| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/02251/И |
| Дугаар | 181/ШШ2016/00272 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00272
2016 оны 07 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2016/00272 Удаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааанаар,
Нэхэмжлэгч: П.Э --ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г -т холбогдох 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Б.Г ээс Хьюндай Verna accent маркийн **-**УНН улсын дугаартай автомашиныг 4 400 000 төгрөгөөр худалдан аваад машины нэрийг шилжүүлээгүй, би 2 300 000 төгрөгийг өгсөн байсан. Гэтэл энэ машиныг өөр хүнээс аваад төлбөрөө төлж дуусаагүй байхдаа надад зарсан байсан. Өмнөх эзэн нь ирээд машиныг аваад явахаар нь би Сонгинохайрхан дүүргийн цагдаад өгч миний 2 300 000 төгрөгийг залилан авсан гэж Б.Г ийг шалгуулсан.
Цагдаад шалгагдаж байх үед Б.Г дээрх мөнгөнөөс 900 000 төгрөгийг нь уг автомашины эвдрэл хорогдолд суутган, үлдэх 1 400 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр төлнө гэж 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр надтай тохиролцоод Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Үүнээс хойш 7 дугаар сард 500 000 төгрөг, 8 дугаар сард 400 000 төгрөгийг миний хаан банкны 5026394964 дугаартай дансанд хийсэн. Одоо 500 000 төгрөгийг өгөхгүй байгаа тул Б.Г ээс гаргуулан өгнө үү. Б.Г тэй утсаар ярьж удаа дараа шаардахад тодорхой хугацаа заан хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Сүүлийн үед утасаа ч авахаа болиод байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй, П.Э тухайн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол гэмтлийг арилгаагүй Б.Г миний бие Эрдэнийн эвдэлсэн машинд 1 400 000 төгрөгийн засвар хийсэн гэв.
2.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
П.Э нь бусдын өмчийн **-** УНН тоот улсын дугаартай автомашиныг 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлээр худалдан авч 2 300 000 төгрөгийн урьдчилгаа өгөн үлдэх 2 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцож уг машиныг аваад явсан. П.Э 2 сар хагасын хугацаанд уг тээврийн хэрэгслийг эвдлэн хаяж, эцэст нь мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. П.Э гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлсөн бол машиныг Эрдэнийн нэр дээр шилжүүлэх байсан. Тухайн үед 1 400 000 төгрөгийн эвдрэлийг учруулсан тухай баримтыг хавсаргаж өгсөн. Хариуцагч П.Э уг машинаар такси үйлчилгээнд явж ашиг олдог байсан. Такси эрхлэгчдийн орлого нэг өдөрт хамгийн багадаа 25000 төгрөг байдаг. Хариуцагч машин ашигласан 75 хоног гэвэл 1 875 000 төгрөг болж байна, үүн дээр машин засварын мөнгө 1 400 000 төгрөг, нийт 3 275 000 төгрөг нэхэмжлэх эрх байна. Миний зүгээс буулт хийж хариуцагчийг харж үзэн 900 000 төгрөгийг түүнээс гаргуулан өгнө үү гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй ээ учир нь:
Хариуцагч Б.Г нь **-**УНН улсын дугаартай Verna accent маркийн автомашиныг надад 4 400 000 төгрөгөөр зарах гэсэн нь үнэн. Би машины үнэнд урьдчилгаа 2 300 000 төгрөгийг төлсөн. Ганпүрэв зарж байгаа машиныхаа нэг обудыг буцаан авч машины төлбөрөөс 100 000-ыг хасах, нэхэмжлэгч П.Э би өөрийнхөө 500 000 төгрөгийн үнэтэй обудаа тавихаар болсон.
2015 оны 1 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн үед 3 дугаар хорооллын бичлийн урд машинтайгаа зогсож байтал Б.Г ирээд үлдэгдэл мөнгөө өг эсвэл би машинаа аваад явлаа гээд машинаа унаад явсан. Хэд хоногийн дараа утсаар ярихад би мөнгийг чинь буцаагаад өгнө, эзэн нь машинаа аваад явсан гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Бид хоёр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадна уулзаад П.Ганпүрэв надад 2 300 000 төгрөгийг чинь бүтнээр нь буцааж өгч чадахгүй 900 000 төгрөгийг машины элэгдэл эвдрэлд суутгаад 1 400 000 төгрөгийг бэлнээр нь 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгье, обудыг чинь өнөөдөр очоод аваад өгнө гэж тохиролцоод цагдаад өгсөн өргөдөлөө авчих гэж хэлсэн.Тэгээд бид 2 Цамбын автобусны буудлын арын нотариатч дээр ороод 1 400 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-нд өгнө гэж төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Үүнээс хойш 7 дугаар сард 500 000 төгрөг, 8 дугаар сард 400 000 төгрөг буцааж өгсөн. Одоо үүнээс үлдсэн мөнгө болох 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа юм. Б.Г ээс таксиний журмаар машин худалдаж аваагүй Б.Г такси түрээслэгч биш болохоор өдрийн 25000 төгрөгөөр тооцоо бодох учиргүй юм. Мөн тус машины эвдрэл хорогдлын мөнгө гээд миний өгсөн 2 300 000 төгрөгнөөс 900 000 төгрөгийн суутгаж авчихаад үлдэгдэл 1 400 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулчихаад дахин эвдрэл элэгдлийн мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Үндсэн нэхэмжлэлийг хангах үндэстэй.
1.Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Б.Г т холбогдуулан 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Зохигчид бусдын автомашиныг худалдсан, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч П.Э нь 2014 онд хариуцагч Б.Г ээс Хьюндай Verna accent маркийн **-**УНН улсын дугаартай автомашиныг 4 400 000 төгрөгөөр худалдан авахаар аман хэлцэл хийж 2 300 000 төгрөгийг өгч, үлдэх төлбөрийг тодорхой хугацааны дараа хийхээр уг автомашиныг худалдан авчээ.
Б.Г нь зарж байгаа машиныхаа нэг обудыг буцаан авч машины төлбөрөөс 100 000-ыг хасах, нэхэмжлэгч П.Э би өөрийнхөө 500 000 төгрөгийн үнэтэй обудаа тавихаар ярилцаж Хьюндай Verna accent маркийн **-**УНН улсын дугаартай автомашиныг 4 300 000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна./хх-ийн 3,13, 23–р хуудас/
Бусдын өмчлөлийн Хьюндай Verna accent маркийн **-**УНН улсын дугаартай автомашиныг П.Э д худалдаж, уг автомашины бичиг баримтуудыг худалдан авагчид шилжүүлээгүй 2 300 000 төгрөгийг авсан Б.Г ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. /хх-ийн17,18,29-50-р хуудас/
Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаартай тогтоолоор яллагдагч Б.Г нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч П.Э д учирсан 2 300 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч П.Э нь яллагдагч Б.Г тэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдэгджээ./ХХ-ийн 49-50-р хуудас/
Хариуцагч Б.Г нь Дүүргийн 2 дугаар прокурорын газарт шалгагдаж байхдаа буюу 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч П.Э эс авсан 2 300 000 төгрөгний 900 000 төгрөгийг уг автомашины эвдрэл хорогдолд суутган үлдэх 1 400 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын15-ны өдөр өгөхөөр тохиролцон төлбөр барагдуулах хэлцэл хийж нотариатчаар батлуулан үүнээс хойш мөн оны 7 дугаар сард 500 000 төгрөг, 8 дугаар сард 400 000 төгрөг буцааж өгсөн болох нь зохигчдын тайлбар, төлбөр барагдуулах хэлцэл, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 215 дугаартай тогтоол болон бусад баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 3,23,40,42-43-р хуудас/
Иймээс үлдэгдэл төлбөр болох 500 000 төгрөгийг Б.Г ээс гаргуулан П.Э д олгох үндэстэй байна.
2. Сөрөг нэхэмжлэлийг хангах үндэсгүй байна.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч П.Эд холбогдуулан 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч П.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч П.Э ийн хариуцагчид өгсөн 2 300 000 төгрөгнөөс 900 000 төгрөгийг уг автомашины элэгдэл хорогдол, засварт суутган авч үлдэгдэл 1 400 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд уг автомашинаар такси үйлчилгээнд явж олсон орлого болон автомашины элэгдэл хорогдол, засварт 900 000 төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 115.2.3., 116,118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.Г ээс 500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулан П.Э д олгож, 900 000/есөн зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19550 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 19550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО