Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00658

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Төрд учирсан хохирол болох 18,980,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2021 оны 10 сарын 19-ний өдрийн Б/200 дугааp тушаалаар тус газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын дарга *******г төрийн албанаас чөлөөлсөн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/00368 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 00489 дугаар магадлалаар *******г Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн.

1.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 11 сарын 27-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 18,980,400 төгрөгийг *******д олгосон.

Иймд *******ы хууль бус шийдвэрийн улмаас төрд хохирол учирсан учраас 18,980,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хүчинтэй байх хугацаанд түр хугацаагаар томилогдон ажиллаж байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалд *******г ямар үндэслэл шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгааг тодорхой тусгасан.

*******өөс гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар шинээр байгуулагдсанаар тухайн газрын дарга, агентлаг нь газар нэртэй доорх нэгжүүд нь мөн газар нэртэй байсан. Эмийн аюулгүй байдал, тандалт, судалгааны газрын даргаар ажиллахад тавигдах тусгай шаардлагыг нь ангиллын хувьд эрхэлсэн түшмэлийн албан тушаал байсан. ******* нь ангиллын шаардлагыг хангаагүй, ахлах түшмэлээр тодорхой хуульд заасан хугацаанд ажиллаж байж хуулийн дагуу эрхэлсэн түшмэлийн албан тушаалыг хаших ёстой байсан.

2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс *******г ажлаас чөлөөлсөн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шинээр ажилд орсон, уг асуудлыг мэдэхгүй хүнийг томилж оролцуулсан. Энэ нь өмнө нь ажиллаж байсан дарга дараа нь ажил авсан дарга нарын хооронд ажил хэргийн хувьд хоорондоо үл ойлголцсон асуудлууд үүссэнтэй холбоотой байсан.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас төрд учруулсан хохирол болох 18,980,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 252,852 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтад зөв үнэлэлт, дүгнэлт хийхгүйгээр, хэргийг шийдвэрлэсэн.

*******гийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр өөр шийдвэр гаргасан тул хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, Улсын дээд шүүхэд гомдол гаргах боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй. Төрийн алба өөрийн гаргасан шийдвэрээ хуульд заасны дагуу гурван шатны шүүхээр хамгаалах үүргээ биелүүлээгүй.

4.2. ******* нь тухайн үед ажиллаж байсан агентлагийн даргаас хохирол нэхэмжилж, уг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч ******* миний бие хэрэв Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт даргын албан үүргээ биелүүлж байсан бол *******гийн нэхэмжлэл гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж, хуульд заасан эрхээ эдлэх боломжтой байсан. Гэвч тухайн үед тус газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2022 оны 07 сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй нь хариуцагч *******ыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга ёсыг баримталж шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шууд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх болон нэхэмжлэгч нь *******гийн нэхэмжлэлийг шийдвэрлэх үед ажил үүргээ гүйцэтгэж байсан албан тушаалтны хуульд заасан үүргээ биелүүлээгүйн хариуцлагыг *******д үүрүүлж, шударга бус шийдвэр гаргасан. Мөн шүүх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, Иргэний хуулийн 497-498 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. ******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. ******* гэдэг хүнийг ******* даргын 200 дугаар тушаалын дагуу төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлыг Захиргааны хэргийн хоёр шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн *******г ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж үзэж байна.

 

5.2. Хариуцагчийн гаргасан эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцах ёстой учраас ******* нь төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөөгүй тул хохирлын хэмжээг *******аас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн хуулийн 50 дугаар зүйлд төрийн жинхэнэ томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол гэж заасан. 2022 оны 07 сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг төрийн албан хаагчийг чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг шүүхээс хууль бус гэж тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг ******* бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ гэж нэмэлт өөрчлөлт оруулсан гэж тайлбарладаг боловч уг зохицуулалт анхнаасаа байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсгийг үндэслэн 498.3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг төр хариуцна. Төр хариуцах хохирлын тохиолдол болон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт өөрт учирсан хохирлыг буцаан төлүүлэх нь хоёр өөр асуудал байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг дурдсан бөгөөд уг нөхцөл байдлын талаар талууд маргадаггүй. *******д 18,980,400 төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж олгосон.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө *******д удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдэлд таны гаргасан шийдвэрийн эрх зүйн үр дагаврын үүднээс хохирол гарсан тул нөхөн төлнө гэж хугацаа заасан боловч хүлээн зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төрд учирсан хохирол 18,980400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. ******* нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар ажиллах байхдаа 2021 оны 10 сарын 19-ний өдөр Б/200 дугаартай тушаал гарган, Эмийн аюулгүй байдал, тандалт, судалгааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч *******г ээлжийн амралтын хуваарьт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, 7 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр 2021 оны 10 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх-6/

3.2. Ажилтан ******* дээрх тушаалыг эс зөвшөөрч, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 сарын 19-ний өдрийн Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/200 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,980,359 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 00368 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-8-22/

3.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 489 дугаар магадлалаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх23-30/

3.4. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны 08 сарын 09-ний өдрийн Б/246 дугаар тушаалаар *******г урьд эрхэлж байсан эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2023 оны 11 сарын 27-ны өдөр 18,980,359 төгрөгийг олгожээ. /хх7, 31/ Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрд учруулсан хохирлыг хариуцагч *******аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг хэрэглэх тохиолдолд хариуцагч *******ы шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байх учиртай.

 

4.1. Хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 489 дугаартай магадлалд ...******* нь Ковид өвчний халдвар авснаас шалтгаалж эх орондоо ирэх хугацаа хойшлогдсон, мөн олон улсын нислэгүүд цуцлагдаж хойшлогдсон, тухайн үед мөрдөж байсан Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 51 дугаар тушаалын дагуу гадаадаас зорчин ирсэн иргэдийг 14 хоногоор тусгаарлалтад байлгах журам үйлчилж байсан учраас ******* хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжийн амралтаа эдэлж дуусаад 2021 оны 09 сарын 11-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон. гэж дүгнэсэн байна. /хх23-30/

 

4.2. Мөн ******* нь тухайн үед цахим шуудан ашиглаж хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа ажилдаа орох боломжгүй талаар буюу Ковид-19 вирусын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Улаанбаатар хотод ирээд 7 хоног гэртээ тусгаарлагдах болсон гэдгээ хариуцагч байгууллагын дэд дарга *******, ******* нарт мэдэгдсэн болох нь 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 16 дугаартай Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын шуурхай хурлын тэмдэглэлд тусгагдсан тайлбараар тогтоогджээ. /хх49-50/

Дээрхээс дүгнэхэд, хариуцагч ******* нь ажилтан *******гийн ажилдаа ирээгүй шалтгаан нөхцөлийг бодитоор шалган тодруулахгүйгээр ажлаас чөлөөлсөн үйлдэл нь илтэд болгоомжгүй гэм бурууг хэлбэрт хамаарч байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоохдоо хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Мөн хариуцагч *******аас гэм хорын хохиролд 18,980,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна. Иймд шүүх хэргийн нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх томилогдсон иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Улмаар зохигчийн зөвшөөрлийг үндэслэн түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийн заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/05037 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,252 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД