Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00589

 

 *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 10 сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай,

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: *******, *******, ******* нар өмнөх үүргийн харилцааг сольж, дуусгавар болгох зорилгоор 2022 оны 10 сарын 18-ны зээлийн гэрээ, *******, ******* нар ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Харин дээрх гэрээнүүдийг баталгаажуулан бүртгэх явцад иргэн ******* нь зээлийн гэрээний 1 хувийг авч ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ боловсруулж бичиж байх явцад гарч яваад, эргэж ирээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул албан ёсоор *******, ******* нар дээрх 2 гэрээг байгуулаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 42.10-т заасныг үндэслэн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлтэй. *******, ******* нар харилцан тохиролцож, 2024 оны 01 сарын 05-ны өдөр ******* нь ******* ХХК-ийн өөрийн эзэмшдэг 17 хувийн хувьцаагаа компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн болно. Иймд, *******, ******* нарын байгуулсан 2022 оны 10 сарын 18-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Эхний гэрээний явцад нотариат дээр очиход материал дутуу байна гээд ******* материалд явсан. Тэр үед надад ажил гарсан. Нэгэнт хүлээж амжихгүй байсан учраас би гараад явсан. Нотариатч нь буцаад ирээрэй гэхэд нь ажил амжихгүй байсаар 2-3 хоног болсон. Дараа нь хүчингүй гэдэг байдлаар над руу янз бүрийн мессеж бичиж байсан. Өмнө шүүхээр ороод асуудал шийдэгдсэн. Тухайн үед ******* хариуцагч байсан. Сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаагаа шилжүүлмээр байна гэхэд нь 2024 оны 01 сард шилжүүлсэн. Би гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар *******, ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 18-ны өдөр байгуулагдсан 1338 бүртгэлийн дугаартай, Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ гэрээ, 1339 дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 140,400 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Миний бие шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн хуульд заасан бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээр баталгаажуулаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй байхад хэлцэл гэж үзэн, тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан. Нэхэмжлэлийг ******* ХХК гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь 2 иргэний хооронд гэрээ байгуулагдах үе шатанд үүссэн асуудал байдаг. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Маргааны үндэслэл нь компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ. Энэ гэрээнд нэг талаас ******* ХХК нөгөө талаас хариуцагч оролцож байсан. Тийм учраас ******* ХХК нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан. Шүүх хуралдаанд хариуцагч энэ гэрээн дээр албан ёсоор гарын үсэг зураагүй, нотариатад хүсэл зоригоо илэрхийлээд очоод, гэрээ хэвлэгдэж байх үед би явчихсан. Би гарын үсэг зураагүй учраас хийгдээгүй гэрээ гэж тайлбарладаг. Нотариат цахим гарын үсгээр нь гэрээг гаргасан учраас гарын үсэг зурснаар харагдаж байгаа. Шүүх дээр энэ асуудлыг хэлэлцэхэд нотариатч энэ гэрээг гэрчлүүлэхээр ирээд ******* нь гарын үсэг зурахгүйгээр гараад явсан. Албан ёсоор гэрчлэгдээгүй, батлагдаагүй гэрээ гэдэг тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. Энэ хүн гэрээнд албан ёсоор гарын үсэг зураагүй гэж хэлсэн учраас Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн тийм учраас энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно гэж дүгнэлт хийж гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******-д холбогдуулан 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 1338 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 1339 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... гэрээ боловсруулж бичиж байх явцад гарч яваад ******* нь эргэж ирээгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй тул албан ёсоор *******, ******* нар нь дээрх 2 гэрээг байгуулаагүй болно ... гэсэн тайлбар, мөн хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... тухайн үед гэрээнд би гарын үсэг зураагүй ..., ... Тэр үед надад ажил гарсан. Нэгэнт хүлээж амжихгүй байсан учраас би гараад явсан ... гэсэн тайлбар зэргээр талууд 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 1338 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 1339 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд тус тус гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон.

4. Иймд, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан тул *******, ******* нарын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдаагүй гэж үзнэ.

Нэгэнт байгуулагдаагүй гэрээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул буцаах үр дагавар байхгүй. Түүнчлэн, байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй.

5. Нэхэмжлэгч нь дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үр дагаврыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/00932 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 210/МА2024/00897 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, *******ээс үндэслэлгүй гаргуулсан 27,500,000 төгрөгийг хасуулах гэж тайлбарлаж байна.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар *******, ******* болон ******* нарын хооронд үүссэн гэрээний эрх, үүрэгтэй холбоотой асуудлыг дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх тул давж заалдах шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

6. Иймд, ... бичгийн хэлбэрээр хэлцэл хийгдээгүй, гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээр баталгаажуулаагүй байхад хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн ... гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00838 шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хариуцагч *******-д холбогдуулан гаргасан, 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 1338 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, мөн өдрийн 1339 бүртгэлийн дугаартай Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР  

Д.НЯМБАЗАР