Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2025/0007

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   П.Соёл-Эрдэнэ

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                 Г.Банзрагч

                                      М.Батсуурь

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0617 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0684 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ202/0002 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г, П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/123 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Баянгол дүүргийн Засаг дарга “И” ХХК-д 2009 оны 537 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт агуулах, аж ахуйн зориулалтаар 3000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2011 оны 490 дүгээр захирамжаар талбайн хэмжээг 2238 м.кв болгон багасгасан, 2016 оны А/654 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр, 2022 оны А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр тус тус сунгаж, А/326 дугаар захирамжаар талбайн хэмжээг 8038 м.кв болгон нэмэгдүүлж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Улмаар Баянгол дүүргийн Засаг дарга “Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

3.Нэхэмжлэгчээс “... хариуцагч газар эзэмшилтийн байдлыг бодит байдлыг очиж үзэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд болон холбогдох хуульд нийцэхгүй, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлээгүй” гэж, хариуцагчаас “... Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Үерийн далангийн хамгаалалтын бүс, Цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд багтсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай, мөн усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай, хариуцагч газрын тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нөхөн олговор шаардах эрхийг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй, энэ агуулгаар маргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй” үндэслэлээр Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 20 дугаар зүйлийн 20.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Г гомдолдоо:

6.1.“И” ХХК нь 2009 оноос эхлэн уг газрыг эзэмшиж эхэлсэн бөгөөд энэ үед маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.3.6 дахь заалтууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоол нь хэрэгжиж эхлээгүй, сүүлд гарсан хууль тогтоомжийг үндэслэн газар эзэмших эрхийг цуцалсан.

6.2.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримталж цуцалсан нь бидний газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байна.

6.3.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт хүргүүлж нөхөн олговрыг шийдвэрлүүлэх боломжтой тухай дурдсан ч маргаан бүхий актад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/127 тушаал, Усны тухай хуулийн 22.2.1 дэх заалтыг баримталж, Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтаар цуцалсан тул нөхөн төлбөрийн тухай яригдахгүй гэж ойлгож байна.

6.4.Гэвч шүүх нөхөн төлбөрийг олгох боломжтой гэж байгаа нь биднийг төөрөгдүүлсэн төдий буюу манай компанийн ирээдүйн эрх зүйн байдал ойлгомжгүй байдалд орж байгааг харж болохоор байна. Маргаан бүхий актад огт тусгаагүй байтал шүүхүүд “нөхөн олговрыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх боломжтой” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг ойлгомжгүй байдалд оруулсан.

6.5.Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрт хяналт хийж манай нэхэмжлэлийг шийдвэрлэж, эсвэл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн 2024 оны А/123 дугаар захирамжийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

8.“И” ХХК-д Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 537 дугаар захирамжаар тус дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэр, ТЭЦ-4 цахилгаан станцын зүүн талд Үйлдвэрлэлийн баруун бүс-4 хаягт 3000 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарч, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор тухайн компанид газар эзэмших эрх үүссэн, улмаар мөн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжаар эзэмшил газрын талбайн хэмжээг 2238 м.кв болгон өөрчилсөн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/654 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгасан, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/255 дугаар захирамжаар нэгж талбарын 1681900039 дугаартай, аж ахуйн зориулалттай 2236 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/326 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар, нэгж талбарын 21681910403 дугаартай, талбайн хэмжээг 8038 м.кв болгон нэмэгдүүлжээ.

9.Усны тухай хуулийн /2012 оны/ 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.4-д “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчин болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж хуульчилсан.

10.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3.2-т “гол, мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж” 2.3.6-д “үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд” онцгой хамгаалалтын бүсийг тус тус тогтоохоор заажээ.

11.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112 дугаар тогтоолоор “ ... Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Сэлбэ, Дунд голын хамгаалалтын бүсийн 534.0 га талбай бүхий газрыг “Байгалийн нөөц” газрын ангиллаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, хил заагийн солбицлыг, хамгаалалтын горим, дэглэмийг тус тус баталжээ.

12.Хариуцагч албан тушаалтнаас дээрх хууль, журам, тогтоолын холбогдох заалтуудыг үндэслэн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу маргаан бүхий актыг гаргасныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс маргажээ.

13.Газар эзэмшүүлэхтэй холбоотой шийдвэрээ хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор хүчингүй болгох эрх хариуцагчид байгаа ч тийнхүү шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг судалж, зорилгодоо хүрэх аргаа зөв сонгох, тухайлбал, хуульд заасан ямар аргар захиргааны байгууллагын өмнөх шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд дарамт багатайгаар боломжит шийдвэрийн хувилбарыг судалсны эцэст холбогдох шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга энэ бүх байдлыг тодруулж, холбогдох ажиллагааг явуулаагүй, тухайн ажиллагааг гүйцэтгэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тул маргаан бүхий захирамжийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.  

14.Нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрын бусад хэсэг усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай давхацсан нь чухам газрын аль хэсгээр, хэдий хэмжээгээр давхцаж байгаа нь тодорхойгүй байна. Зүй нь захиргааны байгууллага эдгээрийг тодруулах ажиллагааг хийж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил бүхий газрын усны хамгаалалтын аль бүсэд хамаарч байгаагаас нь шалтгаалж тодорхой газрыг бүсийн дэглэмд нийцүүлэн эзэмших боломжтой эсэх талаар анхаарах шаардлагатай.

15.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж заасныг анхаарах, ялангуяа нэхэмжлэгч компани газар эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газарт тодорхой үйл ажиллагаа эрхэлж, 1500 м.кв үйлдвэрийн барилга, 300 м.кв ажилчдын байр барих зэргээр хөрөнгө оруулалт хийсэн байгааг үл хайхарч тухайн асуудлыг шийдвэрлэлгүйгээр газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна. Захиргааны зүгээс тухайн хуулийн этгээдэд нөхөх олговор олгох, эсхүл эзэмшил газрыг сольж өөр газар эзэмшүүлэх зэрэг боломжит шийдвэрийн хувилбар байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.

16.Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтойг хариуцагч анхаараагүй нь буруу, анхан болон давж заалдах шатны шүүхээс “… нөхөн олговор шаардах эрхтэй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

17.Үүнээс гадна маргаан бүхий актад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 112 дугаар тогтоолыг үндэслэл болгосон, энэхүү тогтоолоор маргаан бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 20.1.4-т “бусдын эзэмшил газрыг аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах” гэж заасан нь захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эзэмшил газрыг хүчингүй болгохоос өмнө нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх ёстойг харуулж байна.  

18.Тодруулбал, “газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тохиолдолд урьдчилан тохиролцож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдолд урьдчилан биш, дараа нь тохиролцож, нөхөх олговор олгоно” гэх агуулгаар хууль тайлбарлах нь адил тохиолдолд тэгш хандах зарчимд нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн “… нөхөх олговор олгох шийдвэр гаргах эрхгүй” тухай тайлбар үндэслэлгүй.

19.Нэгтгэн дүгнэхэд, анх нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэрийг хариуцагч албан тушаалтан гаргасан, түүний үндсэн дээр зохих хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг дангаар нь буруутгаж газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй, газар эзэмшигчтэй хуульд заасны дагуу зөвшилцөн нөхөх олговор болон газрыг солих зэрэг асуудлыг хамтатган шийдвэрлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т нийцнэ.

20.Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

21.Хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0617 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0684 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/123 дугаар захирамжийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/123 дугаар захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөө д тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                    М.БАТСУУРЬ

                                                                                                    Д.БАТБААТАР