Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01469

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1666 дугаар магадлалтай,

           Б.Сын нэхэмжлэлтэй,

           Н  холбогдох          

       Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаар мэдэгдэлд заасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-07-27-ны өдрийн 4665 дугаар шийдвэрээр Б.Сос 70.622.360 төгрөг гаргуулж, Т.Б олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, 2017-01-09-ний өдрийн 1/1360 дугаар албан мэдэгдлийг 2017-01-10-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Уг мэдэгдлээр Б.Сын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байр, 46 тоот орон сууцыг 300 сая төгрөгөөр үнэлж харилцан тохирсон байхад хууль зөрчиж, 210 сая төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл өгсөн нь үндэслэлгүй. Энэ талаар 2017-01-12-ны өдөр НШГАлбаны дарга П.Хадбаатарт гомдол гаргасан ч 3/51 дугаар бүхий мөн сарын 19-ний өдөр шуудангаар авсан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017-01-09-ний өдрийн 1/1360 дугаар мэдэгдэлд заасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны  4665 дугаар  шийдвэрээр Б.Сос 70.622.360 төгрөг гаргуулж, Г.Баярцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж, Б.Сын барьцаалсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 46 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016-01-21-ний өдөр 147/0121 дугаар эд хөрөнгө битүүмжлэн, 2016-12-14-ний өдөр 147/3483 дугаар тогтоолоор хураасан. Б.С, Г.Баярцэцэг нараас Иргэний хуулийн 177.1-т заасны дагуу  үнийн саналыг авахад  300 сая төгрөгөөр  санал өгсөн тул  уг үнийн дүнгийн 70 хувь буюу 210 сая төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017-01-26-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдааны талаар 2017-01-09-ний өдрийн 1/1360 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дууссан, гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 24-ний өдрийн 1666 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны  1/1360 дугаар мэдэгдлийг 2017-01-10-ны өдөр шуудангаас авсан. Уг мэдэгдлээр Б.Сын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, 7 дугаар байр, 46 тоот орон сууцыг 300 сая төгрөгөөр үнэлж харилцан тохирсон байхад хууль зөрчиж, 210 сая төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 1/1360 дугаар мэдэгдэлд заасан Б.Сын өмчлөлийн орон сууцны тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах явцад хариуцагчаас үнэлгээ тогтоосон мэдэгдэл хүргүүлсэн шуудангийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй /огноо байхгүй/ байхад шууд хариуцагчийн авч явсан материалаас нотлох баримтыг нөхөж гаргуулсан мөн албадан дуудлага худалдааны сонингийн баримт нь шүүхэд ирэхдээ огноогүй сонингийн нэргүй баримт ирүүлсэн байхад мөн л шүүгч шууд хариуцагчаас гаргуулж авсан нь шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчиж ИХШХШТХ-д заасан  шүүх хуралдааныг дэгийг зөрчсөн мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 34.4-г удирдлага болгон нэхэмжлэлийг хангах байтал шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах явцад хариуцагчаас шинээр нотлох баримт гаргуулан авч хэргийг шийдвэрлэсэн байх тул  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.С 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1360 дугаар мэдэгдэлд заасан үнэлгээг хүчингүй болгуулах  шаардлага гаргасан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 102/ШШ/2015/04665 дугаар шийдвэр гаргаж /хх 21/ Б.Сос нийт 70.622.360 төгрөг гаргуулж Г.Баярцэцэгт олгох, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 дугаар байрны 46 тоот 3 өрөө орон сууцнаас хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан, төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 102/ШЗ2016/01016 дугаар захирамжаар шийдвэрийг албадан гүйцэтгэх болсон нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байв.

         Хариуцагч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ/2015/04665 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

        Б.С нь эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргасан тул дуудлага худалдаа явуулахтай холбоотой гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01454 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдахд шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1666 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сутай хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                                                                     

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ