Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 325

 

 

Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн  даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор М.Хэрлэнчимэг,

Шүүгдэгч Г.Бишрэлийн өмгөөлөгч Г.Цагаан,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5/17 дугаар эсэргүүцэлтэй, Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох 201625010760 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Унзадшарав овогт Гантулгын Бишрэл, 1997 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамжны 128А тоотод оршин суух бүртгэлтэй боловч, 1000 оюутны байранд түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:УХ97010311/,

Түмэд овогт Батболдын Мөнхтулга, 1995 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 18 дугаар гудамжны 411 тоотод оршин суух,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЖЛ95031611/,

Боржигон овогт Долгормаагийн Ононбаяр, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЗ93122911/,

Их мэргэд овогт Батсайханы Цогт-Эрдэнэ, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Гурванбаян суманд төрсөн, 22 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны БЗНТ 80 айлын 20 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СЗ94041518/,

Сартуул овогт Эрдэнэбаярын Лхагва-Од, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, хэрэг үйлдэх үедээ 16 нас 11 сар 22 хоногтой байсан, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4-032 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ99031018/,

Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Бишрэл, Э.Лхагва-Од нар нь Л.Лхагвыг зодож биед нь “нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, бэлэн 100.000  төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 270.000 төгрөгийн, яллагдагч Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ нар нь Д.Ганцоожийг зодож биед нь “уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан “I phone-5S” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, хэтэвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай шүүхийн тогтоолд заасан зүйлүүдийг нэг мөр шалгаж ирүүлээгүй. Өмгөөлөгч Г.Цагааны прокуророос авсан мэдэгдэх хуудсанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хангалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5, 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох 201625010760 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ захирамжид прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай шүүхийн тогтоолд заасан заалтуудыг нэг мөр шалгаж ирүүлээгүй гэжээ. Гэтэл яллагдагч Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Бишрэл, Э.Лхагва-Од нар нь Л.Лхагвыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, 100.000 төгрөг, зэрэг эд зүйлийг дээрэмдэн 270.000 төгрөгийн, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ нар нь Д.Ганцоожийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “I phone-5S” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, хэтэвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь яллагдагч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан гэрч Амгаланбаатар, Батсайхан нар мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 3076, 3078 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтад буцааснаас хойш хохирогч Л.Лхагвыг хохирогчоор дахин байцааж, хэргийн материалыг танилцуулсан. Яллагдагч нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу сонгож авсан өмгөөлөгч нарыг нь оролцуулан байцааж, 127 дугаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч тус бүрийн оролцоо, хохирогч Лхагва, Ганцоож нарт хичнээн төгрөгийн хохирол учруулсан болохыг тусгасан байхад шүүхийн тогтоолын аль заалтыг биелүүлээгүй талаар тодруулж өгөлгүй, шүүхийн тогтоолд заасан заалтуудыг нэг мөр шалгаж ирүүлээгүй гэж ерөнхий байдлаар дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Өмгөөлөгч Г.Цагааны прокуророос авсан мэдэгдэх хуудсанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг хангалгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5, 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэжээ. Өмгөөлөгч Г.Цагаанаас прокурорт гаргасан хүсэлтийг хүлээн авч хүсэлтэд дурдсан асуудлуудыг шалгаж тогтоосон бөгөөд хэргийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлийн 103.4 дэх хэсэгт “...хүсэлтийг хангаагүй явдал нь байцаан шийтгэх ажиллагааны тухайн болон өөр үе шатанд дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт “...үйл ажиллагааны талаарх гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно” гэсэн заалтуудыг зөрчөөгүй, гомдол гаргах эрхийг нь хязгаарлаагүй бөгөөд өмгөөлөгч Г.Цагаан нь өөрт олгогдсон эрхийн дагуу шүүхэд гомдол гаргасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт “...хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно.”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт “...гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногийн дотор, нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 21 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.  

Шүүгдэгч Г.Бишрэлийн Г.Цагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш Г.Бишрэлээс нэг удаа байцаалт авсан. Хэргийн хугацаа дууссан гэх үндэслэлээр прокурорт шилжүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгтээ танилцаад хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад гардаж авсан. Хэрэг прокурорт очсоны маргааш гомдол гаргасан боловч татгалзсан хариу өгч, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ нь 7 хоногийн дотор гомдол гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа 5 зүйлийг тогтоох шаардлагатай гэж үзсэн.

Мөрдөн байцаалтын шатанд хэрэг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 23 цагийн орчим болсон гэдэг. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэж бичсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 23 цаг гэж хэлдэг. Нэмэлт мөрдөн байцаалтад буцааж зөвхөн Г.Бишрэлээс цаг хугацааг тогтоох талаар асуусан байдаг. Үүнийг тогтоосон гэж үзэхгүй байна. “2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн ойролцоо хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж” гэдгийг шүүхээс тогтоо гэсэн нь хавтаст хэрэгт авсан баримтаар тогтоогдоогүй. Тогтоох боломжгүй гэж үзэж байна. Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ нарыг өмгөөлөгчтэй байцаалт өгөх саналыг хүлээж аваагүй гэсэн. Өмгөөлөгч оролцуулалгүй байцаалт авсан байдаг. Шүүгдэгч нарын хэн нь хэний эд зүйлийг авсан эсэхийг тогтоо гэсэн. Г.Бишрэлийн хувьд хохирогч нараас хэний эд зүйл авсан нь тогтоогдохгүй. Хохирогч нарт нийт хэдэн төгрөгийн хохирол учирсан эсэх нь тодорхойгүй байсан. Хохирогч Л.Лхагваад хэргийн материал танилцуулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд Л.Лхагваа нэг удаа байцаалт өгсөн боловч хэн цохьсон талаар хэлдэггүй. Хохирогч байцаалт авахад оролцох санал гаргасан ба нэмэлт мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаа танилцуулаагүй.

Г.Бишрэлээс анхны мэдүүлэг авахдаа хүч хэрэглэн зодож, хэрэг хүлээлгэсэн болох нь тогтоогдсон байхад 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Г.Бишрэлд гэмтэл учруулаагүй гэсэн дүгнэлтэд эргэлзээ төрж байна. Үүнийг шалгаж тогтоох ёстой.  Иймд дээрх шалгах ажиллага хийгдээгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Яллагдагч Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нар бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг Сансар үйлчилгээний төвийн хажууд хохирогч Д.Ганцоож, Л.Лхагва нарын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, Г.Бишрэл, Э.Лхагва-Од нар нь Л.Лхагвыг зодож биед нь “нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан, “Sky” загварын цагаан өнгийн гар утас, бэлэн мөнгө 100.000  төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэн 270.000 төгрөгийн, яллагдагч Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ нар нь Д.Ганцоожийг зодож биед нь “уруулын салст, нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан “I phone-5S” загварын цагаан өнгийн гар утас, бугуйн цаг, хэтэвч, савхин бээлий зэргийг дээрэмдэн 585.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийжээ.

            Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай хохирогч, гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь бодитой хянан үзэж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны  өдрийн 5/17 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх  ажиллагаанаас эхлэн, шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох журмын талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд заасан байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэхээс өмнө сэжигтэн, яллагдагчийн үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаагүй учир мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209.5 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Харин хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагааны талаар гаргасан хүсэлтийг аливаа хэлбэрээр шийдвэрлэсэн тохиолдолд энэ талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болох бөгөөд тухайн хүсэлтээ өөр шатанд дахин гаргах эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хязгаарлаагүй болно.

            Түүнчлэн өмнөх шүүхийн тогтоолд заасан зүйлүүдийг нэг мөр шалга хэмээн тодорхойгүй зүйл зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байх тул прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 5/17 тоот эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 315 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Шүүх хуралдаан болтол Г.Бишрэл, Б.Мөнхтулга, Д.Ононбаяр, Б.Цогт-Эрдэнэ, Э.Лхагва-Од нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй  болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                                Н.БАТСАЙХАН