Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 242

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,   

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч Г.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Б овогт Г.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903003930216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Д, /РД:..../ 1988 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тайван гал” ХХК-ний “Үүрийн туяа” хүнсний дэлгүүрт туслах ажилтан ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Д 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Улаанбаатар төмөр замын 263 дугаар галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Өртөөнд буухдаа иргэн Б.Нын гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Дархан сум руу суудлын

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.5\Shiitgeh togtool-Darkhantuya-17.5.docx

галт тэргээр ирж байсан. Тухайн үед хоёр хүүхдийг унтуулаад миний бие бас унтаж амарсан. Унтаж амраад галт тэргээс буух үед миний гутлын хажууд нэг ширхэг гар утас хэвтэж байсан. Гутлаа өмсөөд галт тэргээс буух үедээ хамт аваад буусан. Тэгтэл хохирогч өөрийнхөө гар утас руу залгасан. Тэгээд би уг утсыг олсон юм чинь гэж бодсон. Тэгтэл смс ирсэн. Түүн дээр таныг цагдаад өглөө гэж бичсэн байсан. Тухайн үед шөнө болсон байсан тул өглөө уг утсыг өгье гэж бодсон. Тэгтэл өглөө нь уг гар утас унтарсан байсан.

...Тухайн үед гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Цаашид ийм зүйл хийж болохгүй гэдгийг ойлгосон” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1903003930216 дугаартай хэргээс

 

-Самсунг А-6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт[1],

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[2],

 

-Хохирогч Б.Нын хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Салхит өртөөнөөс суудлын 263 дугаар галт тэрэгний 7 дугаар вагонд шөнө 00:56 минутад ороод ...унтсан юм. Тэгээд би өөрийн 2018 оны А-6 маркийн гар утсаа оролдож байгаад хажуудаа ил бариад унтсан. Би Дарханд вагон ирээд тоормослох үед сэрэхэд миний гар утас байхгүй байсан. Би гар утсаа тэр хавиар хайсан. Доошоо буугаад хүмүүс бууж байхад нь би гар утсаа алдчихлаа гээд ...1 ахын гар утсыг гуйж аваад өөрийнхөө 99311767 дугаар луу залгахад аваагүй, дахиад залгасан чинь нэлээн дуудуулж байгаад авсан. Би эгчээ утсаа авъя гэж хэлэхэд тэг тэг миний дүү ирээд утсаа ав гэж хэлсэн. Намайг Дарханы хуучин захын түүхий эд авдаг газарт ирээд ав гээд худлаа яриад миний утсыг унтраасан. Дахиад залгахад холбогдоогүй. Би 7 дугаар вагоны үйлчлэгчид хэлээд цаашаагаа цагдаад хэлсэн. Би тухайн үед хамт явсан хоёр эмэгтэйг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг[3],  

 

-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.Нын эзэмшлийн 2018 оны Самсунг А-6 маркийн гар утас алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 840.000 /найман зуун дөчин мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],

 

-Г.Дгийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүний орхичихсон эд зүйлийг авах нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Хуулийн зүйл ангийг ойлгож байна. ...шөнийн 2 цаг болчихсон Дархан өртөөн дээр ирчихсэн хүмүүс буух гэж байсан. Би унтахдаа гутлаа тайлаад орны хажуу талын ширээн дор тавьчихсан байсан юм. Тэгээд гутлаа өмсөх гэхэд гуталны хажуу талд газарт нэг гар утас хэвтэж байсан. Тэгэхээр нь л шууд тэр гар утсыг аваад Дархан өртөөн дээр буучихсан юм. Буугаад алхаж явахад уг утас дуугарахаар нь утсыг авахад нэг эрэгтэй хүн би наад утасны чинь эзэн байна, би тань дээр очъё, эсхүл та хүрч ирээд өгчих гэхээр нь чи өөрөө ирээд авчих гэж хэлсэн. Тэгж ярьсны дараа би ер яагаад хаясан юмыг нь өгөх ёстой юм, ингээд нэг утастай болчхож байгаа юм биш үү гэж дотроо бодоод дахиж залгахаар нь таслаад гэртээ харьсан. .” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Г.Дгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

                                                                                                                                                                        

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Д 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Улаанбаатар төмөр замын 263 дугаар галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Дархан-Өртөөнд буухдаа иргэн Б.Нын гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 840.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Самсунг А-6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт[6],

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[7],

 

-Хохирогч Б.Нын хэрэг бүртгэлтэд 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “... Би 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Салхит өртөөнөөс суудлын 263 дугаар галт тэрэгний 7 дугаар вагонд шөнө 00:56 минутад ороод ...унтсан юм. Тэгээд би өөрийн 2018 оны А-6 маркийн гар утсаа оролдож байгаад хажуудаа ил бариад унтсан. Би Дарханд вагон ирээд тоормослох үед сэрэхэд миний гар утас байхгүй байсан. Би гар утсаа тэр хавиар хайсан. Доошоо буугаад хүмүүс бууж байхад нь би гар утсаа алдчихлаа гээд ...1 ахын гар утсыг гуйж аваад өөрийнхөө 99311767 дугаар луу залгахад аваагүй, дахиад залгасан чинь нэлээн дуудуулж байгаад авсан. Би эгчээ утсаа авъя гэж хэлэхэд тэг тэг миний дүү ирээд утсаа ав гэж хэлсэн. Намайг Дарханы хуучин захын түүхий эд авдаг газарт ирээд ав гээд худлаа яриад миний утсыг унтраасан. Дахиад залгахад холбогдоогүй. Би 7 дугаар вагоны үйлчлэгчид хэлээд цаашаагаа цагдаад хэлсэн. Би тухайн үед хамт явсан хоёр эмэгтэйг сэжиглэж байна.” гэх мэдүүлэг[8]

 

-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Б.Нын эзэмшлийн 2018 оны Самсунг А-6 маркийн гар утас алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 840.000 /найман зуун дөчин мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[9],

 

-Г.Дгийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүний орхичихсон эд зүйлийг авах нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Хуулийн зүйл ангийг ойлгож байна. ...шөнийн 2 цаг болчихсон Дархан өртөөн дээр ирчихсэн хүмүүс буух гэж байсан. Би унтахдаа гутлаа тайлаад орны хажуу талын ширээн дор тавьчихсан байсан юм. Тэгээд гутлаа өмсөх гэхэд гуталны хажуу талд газарт нэг гар утас хэвтэж байсан. Тэгэхээр нь л шууд тэр гар утсыг аваад Дархан өртөөн дээр буучихсан юм. Буугаад алхаж явахад уг утас дуугарахаар нь утсыг авахад нэг эрэгтэй хүн би наад утасны чинь эзэн байна, би тань дээр очъё, эсхүл та хүрч ирээд өгчих гэхээр нь чи өөрөө ирээд авчих гэж хэлсэн. тэгж ярьсны дараа би ер яагаад хаясан юмыг нь өгөх ёстой юм, ингээд нэг утастай болчхож байгаа юм биш үү гэж дотроо бодоод дахиж залгахаар нь таслаад гэртээ харьсан. .” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Д нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Г.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Дг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Г.Д нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Г.Дг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

 

Хохирогч Б.Н нь гээгдүүлсэн гар утсаа буцаан хүлээн авсан[11] байх тул шүүгдэгч Г.Дгаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. 

Шүүгдэгч Г.Д нь бага насны хүүхэдтэй тул торгох ялын доод хэмжээгээр торгож, хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Д нь 7-11 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг хувийн байдалтай байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 10 /арван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 /дөчин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г.Д-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Дд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45.000 /дөчин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР            

 


[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2] Хавтаст хэргийн 7 тал

[3] Хавтаст хэргийн 6 тал

[4] Хавтаст хэргийн 19-20 тал

[5] Хавтаст хэргийн 30-31 тал

[6] Хавтаст хэргийн 5-6 тал

[7] Хавтаст хэргийн 7 тал

[8] Хавтаст хэргийн 6 тал

[9] Хавтаст хэргийн 19-20 тал

[10] Хавтаст хэргийн 30-31 тал

[11] Хавтаст хэргийн 17 тал