Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00723

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01653 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт 70,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: *******, ******* нар захиалсан байр ашиглалтанд орох хүртэл түр 1 жилийн хугацаанд түрээслэн амьдрах байр хэрэгтэй байна" гэсний дагуу ******* нь 2013 онд өөрийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот байрандаа оруулсан. Гэтэл хариуцагч нар хэлсэн хугацаа нь болсон ч байрнаас гарахгүй, түрээсийн төлбөр төлөхгүй байсан тул ******* 2017 онд шүүхэд хандсанаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр *******г байрнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлсэн. Гэвч хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэрийг албадан биелүлэх ажиллагаа явагдаж 2018 оны 12 сарын 07-ны өдөр байрыг чөлөөлж өгсөн. *******, ******* нар нь *******ын байранд 5 жил амьдарсан ба өөр хүний байрыг түрээслэсэн бол ******* өрөө байрны сарын түрээсийн төлбөрт нийт 70,450,000 төгрөг төлөхөөр байсан тул хариуцагч нар өөрсдөөс түрээсийн зардал гаргахгүй, зардла хэмнэж, нэхэмжлэгчийн байранд түүний зардлаар 5 жил амьдран үр шимийг хүртсэн тул *******, ******* нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн зардалд 70,450,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Миний төрсөн ах *******ийг 2011 онд нас барсны дараа түүний өмчлөлийн дээрх орон сууцанд 2013 оны 8 сараас 2018 оны 12 сар хүртэл 5 жилийн хугацаанд амьдарсан нь үнэн. Амьдрах болсон шалтгаан нь *******ийн өмнөх эхнэр *******, хожим сууж хамт амьдарч байсан ******* нар тус байрны өмчлөлийн талаар маргасан ба энэ байрыг ******* авч магадгүй тул намайг маргаан дуустал амьдарч байгаач гэж ******* хүссэн тул эхнэр бид 2 зөвшөөрч амьдарсан. Тухайн үед бидний дунд орон сууцны түрээсийн тухай яриа болоогүй ба хэрэв тийм тохиролцоо байсан бол 2017 онд шүүхин шийдвэр гарах үед энэ мөнгөө нэхэмжлэх байсан. Мөн тухайн байранд засвар хийсний зардлыг 2017 оны шүүхийн шийдвэрээр надад олгож шийдвэрлэсэн ба би түрээс төлөх байсан бол энэ зардлаас суутгах байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар *******, ******* нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,450,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд 2013-2014 он хүртэл зөвхөн 1 жилийн хугацаанд байранд түр үнэ төлбөргүй суух, 1 жилээс дээш суухаар бол түрээс төлөхөөр тохиролцсон нь нотлогдож байхад анхан шатны шүүх талуудыг үнэ төлбөргүй суухаар тохиролцсон мэтээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хариуцагч нар үндэслэлгүйгээр байранд амьдарсан 4 жилийн хугацааг анхан шатны шүүх ямар нотлох баримт, үйл баримтад үндэслэн эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний дагуу байрандаа үнэ төлбөргүй суулгахаар тохиролцсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, шүүх талуудын тохиролцсон 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш хариуцагчид байрнаас гарахгүй 2018 он хүртэл ямар үндэслэлээр, ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр амьдарсан бэ, хариуцагч нар тохиролцсон 1 жилээс хойш 4 жил нэхэмжлэгчийн байрыг суллаж өгөхгүй, амьдарсан нь шударга ёсонд нийцэх эсэх, байрыг шударгаар эзэмшиж, ашиглаж байсан эсэхийг шүүх зөв үнэлж, дүгнэж тогтоож чадаагүй.

Хариуцагч шударга ёсны үүднээс төлбөр төлбөл зохих үйлчилгээг буюу нэхэмжлэгчийн байранд анх тохиролцсон 1 жилээс дээш хугацаагаар буюу 4 жил илүү хугацаагаар үндэслэлгүйгээр байранд амьдарсан, үйлчилгээг нэхэмжлэгчээс авсан тул зохих төлбөрийг төлөх ёстой юм. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөв тогтоож чадаагүй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримттай нийцэхгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэх ёстой хуулийн заалт буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хариуцагч нар байрны түрээсийн төлбөр төлөхгүйгээр өөрсдийн зардлыг хэмнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч хэдийд ч хэрэгжүүлэх боломжтой юм.

4.2. Шүүхийн шийдвэрт 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр уг асуудлыг өмнө шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өмнөх 2019 онд шийдвэрлэгдсэн маргаан нь энэ харилцаанаас өөр харилцаа бөгөөд нэхэмжлэгч тухайн үед 2014 онд хариуцагч нарыг 1 жилийн хугацаагаа дуусгаад байрнаас гарна байрыг чөлөөлж өгнө гэж ойлгон байраа өөр хүнд 1 жилийн хугацаагаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээ хийсэн ч хариуцагч нар байрыг чөлөөлж өгөөгүйгээс нэхэмжлэгч байраа түрээслүүлэх боломжоо алдан хохирсон асуудлыг шүүх өмнө нь шийдээгүй. Түрээсийн гэрээний маргаанаас үүссэн түрээсийн гэрээний хохирол болон үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой маргаан нь тусдаа хуулийн зохицуулалттай, хууль зүйн өөр үр дагавартай юм. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Би маргаан бүхий байранд өөрийн хүсэлтээр ороогүй. Нэхэмжлэгчийн ээж нь манай байрыг харж хамгаалаад, засвар үйлчилгээ хийгээд байж байгаач гэж хүссэний дагуу би уг байранд орсон. Тухайн үед би нэхэмжлэгчийн ээжтэй хамтарч ажиллахаар болж хагас тэрбум гаруй төгрөгийг өгсөн байсан. Нэхэмжлэгчийн ээж миний мөнгийг залилсан учраас би цагдаад өгсөн. Үүнээс болоод байрны маргаан үүссэн. Маргаан бүхий байрны төлбөрийн асуудал ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Уг хэрэг одоо 3 дахь удаагаа шүүхээр шийдвэрлэгдэхээр явж байгаа нь надад чирэгдэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан тэдгээрийн өмчлөлийн орон сууцанд 2013 оны 08 сараас 2019 оныг хүртэлх хугацаанд хөлсгүй сууж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 70,450,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талийгаач төрсөн ахын эхнэр *******ын зөвшөөрлөөр уг байранд орж суусан, энэ хугацаанд хөлсний тухай ярьж байгаагүй гэж тайлбарлан маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрөөс хойшхи хугацааны төлбөрийг хариуцагч нараас шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймээс давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас 9,158,043 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

4. ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоот ******* м.кв талбайтай ******* өрөө орон сууц нь нэхэмжлэгч *******, ******* нарын өмчлөлийн хөрөнгө бөгөөд уг сууцанд хариуцагч *******, ******* нар 2013 оны 08 сараас 2018 оны 12 сарын 07-ны өдрийн хугацаанд амьдарч байсан нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч нарыг уг сууцнаас албадан чөлөөлсөн тухай шийдвэр гүйцэтгэх байгуулагын баримтаар тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр дээрх орон сууцнаас хариуцагч *******г албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, тус байранд амьдрах хугацаандаа засвар хийсний зардлыг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн шийдвэр гарах үед уг сууцанд хариуцагч ******* эхнэр *******гийн хамт амьдарч байсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэдий ч сууцыг тэр даруй чөлөөлж өгөөгүй учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж, 2018 оны 12 сарын 07-ны өдөр *******г *******гийн хамт дээрх сууцнаас албадан чөлөөлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 01 сарын 09-ний өдөр дуусгавар болгосон нь дээрх байгууллагын дурдсан өдрүүдэд явуулсан ажиллагааны тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолоор тогтоогдсон байна.

Хариуцагч нар дээрх хугацаанд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцанд хөлс төлөлгүй амьдарсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч нар тодорхойлж, уул хугацааны төлбөрийг хариуцагч нараас шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зохицуулсан гэрээний үүрэгт хамаарах шаардлага гаргах тусгай хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч нараас шаардаагүй, харин хариуцагч нар бусдын зардлаар хөрөнгөжсөн буюу нэхэмжлэгч нарын орон сууцанд хөлс төлөхгүй амьдарсны улмаас нэхэмжлэгч нарын орон сууцаа эзэмшиж үр шимийг нь хүртэх эрхийг зөрчсөний улмаас тухайн хугацаанд ногдох төлбөрийг хуульд заасан журмын дагуу гаргуулахаар шаарджээ. Энэ тохиолдолд шаардах эрхийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа хамаарахгүй тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан шаардах эрхийн ерөнхий зохицуулалт үйлчилнэ.

Иймд нэхэмжлэгч нар 2023 оны 07 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг мөн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолоход нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас тэдний өмчлөлийн орон сууцанд 2013 оны 08 сараас 2019 он хүртэлх хугацаанд хөлсгүй сууж үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрийг шаардсан.

5.1. Хариуцагч нар 2013 оны 08 сараас 2017 оны 12 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үнэ төлбөргүй эзэмшин ашиглаж байсан учир нэхэмжлэгч нар энэ хугацааны төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарын эх *******ын зөвшөөрлийн дагуу 2013 оны 08 сараас эхлэн уг сууцыг гэр бүлийн хамт эзэмшсэн, хожим өмчлөгч нар гэрээг цуцалж орон сууцны эзэмшлийг буцаан шаардахад хариуцагч нар Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй буюу орон сууцыг буцаан өгөхөөс татгалзсан учир нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар эзэмшлээ буцаан авчээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар орон сууцыг нь эзэмшиж ашигласан хугацааны хөлсийг хариуцагч нараас шаардах эрхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд нийцсэн, мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг зөв тогтоосон байна.

Иймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарын орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан ч тэрээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, албадан чөлөөлснийг өмнө дүгнэсэн.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаартай шийдвэр гарснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ дуусгавар болж, хариуцагч орон сууцыг даруй чөлөөлж өгөх үүргийг хүлээнэ. Хариуцагч ******* энэ үүргээ биелүүлээгүй байх тул *******, ******* нарын хувьд нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг дээрх шүүхийн шийдвэр гарсны маргаашнаас буюу 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 сарын 07-ны өдрийн хугацаанд хууль бусаар эзэмшиж байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн 491.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

Энэ нь хариуцагч нар орон сууцыг гэрээний дагуу эзэмшилдээ шилжүүлэн авсан боловч гэрээ цуцлагдсанаар орон сууцыг буцаах ёстой боловч ийнхүү буцаан шилжүүлээгүй нь тэднийг орон сууцанд үнэ хөлсгүй амьдрах замаар үндэслэлгүй хөрөнгөжих шалтгаан болох ёсгүй байна. Иймээс хариуцагч нар дээрх хугацаанд орон сууцанд амьдарч үр шимийг хүртсэн тул холбогдох ашиглалтын зардлыг хариуцах учиртай. Энэ талаар Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж зохицуулсан. Энэ агуулгаар хариуцагч нар орон сууцыг үнэгүй эзэмшиж байх хугацааны үр шимийг төлөх үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч нар ******* ХХК-ийн 2023 оны 01 сарын 17-ны өдрийн ******* дугаартай тайлангаар 2013-2018 оны хугацаанд хамаарах орон сууцны хөлслөх үнэ цэнийг тодорхойлсон тайланг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Эл баримтаар орон сууцыг 12 сарын хугацаанд хөлслөхөд 2017 онд 13,700,000 төгрөг, 2018 онд 14,500,000 төгрөг байхаар тайланд тусгажээ. Үүнээс тооцоход 2017 оны 12 сарын 12-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэлх 19 хоногийн төлбөр /13,700,000:12=1,141,666. 1,141,666:31=36,827. 36,827х19/ 699,713 төгрөг, мөн 2018 оны 01 сараас 07 сарын төлбөр /14,500,000/12=1,208,333. 1,208,333х7/ 8,458,331 төгрөг болж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас /699,713+8,528,330/ 9,158,044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 61,291,956 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдээгүй хугацааны төлбөрийг хариуцагч нараас дээрх байдлаар гаргуулж шийдвэрлэсэн.

Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр хариуцагч *******гээс орон сууцанд 2018 оны 08-12 сарын хугацаанд үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжсөний төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 2018 оны 08 сараас 2019 он хүртэлх 5 сарын хугацааны төлбөр гаргуулах шаардлагын талаархи хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгааг үндэслэн энэ хугацаанд хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын энэхүү шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй учир шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг ийнхүү залруулна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг баримталсан нь нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрхийг тодорхойлоход хамааралгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01653 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 9,158,044 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс 61,291,956 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагч *******, ******* нараас 161,479 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ