Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 5251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 24, Рокмон бюлдинг хаягт байрлах, “Рокмон” ХХК /РД:2078228/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Кёкүшю цамхаг, 701 тоотод байрлах, “Ганхөлөг констракшн” ХХК /РД:2734621/

            Гэрээний үүрэгт 31.095.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Рокмон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-ийн захирал Б.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Рокмон ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Рокмон ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ганхөлөг констракшн ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах тээвэрлэх 15/07 дугаартай гэрээ байгуулж 19.530.000 төгрөгийн бетон зуурмагийг гэрээний хугацаанд нийлүүлсэн ба бетон шахагч машинаар 1.200.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн. Гэтэл гэрээ байгуулж бүтээгдэхүүн нийлүүлснээс хийш Рокмон ХХК-нд хариуцагч нь нэг ч төгрөг төлөөгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар биет байдлын доголдолгүй багааг шилжүүлсэн, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээнд заасан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ буюу хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр тохирсон. Иймд хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-наас бетон зуурмагийн үнэ 19.530.000 төгрөг, бетон шахагч машины үйлчилгээ 1.200.000 төгрөг, алданги 10.365.000 төгрөг нийт 31.095.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ганхөлөг констракшн ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ганхөлөг констракшн ХХК нь Рокмон ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх 15.0/ дугаартай гэрээ байгуулж 19.530.000 төгрөгний бетон зуурмагийг худалдан авсан ба бетон шахагч машинаар 1.200.000 төгрөгийн үйлчилгээг авсан. Материал болон ажлын хөлс нийт 20.730.000 төгрөг болсон бөгөөд бид тухайн үнэн дээр 4.270.000 төгрөг нэмж нийт 25.000.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр эвлэрлийн гэрээ байгуулах тайлбар хүргүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-ийн захирал Б.Ганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Рокмон ХХК-тай бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх 05/07 дугаартай гэрээ байгуулсан. 19.530.000 төгрөгний бетон зуурмагийг хүлээн авч, бетон шахагч машинаар 1.200.000 төгрөгийн үйлчилгээ авсан нь үнэн. Ганхөлөг констракшн ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Сонгинохайрхан дүүрэгт 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн ажил хийсэн боловч санхүүжилт орж ирээгүй. Ажлын санхүүжилт орж ирэхэд 20.730.000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

             

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Рокмон ХХК нь хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 31.095.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Ганхөлөг констракшн ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Рокмон ХХК-тай чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг худалдан авах болон тээвэрлэх гэрээ байгуулж бетон зуурмагийн үнэ 19.530.000 төгрөг, бетон шахагч машины үйлчилгээ 1.200.000 төгрөг нийт 20.730.000 төгрөгийг төлөөгүй болох нь 15/07 дугаартай гэрээ, бүтээгдэхүүний дагалдах падаан, зохигчийн тайлбар гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч нь Бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний хувьд маргаантай гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул эсрэг талын тайлбарыг эсэргүүцээгүй гэж үзээд хэлцлийн хувьд маргаангүй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Хариуцагч гэрээний үүрэг 20.730.000 төгрөг төлөхийг зөвшөөрч алдангийг төлөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч 15/07 дугаартай Бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний 2.9 захиалагч тал нь нэхэмжлэл, тооцоо нийлсэн актын дагуу 2015 оны 06 дугаар сарын 10-ны дотор багтаан төлбөрийг Голомт банкны төгрөгийн 1601262550 тоот дансанд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай, 6.2 захиалагч тал нь энэхүү гэрээний 2.9-д азасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тохирсоноор алданги төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Иймд хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-наас бетон зуурмагийн үнэ 19.530.000 төгрөг, бетон шахагч машины үйлчилгээ 1.200.000 төгрөг, алданги 10.365.000 төгрөг нийт 31.095.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Рокмон ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

  

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-иас 31.095.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Рокмон ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.430 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ганхөлөг констракшн ХХК-иас 313.430 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Рокмон ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА