| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06675/И |
| Дугаар | 5075 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 5075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж 42, өөрийн байранд байрлах, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяаг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяаг эрэн сурвалжлуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага Д.Ууганзаяатай 2014-07-01 өдөр 14/2-12 тоот түрээсийн гэрээ байгуулан 40 тоннын 2 ширхэг контейнер байрлуулж, Д.Ууганзаяа гэрээнд заасны дагуу сар бүрийн 25-ны өдөр түрээсийн төлбөр 572 000 төгрөг, хогны мөнгө 10 000 төгрөгийг төлж байхаар тохирсон.
Иргэн Д.Ууганзаяа нь гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас 4 656 000 төгрөгийг өр авлага үүсээд байна.
Д.Ууганзаяад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч тэрээр гэрээ байгуулсан хаягтаа оршин суухгүй байгаа нь тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяаг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, 2014-07-01 өдөр байгуулсан түрээсийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь шүүхэд хариуцагчаар Д.Ууганзаяаг оролцуулж, түрээсийн гэрээний төлбөрт 4 656 000 төгрөгийг гаргуулахыг хүсч байгаа байх боловч хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяа гэрээнд заасан Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ХМК-ын 58Г-30 тоот гэсэн хаягт бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суугаагүй, түүний хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй байна.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих Доржсүрэнгийн Ууганзаяаг /РД-ИФ88101900/-г эрэн сурвалжилсугай.
2.Хариуцагчаар оролцвол зохих Д.Ууганзаяаг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл бичгээр гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ