Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 08

 

 

С.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн,

хохирогч С.З,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 140А дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар магадлалтай, 2015090000101 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяагийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Т нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь заалтад заасан “Онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Тыг онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь заалтад зааснаар 7 жил 06 сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 1,344,000 төгрөг гаргуулан хохирогч С.Зт олгож, 1,200,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыгАнхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 7 жил 06 сар хорих ялаас 2 жилийг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай” гэж, 5 дахь заалтыг “Хохирогч С.Т гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, өмгөөллийн хөлс 1,200,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 6 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх заалтад зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 742 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 5 жил 06 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Р.Лхамсүрэн, хохирогч С.З нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч С.Зын өмгөөлөгч Ж.Туяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх “...гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж” шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч байна. Магадлалын 5 дахь заалтад “хохирогч С.Т” гэж шүүгдэгч С.Тыг хохирогч болгож бичсэн нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх “...хохирогч С.З гэмтлийн улмаас 7 сар ажил хөдөлмөр эрхлээгүй байдал нь гэрч С.Энхбаатар /эмч/-ын хохирогчид үүссэн гэмтэл нь түүний эрүүл мэндийн байдалд нөлөөлөх нь бага гэсэн мэдүүлэгтэй зөрчилдөж байх тул хохирогчийн ажил хөдөлмөр эрхлээгүй гэсэн болон түүний учир шалтгааныг өөр бусад нотлох баримтуудаар давхар нотлох” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь хохирогчийн эмчийн тодорхойлолтоор нотлох баримт бүрдүүлж авдаг эмчилгээний зардал биш. Хохирогч С.З С.Тт хутгалуулах үедээ цалин хөлс орлогогүй байсан тул түүнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага хэмжээний нөхөн төлбөр шаардсаныг анхан шатны шүүх 1,344,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч С.З олон удаа хутгалуулж өрөөсөн чих нь огт сонсголгүй болж, ходоод нэвт хутгалагдаж 2 хэсэгт оёдол тавиулснаас идсэн хоол нь шингэхгүй гүйлгэж эцэж турж байгаа, одоо тахир дутуугийн групп тогтоолгохоор хөөцөлдөж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, мөн хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

Хохирогч С.З хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...С.Т орж ирэхдээ хутга барьж орж ирээгүй бол би очиж зууралдаж авахгүй. Гэтэл “хутга барьж ороогүй, зүгээр уулзахаар ирсэн” гэж мэдүүлдэг. Хутга барьж ирсэн учраас би түлхээд коридорт гаргасан. Хувцасны захаар миний хоолойг боосон. 4 удаагийн шүүх хуралдааны үед С.Т болон түүний өмгөөлөгч нарын хэлсэн үг нь дөрвөн өөр янз байдаг. Хуульд заасан 7-10 жилийн хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн байхад 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр хөнгөн ялаар шийтгэсэн. Ял хөнгөдсөн гэж үзэж байна. Би зураач хүн, хөдөлмөрийн чадвар алдаад ажлаа хийж чадахаа байсан. Хамгийн багаар бодоход би ажил хийгээд 600,000-800,000 төгрөг олдог байсан. Ажилгүй байсан хугацааныхаа цалинг гаргуулах, мөн ялыг хүндрүүлж, ял эдлэх дэглэмийг чангатгах хүсэлтэй байна. Эмчилгээний зардалд надад 500,000 төгрөг өгөөд орхисон. Би бусдаас хүүтэй мөнгө зээлээд, эцэст нь хөргөгч, зурагтаа ломбарданд тавьж эмчилгээ хийлгэсэн. Хавтаст хэрэгт баримтууд байгаа. Эдгээр баримтуудыг огт авч хэлэлцдэггүй, хохирол төлөх талаар санаачилга гаргадаггүй” гэв.

 

Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч Р.Лхамсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...С.З нь “Сайн орших” хэвлэл рекламны үйлдвэрт 2013 оны 03 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл ажилласан байдаг. Хэрэг гарах үед буюу 2015 оны 02 дугаар сард ажилгүй байсан учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн асуудал ойлгомжгүй байна. Хохирлыг бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд төлсөн. Гэтэл анхан шатны шүүх 1,344,000 төгрөгийг ямар ч нотлох баримтгүйгээр гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Шинжээчийн дүгнэлтээр “цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэмтэл” гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй орхисон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар С.Т нь С.Зын биед онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Шүүх эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгч боломжоороо хохирлыг төлөөд, сонсголгүй чихэнд нь эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар асаргаа сувилгааны хохирлыг ч гэсэн жич нэхэмжлэх эрхтэй байхаар тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн С.Тт холбогдох хэргийн бүх ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоогоогүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

Прокуророос С.Т нь С.Зыг 9 удаа хутгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээсэн өвчний түүхэнд 2 дахь шатны үзлэгээр “С.Зын зүүн чамархай, чихний хэсэгт болон дух, зулай хэсэгт 1-1.5 см 4-5 шархтай, чамархайн шарх тагнайг хатгасан, зөөлөн тагнайд 1.5 см шархтай. Зүүн суганд 1.5 см шархтай, хэвлийн зүүн талд хавирганы нумны доод хэсэгт 3-4 см орчим сэмж гарсан хатгагдсан шархтай” /хх-I-136 дугаар тал/ гэж, шинжээчийн 299 дүгээр дүгнэлтэд С.Зын биед үзлэг хийсэн хэсэгт “Духны урд хэсэгт үсний захад 1 см 1 ширхэг, толгойн оройн хуйханд 2 см 2 ширхэг, зүүн чамархайд 1.5 см 2 ширхэг, зүүн чихний урд хэсэгт 0.5 см 1 ширхэг, зүүн чихэн дотор 2 см 2 ширхэг, зүүн чихний цэцгэнд 0.5 см 1 ширхэг, зүүн чихний хөхлөг сэртэнгийн урд талд 2 см 3 ширхэг, зүүн суганы урд талд 1 см 2 ширхэг, хэвлийн хэсэгт хүйснээс дээш 15 см босоо зүслэг хийсэн 11 ширхэг мэс заслын оёдол тавигдсан, уг шархны хажууд 2 см гуурстай үзүүртэй 1 ширхэг мэс заслын оёдол тавигдсан шархнуудтай” /хх-I-60 дугаар тал/ гэж тус тус дурджээ.

 

Харин шүүх “...С.Т нь хохирогч С.Зын духны урд хэсэг, толгойн оройн хэсэгт 2 удаа, зүүн чамархайд 2 удаа, зүүн чихний урд хэсэг, зүүн чихэн дотор талд 2 удаа, зүүн чихний цэцгэнд, зүүн чихний хөхлөг сэртэнгийн урд 3 удаа, зүүн суганы урд талд 2 удаа, хэвлий зэрэг газруудад олон удаа хутгаар чичиж, хүнд гэмтэл учруулсан” гэсэн дүгнэлт хийж дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

 

Иймд мөрдөн байцаалтаар доорх ажиллагааг дахин шалгаж тодруулах шаардлагатай байна. Үүнд:

Хохирогч С.Зт хэдэн удаагийн үйлдлээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, ямар гэмтэл учирсан, учирсан гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь тогтоол гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэв.

 

Түүнчлэн хохирогч С.З, түүний өмгөөлөгч Ж.Туяа нарын гаргасан “...олон удаа хутгалуулж өрөөсөн чих сонсголгүй болсон” талаарх гомдлыг хүлээн авч нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 140А дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ