| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0075/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Ч.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лог овогт Чинбатын Аэд холбогдох 1929000000062 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь Өмнөговь аймгийн Манлай сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох /А ангиллын/ эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч насанд хүрээгүй Н.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй А.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А мэдүүлэхдээ: “Манай ээжийн ах намайг морины хүүхэд аваад ирээд гэж утсаар ярьсан. Тэгээд Би морины хүүхдүүд авч явж байгаад онхолдсон” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-8 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-н 9 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргалын: “...хүү /Эрдэнэбаяр/ надад болсон үйл явдлын талаар ярихдаа Базарсадынд байж байтал наадам болох гээд “хурдан ир” гээд Хүдэрбат ах утсаар ярьсан. Тэгээд А ах мотоциколтой явах гэж байхаар нь сундалдаад явсан. Мотоциклд хүүгээс гадна 2 хүүхэд мөн сундалж суусан гэсэн. Ингээд мотоциклоор явж байгаад онхолдох үед хүү маань шидэгдсэн гэж ярьсан. ...ослын дараа аймгаас эмч нар ирж мэс засал хийсэн ба түүнээс хойш элэг урагдалттай байна гээд. ...хэвтэн эмчлүүлж байгаад гарсан” гэх мэдүүлэг /хх-н 15-17 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэбаярын: “...Ч.А ах замгүй газраар явж байгаад мотоциколтойгоо уначихсан. Би нөгөө хэдээсээ салаад газар шидэгдэж унасан. Хамгийн ард сууж явсан хүүхэд мөн шидэгдээд миний дээрээс уначихсан. Би босоод иртэл цээж рүү өвдөөд амьсгаа авч болохгүй байсан учир Ч.А ахад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгийн: “...хэргийн улмаас хүү Эрхэмбаярын маань биед хөнгөн гэмтэл учирсан талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/,
Ч.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...би өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн ява мотоциклыг өөрөө жолоодож явсан. Надтай хамт Т.Эрдэнэбаяр, Б.Дашдаваа, Т.Эрхэмбаяр нар сундалж явсан. ...урд талын дугуй хагараад онхолдсон. Надад мотоцикл жолоодох /А/ ангилал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Дашдаваагийн: “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед Жаргалант багийн малчин Базарсад ахын гэрээс багийн төв рүү Ч.А ах өөрийнхөө мотоциколтой ард нь Т.Эрдэнэбаяр, Т.Эрхэмбаяр бид 3 сундлаад багийн төв рүү явж байгаад урд талын дугуй хагараад онхолдсон” гэх мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/,
Гэрч С.Энхжаргалын: “...манай том хүү Эрдэнэбаяр 10 настай. Ч.А гэх залуутай мотоциклоор хөдөө айлаас багийн төв рүү явж байгаад онхолдож Эрдэнэбаярын элэг нь урагдсан гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 30 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай “Н.Эрхэмбаярын биед баруун гуя, баруун хөлийн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 48 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай “Т.Эрдэнэбаярын биед элэгний урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, аюулхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн битүү гэмтэл элэгний урагдлын улмаас хэвлийн хөндийд цус хуралт үүсчээ. ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 56 дугаар хуудас/,
Замын шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-н 70 дугаар хуудас/,
Яллагдагч Ч.Аийн: “...Би багцаагаар 50-60 км/цагийн хурдтай явж байсан байх. Замгүй газраар явж байсан. Тэр газар нь жалга ихтэй, сул элстэй газар байсан. ...Би өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явсан. ...Би “ВС” ангиллын 926248 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй, “А” ангилал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 77-80 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 87 дугаар хуудас/,
Ч.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 86-95 дугаар хуудас/,
Хохирогч Т.Эрдэнэбаярын хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт, баримтууд /хх-н 96-99-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь Өмнөговь аймгийн Манлай сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох /А ангиллын/ эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч насанд хүрээгүй Н.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, насанд хүрээгүй А.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-8 дугаар хуудас/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх-н 9 дүгээр хуудас/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргалын мэдүүлэг /хх-н 15-17 дугаар хуудас/
- Насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-н 20-21 дүгээр хуудас/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-н 25 дугаар хуудас/
- Ч.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Б.Дашдаваагийн мэдүүлэг /хх-н 29 дүгээр хуудас/
- С.Энхжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 30 дугаар хуудас/
- Т.Эрдэнэбаярын өвчний түүхийн хуулбар /хх-н 57-56 дугаар хуудас/
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай /хх-н 48 дугаар хуудас/
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай /хх-н 56 дугаар хуудас/
- Замын шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай “1. Даюун маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Чинбат овогтой А нь “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тухайн замын хөдөлгөөний пүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
2. Ослын үед “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Чинбат овогтой А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна гэж үзлээ.
3. Чинбат овогтой А /КЕ94110417/ нь “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/ жолоодох эрхгүй байна. Ч.А нь №926248 тоот дугаарын ВС ангиллын үнэмлэхтэй, уг үнэмлэх хүчинтэй үнэмлэхтэй байна.” гэх дүгнэлт /хх-н 70 дугаар хуудас/,
- Яллагдагч Ч.Аийн мэдүүлэг /хх-н 77-80 дугаар хуудас/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 87 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ч.Аийг тээврийн хэрэгсэл жолоодох /А ангиллын/ эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклд насанд хүрээгүй Т.Эрдэнэбаяр, Б.Дашдаваа, Т.Эрхэмбаяр нарыг суулган замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс Н.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Т.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хүнд хохирол, гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай “Н.Эрхэмбаярын биед баруун гуя, баруун хөлийн шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 48 дугаар хуудас/, ...Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 332 дугаартай “Т.Эрдэнэбаярын биед элэгний урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, аюулхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн битүү гэмтэл элэгний урагдлын улмаас хэвлийн хөндийд цус хуралт үүсчээ. ...дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 56 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогч Т.Эрдэнэбаярт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн /хх-н 96-99-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал, А.Эрхэмбаярын хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 113, 114 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих ял шийтгэлийн талаар санал болгосон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Ч.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн мотоциклийн хянах самбарын хагарсан шил бүхий хэсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичгийн баримтаар хурааж ирүүлсэн Ч.Аийн №926248 тоот дугаарын ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг харъяалах шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгов.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лог овогт Чинбатын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Чинбатын Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Ч.А нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Ч.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогч Т.Эрдэнэбаярт 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн , насанд хүрээгүй хохирогч Т.Эрдэнэбаярын хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал, А.Эрхэмбаярын хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн мотоциклийн хянах самбарын хагарсан шил бүхий хэсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичгийн баримтаар хурааж ирүүлсэн Ч.Аийн №926248 тоот дугаарын ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг харьяалах шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Ууганбатад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Аэд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН