Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00591

 

   ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 175,021,134 төгрөг гаргуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: Тус ББСБ нь хариуцагч *******тай 2016 оны 10 сарын 25-ны өдөр ЗГМ16/64 тоот зээлийн гэрээ байгуулж, 193,500,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн өдөр ФГМ16/64 тоот фидуцийн гэрээ байгуулж, ******* маркийн автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ байнга зөрчсөн. Зээлдэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр шаардаж, мэдэгдэл, шаардлага явуулсан боловч үр дүн гараагүй. Эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн 4 удаагийн төлөлтөд 24,043,784 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс өөрөөр төлбөр төлөөгүй. 2018 оны 01 сард *******тай харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө болох ******* маркийн автомашиныг 2018 оны 04 сарын 13-ны өдөр зах зээлийн үнээр буюу 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Тухайн өдрөөр фидуцийн зүйл худалдан борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал нийт 7,380,479 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, өмгөөлөл хууль зүйн төлбөр 5,502,326 төгрөг, автомашины зогсоолын төлбөр 870,000 төгрөг, тээврийн хэрэгслийн даатгалын хураамж 472,087 төгрөг, бензин оношилгооны төлбөрт 60,000 төгрөг, фидуцийн зүйл худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 100,000 төгрөг, татвар торгуулийн төлбөрт 305,866 төгрөг байсан ба тухайн өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 6,349,534 төгрөг, зээлийн хүү 35,636,989 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 183,410,902 төгрөг, нийт 232,777,905 төгрөг байсан. Фидуцийн гэрээний зүйл борлуулсны орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээний 2.9-д заасны дагуу 160,000,000 төгрөгийг фидуцийн зүйл худалдан борлуулах болон хадгалан хамгаалахтай холбогдон гарсан бусад зардал 7,380,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,349,534 төгрөг, зээлийн хүү 35,636,989 төгрөг, үндсэн зээл 110,632,996 төгрөгт тус тус тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 72,777,905 төгрөг болсон. Фидуцийн гэрээний зүйлийг худалдан борлуулснаас хойш хариуцагч нь ямар ч төлөлт хийгээгүй. ******* ХК болон Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор хариуцагч ******* нь ******* хорих ангид хоригдож байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж, улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 27-ны өдрийн 181/ШШ2024/02612 тоот шүүгчийн захирамж гарсан. Тиймээс ББСБ нь 2016 оны 10 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, 2024 оны 10 сарын 18-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжлэл гаргаж байна.

Иймд, хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн төлбөр 72,777,905 төгрөг, зээлийн хүү 85,526,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,353,944 төгрөг, өмгөөлөл хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,008,184 төгрөг, нотариатын төлбөр 104,600 төгрөг, орчуулгын хөлс 74,000 төгрөг, 3 удаа хариуцагчийг эрэн сурвалжлуулахад хамаарах улсын тэмдэгтийн хураамж 175,500 төгрөг, нийт 175,021,134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Хариуцагч миний бие 2016 оны 10 сарын 25-ны өдөр ******* компаниас 210,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан ******* маркийн автомашиныг тухайн үед ******* ХХК-д 21,000,000 төгрөгийн урьдчилгаа төлж, 90 хувь болох 189,000,000 төгрөгт лизингийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтөд 24,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэх үндэслэлээр тус ББСБ нь 2018 оны 01 сард тухайн автомашиныг хураан авч, надтай огт харилцан тохиролцолгүй дур мэдэн 160,000,000 төгрөгөөр худалдсан байсан. Энэ талаар надад мэдэгдсэн бол 180,000,000-190,000,000 төгрөгт зарж борлуулах бүрэн боломжтой байсан. Миний төлсөн 45,000,000 төгрөг дээр уг машиныг худалдсан орлого болох 160,000,000 төгрөгийг нэмэхэд нийт 205,000,000 төгрөг болж байгаа ба тус байгууллагын зээлдүүлсэн гэх 189,000,000 төгрөг нь хангалттай төлөгдөж барагдсан байтал 175,000,000 төгрөг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлд зээлдэгч *******тай харилцан тохиролцож 160,000,000 төгрөгөөр зарсан гэж бичсэн байна. 2018 оны 01 сард энэ автомашиныг надаас хурааж авсан өдөр зээлийн үүрэг дууссан гэж ойлгуулсан. Тус автомашиныг хурааж авснаас хойш хэдэн төгрөгөөр зарах талаар надаас зөвшөөрөл аваагүй, надтай тийм юм яриагүй. Миний бие 2018 оны 06 сард Хятад улсад ажлаар яваад Ковидын улмаас Монгол руу буцаж орж чадаагүй байсаар 2021 оны 06 сард орж ирсэн. Түүнээс хойш энэ зээлийг төлөхөөс зайлсхийж, зээлээ төлөөгүй тохиолдол надад байгаагүй. Компанитай холбоотой асуудлаар 2023 оны 11 сар хүртэл хугацаанд шалгагдаж байгаад 7 жилийн ял аваад одоо цагдан хоригдож байна. Аль хэдий нь дууссан зээлийн гэрээг дахин гаргаж ирээд өмнөх авсан зээл, автомашины үнээс 2 дахин мөнгө нэхэмжилж байгаа нь шударга бус байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 175,021,134 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,033,056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлж чадаагүй, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт өгөөгүй алдаа гаргасан тул давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв фидуцийн зүйлийн үнэ нь ийнхүү хангуулж хүрэлцээгүй бол үлдсэн өрийг үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч төлж дуусгах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасантай тус тус нийцнэ.

4.2. Зээлдэгч зээлийн эргэн төлөлт хийх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, улмаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зээлдүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд харин дээр дурдсаны дагуу фидуцийн гэрээ дуусгавар болсон үйл баримт, нөхцөл байдал нь зээлийн гэрээ буюу зээлдэгч, нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүргийг шууд бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл болох ёсгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт ёсоор бол барьцаа автомашин буюу фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулсан тул фидуцийн зүйлээр үндсэн үүрэг хангагдсан, тиймээс нэхэмжлэл үндэслэлгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй, хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл баримтыг огт харгалзан үзэлгүйгээр, тодорхой бус, хийсвэр дүгнэлт хийх замаар шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулсны дараа үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хэргийн үйл баримт, нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт хийлгүй, үнэлэлт өгөлгүй фидуцийн зүйлийг бусдад зарсан, тиймээс зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж хэт ерөнхий, бодит бус дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Шүүх тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан тул зээлийн төлбөрийн үндсэн үүрэг хангагдсан, тиймээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуух үүрэг буюу зээлдэгч төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх боловч, фидуци дуусгавар болсноор үндсэн үүрэг буюу зээлийн гэрээ шууд дуусгавар болно гэж дүгнэж байгаа эсэх, эсвэл энэ хэрэг дээр фидуцийн зүйлийг зарж борлуулсан дүн нь тухайн үед гүйцэтгээгүй байсан нийт үүргийн дүнд хүрэлцсэн гэж дүгнэж байгаа эсэх, бүр нөгөө талаас фидуцийн зүйлийг хямд үнээр зарсан эсэх асуудал, эсвэл фидуцийн зүйлийг зарж борлуулсан дүнгээс үүрэг гүйцэтгэх, суутган төлүүлэх дүн, дараалал буруу байсан эсэх асуудлыг дүгнэж байгаа эсэх гэх мэт хэргийн үйл баримт, нотлох баримт, зээлийн дүнгийн тооцоолол, талуудын гэрээний дагуу эдлэх эрх, үүрэгтэй холбоотой харилцаа, хууль хэрэглээний хувьд туйлын тодорхой бус, ойлгомжгүй шийдвэр болжээ.

4.4. Нэхэмжлэгч нь 2018 оны 04 сард фидуцийн зүйл болох автомашиныг зарж борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч зээлийн нийт өрөнд хүрэлцээгүй, зээлийн үндсэн дүнгээс үндсэн зээл 72,777,905 төгрөгийн төлбөр үлдсэн. Хариуцагч нь үлдсэн зээлийн үлдэгдэл төлбөр, түүнийг төлж дуусгах хүртэлх хугацаанд хамаарах зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуульд заасан үндэслэлийн дагуу төлөх ёстой бөгөөд энэ нь зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, эцэслэн шийдвэрлүүлэх хүртэлх хугацаагаар тасалбар болох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

4.5. Нэхэмжлэгчээс үлдсэн өр 72,777,905 төгрөгийг 2018 оноос хойш хариуцагчаас шаардаж, удаа дараа арга хэмжээ авч ажилласан боловч ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаяг дээрээ бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэх мэт шалтгаанаар удаа дараа нэхэмжлэл буцаагдаж, хариуцагчийг 3 удаа эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч байсан ба үүний дагуу хаяг тогтоогдож, сүүлд 2024 оны 10 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 451, 452, 453, 235 дугаар зүйлд заасныг тус тус буруу тайлбарлаж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан зохицуулалтын хэрэглээнд дүгнэлт өгөлгүй, мөн хэргийн нөхцөл байдал, үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэлгүй, бодит бус, хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангахгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас гэрээний үүрэгт нийт 174,891,929 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 72,777,905 төгрөг, зээлийн хүү 85,526,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,353,944 төгрөг, өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө авсны төлбөр 1,008,184, нотариатын зардал 104,600 төгрөг, орчуулгын зардал 74,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 175,500 төгрөг, нийт 175,021,134 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...фидуцийн зүйлийг нэхэмжлэгч бодитоор гаргуулан авснаар үүрэг дуусгавар болсон гэж ойлгуулсан, фидуцийн зүйлийг худалдан борлуулах үнийг огт зөвшилцөөгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2016 оны 10 сарын 25-ны өдөр ЗГМ16/64 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь (хуучнаар ******* ХХК) 193,500,000 төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.2. Мөн өдөр талууд ФГМ16/64 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор ******* маркийн, ******* улсын дугаартай автомашиныг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нөхцөлийг харилцан тохиролцсон;

3.3. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 11 сарын 27-ны өдрөөс 2017 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 10,089,097 төгрөг, зээлийн хүүнд 13,954,687 төгрөг, нийт 24,043,784 төгрөгийг төлсөн;

3.4. Зээлдүүлэгч ******* ХХК нь фидуцийн зүйл болох ******* маркийн, ******* улсын дугаартай автомашиныг 2018 оны 01 сард бодитоор гаргуулан авч, улмаар 2018 оны 04 сарын 13-ны өдөр бусдад 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан;

3.5. Зээлдүүлэгч ******* ХХК нь фидуцийн зүйлийг бусдад худалдан борлуулсан 160,000,000 төгрөгөөс фидуцийн зүйлийг хадгалах, хамгаалах болон бусад зардалд 7,380,479 төгрөг, үндсэн зээлд 110,632,996 төгрөг, зээлийн хүүнд 35,636,990 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,349,535 төгрөг, нийт 124,907,688 төгрөгийг суутган тооцсон.

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулсан гэж зөв дүгнэж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.  

5. Магадлалын хянавал хэсгийн 3.4-т дурдсанчлан нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, бусдад 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний онцлог нь уг гэрээ байгуулагдмагц үүргийн гүйцэтгэл хангагддагт оршино.

Үүнтэй холбоотойгоор зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авах эрхээ хэзээ хэрэгжүүлэх буюу зээлийн гэрээний үүргийн зөрчлийг аль хүртэл явуулаад автомашиныг бодитойгоор гаргуулан авах нь шүүхийн оролцоогүйгээр зээлдүүлэгчийн хүсэл зоригоор шийдэгддэг тул ...фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан боловч өр үлдсэн, энэхүү өрийг төлж барагдуулах нь хуульд нийцнэ... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь ийнхүү фидуцийн зүйл болох ******* маркийн, ******* улсын дугаартай автомашиныг 2018 оны 01 сард бодитоор гаргуулан авч, улмаар 2018 оны 04 сарын 13-ны өдөр бусдад 160,000,000 төгрөгөөр худалдан борлуулснаар хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ алдсан байна.  

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/00173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 02 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 1,033,056 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ  

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР