Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00707

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 187/ШШ2025/02943 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 925,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаалалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 925,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 07 сарын 08-ны өдөр *******ийн чиглэлд явж байх үед тормозны хойд тэлэгч задарч, автомашин тормозгүй болсны улмаас зам тээврийн осол гаргасан. Тухайн ослын улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан. *******-ийн Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаанд Замын хөдөлгөөнд оролцох үеийн бүх осолд 100 хувь нөхөн төлбөр олгохоор зохицуулсан. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүй улмаас осол гаргасан гэж үзэх боломжгүй... тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт 925,000 төгрөг гаргуулна. гэж тайлбарласан байна.

 

4. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Тухайн машины хөдөлгөөн эхлээд 1 км явахад мэдэх боломжтой, нэхэмжлэгч өөрөө өргөдөл дээрээ тоормосны тэлэгч нь задарсан байсныг мэдээгүй гэж бичсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан хол замын хөдөлгөөнд машин тэргээ оролцуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчихгүй гэх заалт, мөн даатгалын гэрээний 7.2.4-т заасан техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүссэн хохирол тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан, маргажээ. /хх-58-60/

 

5. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

 

5.1. ******* нь *******-тай 2024 оны 03 сарын 15-ны өдөр 24030902 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota carina маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, ******* нь даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-28/

5.2. Гэрээний дагуу даатгуулагч ******* нь даатгалын хураамжид 75,000 төгрөгийн төлсөн байна. /хх-10/ Дээрх үйл баримтад талууд маргаангүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 08-ны өдөр *******ийн чиглэлд явж байх үед тормозны хойд тэлэгч задарч, автомашин тормозгүй болсны улмаас зам тээврийн осол гаргасан, уг ослоос шалтгаалан түүний автомашинд эвдрэл учирсан үйл баримтыг хэрэгт авагдсан талуудын тайлбар, *******-ийн Автотээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн маягт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон. /хх-10, 26/

 

7. Хариуцагч нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж яваагүйн улмаас хохирол учирсан тул гэрээний 7.2.4-д заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болсон гэж тайлбарлан, *******ийн тус ХК-д гаргаж байсан өргөдлийг нотолгооны эх сурвалжаа болгон маргажээ.

7.1. Хэргийн 25 дахь талд авагдсан нэхэмжлэгч *******иас хариуцагч *******-д гаргасан өргөдөлд Миний бие Хатгалаас Мөрөн явах замд тормозны тэлэгч зад тавьж тормозгүй болсныг мэдэлгүй явж байгаад урд дахь машин гэнэт зогсож тормозгүй байсан учир араас нь мөргөж машин эвдэрсэн гэж бичсэн нь түүнийг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах үүргээ зөрчсөн гэдгийг эргэлзээгүй нотлохгүй. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл учирсан шалтгаан нөхцөлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул дээрх бичмэл нотлох баримтыг үндэслэн тээврийн хэрэгслийн эвдрэлд нэхэмжлэгч гэм буруутай гэж дүгнэх боломжгүй.

 

7.2. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулах хорооны 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 3/3161 дугаартай албан бичигт ...Автомашины эвдрэлийг мэргэжлийн байгууллага тогтоогоогүй байхад даатгуулагчийн засварын газар үзүүлсэн мэдээллийг үндэслэн татгалзсан нь даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж байна... гэж үзээд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг дахин хянан шийдвэрийн талаарх мэдээллийг хороонд болон даатгуулагчид хариу мэдэгдэхийг *******-д даалгажээ. /хх-11-12/

Иймд нэхэмжлэгчийн гэм буруу нь түүний гаргасан өргөдлөөр нотлогдоно, ... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

9. Зохигч талууд Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр даатгалын эрсдэлийн нөхцөлүүдийг харилцан тохиролцсон байх бөгөөд уг эрсдэлд зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол хамаарахаар гэрээний даатгалын эрсдэлийн 3-т заажээ.

10. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-аар тээврийн хэрэгслийн эвдрэлд хохирлын үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд тус компанийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын хэмжээг 925,000 төгрөгөөр тогтоожээ. /хх-9/

Хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

 

11. Анхан шатны шүүх, хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна. Харин хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 21-ний өдрийн 187/ШШ2025/02943 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД