ дугаарын чиргүүлийг бусдад худалдаж хохирол учруулсан, 95-39 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд ангид 3,755,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйнт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/05 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 76 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/36 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 79 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Мөн иргэн Ж.Мөнгөнсүхийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дугаартай Прокурорын тогтоолоор тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр /хх-н 230 дугаар хуудас/ татан оролцуулсан байх ба Ж.Мөнгөнсүхэд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Б.Лгийн Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 111 дугаар хуудас/-аар нотлогдож байна.   

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхманлай нь “уг хэрэгт холбогдсон Б.Лгаас машины чиргүүл 20,000,000 төгрөг, машинаас тоногдсон эд ангийн үнэ 3,755,000 төгрөг, нийт 23,755,000 төгрөгийг /хх-ийн 40-41 дүгээрр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнсүх нь Б.Лгаас 14,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн /хх-ийн 70-71 дүгээр хуудас/, хохирол төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Лг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгаас бусад учруулсан хохирол төлбөрт 3,755,000 төгрөгийг гаргуулж хохирогч “Итайкер” ХХК-д, 14,000,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнсүхэд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/113 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хурааж авсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлаж буй LBZ346BD19B015169 арлын дугаартай, улаан өнгийн, 90-01 УЧ улсын дугаарыг 39-92 ТЧ дугаартай болгож өөрчилсөн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий чиргүүлийн хууль ёсны эзэмшигчээр “Итайкер” ХХК бүртгэлтэй болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 189 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 190 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх тул дээрх чиргүүлийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 /зургаан зуун хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Лд 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Лойдойсамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/113 дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хурааж авсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлаж буй LBZ346BD19B015169 арлын дугаартай, улаан өнгийн, 90-01 УЧ улсын дугаарыг 39-92 ТЧ дугаартай болгож өөрчилсөн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий чиргүүлийг хууль ёсны эзэмшигч “Итайкер” ХХК-д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Лгаас бусад учруулсан хохирол төлбөрт 3,755,000 /гурван сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “Итайкер” ХХК-д, 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Мөнгөнсүхэд тус тус олгосугай.  

6. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Б.Лгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Лд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН