| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2024/07129/И |
| Дугаар | 210/МА2025/00719 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2025/00719
|
|
|
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01831 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ******* уралдааны шагнал ******* улс руу аялах эрхийн бичиг-ийн үнэ 4,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь "*******" ХХК-д 2024 оны 06 сарын 15-ны өдөр ******* тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан *******ийн газар ******* албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн мэргэжлийн доголдол гаргаагүй, сахилгын сануулга шийтгэл авч байгаагүй. "*******" ХХК-аас 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулсан ******* уралдаанд багаараа оролцон 1-р байранд шалгарч багаараа ******* улс руу аялах эрхээр шагнуулсан. Гэтэл "*******" ХХК нь 2024 оны 09 сарын 30-ны өдөр *******ийн хөдөлмөрийн гэрээг тодорхой шалтгаангүйгээр дуусгавар болгож байгаа тухай хэлж, ******* ямар ч хүсэлт өгөөгүй байхад 2024 оны 10 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн "Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" Б/140 тоот тушаалаар намайг *******ийн газар, *******ийн ажлаас халж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсанд гомдолтой байна.
******* нь байгууллагын шаардсанаар 2024 оны 10 сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн ба тус өдрийн уулзалтаар хүний нөөцийн захирал ******* ******* улс руу аялалд явуулах боломжгүй" хэмээн татгалзсан. Мөн 2024 оны 10 сарын 23-ны өдөр хүний нөөцийн менежер ******* ******* дугаараас "1,000,000 төгрөг өгөх боломжтой, авахгүй гэвэл өгөхгүй байж болно" гэсэн мессеж ирүүлсэн. Би ямар шалтгаанаар ажлаас халагдсанаа ойлгоогүй, яагаад өмнө өгсөн аяллын эрхээ өгөхгүй байгааг мэдээгүй тул 2024 оны 11 сарын 08-ны өдөр *******дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандсан боловч хариуцагч тал болох "*******" ХХК-тай эвлэрч чадаагүй.
Иймд "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан "*******" ХХК-ийн *******ийн газрын ******* албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ******* уралдааны шагнал "******* улс руу аялах эрхийн бичиг"-ийн үнэ 4,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******ийн хувьд 2024 оны 06 сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалын дагуу 3 сарын туршилтын хугацаатайгаар ******* буюу *******ийн албан тушаалд ажиллуулахаар тохиролцсон. Үндсэн цалинг компанийн цалингийн *******зэрэглэлийн дагуу ******* төгрөг байхаар тусгасан байдаг бөгөөд *******ийн ажилласан хугацааны цалин хөлсийг бүрэн олгосон. Улмаар *******ийн туршилтын хугацаа дуусгавар болж, шууд удирдлагын зүгээс цаашид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд ажилтны зүгээс уг хугацаанд удаа дараа ажлаас гарах талаараа илэрхийлж байсан байдаг.
Иймд 2024 оны 10 сарын 01-ний өдөр ******* тоот тушаалаар *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Талуудын хооронд үүссэн тус хөдөлмөрийн харилцааны хувьд хугацаатай Хөдөлмөрийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн харилцаанд тооцогдоно. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т зааснаар уг харилцааг цаашид үргэлжлүүлэхгүй, сунгахгүй байх хүсэл зоригийг ажил олгогч тушаал, шийдвэр, ажил хүлээлцэх байдлаар илэрхийлсэн тул дээрх хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.
2.2. КРІ буюу нэмэгдлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт ажилтны нэмэгдэл цалинг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоохоор заасан бөгөөд компанид ажилтнуудын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний журам мөрдөгддөг. Уг журмын дагуу туршилтын хугацаанд ажиллаж буй ажилтанд нэмэгдэл цалин болох КРІ олгогддоггүй. Ажилтан жинхлэгдээгүйгээс гадна хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд мөн аливаа нэмэгдлийг олгохгүй талаар хөдөлмөрийн гэрээнд заасан байдаг.
******* уралдааны шагнал: Тус уралдааны хувьд компанийн зохион байгуулсан нээлттэй нийт ажилчдын дунд зохиогдсон уралдаан байсан бөгөөд холбогдох дүрэм, журмын дагуу *******т шагнал олгогдоогүй байдаг. Уг уралдаан болон уралдааны шагнал нь Хөдөлмөрийн тухай хууль, түүнд заасан ажил гүйцэтгэсний төлөөх цалин хөлсөнд хамаарах харилцаанд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл шагнал олгох эсэх асуудал нь хөдөлмөрийн маргаанаас тусдаа буюу Иргэний хууль болон уралдааны дүрэм, журмаар зохицуулагдах тусдаа харилцаа бөгөөд энэ нь ажил гүйцэтгэсний төлөөх бус уралдаанд оролцож, даалгавар биелүүлж, амжилттай оролцсоны төлөө өгөх эсэх шагнал билээ.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар *******ийг ******* ХХК-ийн *******ийн газарт, *******ийн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас 17,768,563 төгрөгийг гаргуулж *******т олгож, *******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалтыг хийхийг ******* ХХК-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 4,990,000 төгрөгийг гаргуулж *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар ******* ХХК-аас 316,993 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 94,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 94,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тусдаа шийдвэрлэгдэх маргаан
Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ******* уралдааны гэх 4,990,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Ийнхүү хөдөлмөрийн маргаанд холбогдох хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд ******* уралдааны шагналд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн.
Гэтэл шүүгч тус 2 тусдаа нэхэмжлэлийн шаардлагыг нэг хэрэг буюу хөдөлмөрийн маргаан гэж үзэж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэлгүй болсоныг харуулдаг.
4.2. Цалин хөлсөнд хамаарахгүй
Компанийн зүгээс нийт ажилтнуудын дунд нээлттэй ******* уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаан болон уралдааны шагнал нь Хөдөлмөрийн тухай хууль ("ХтХ"). түүнд заасан ажил гүйцэтгэсний төлөөх цалин хөлсөнд хамаарах харилцаанд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл шагнал олгох эсэх асуудал нь хөдөлмөрийн маргаанаас тусдаа буюу Иргэний хууль болон уралдааны дүрэм, журмаар зохицуулагдах тусдаа харилцаа бөгөөд энэ нь ажил гүйцэтгэсний төлөөх бус уралдаанд оролцож, даалгавар биелүүлж, амжилттай оролцсоны төлөө өгөх эсэх шагнал билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-д цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах шагнал урамшууллыг 1.4.5-д тодорхойлсон. Үүнд, ажилтны ажлын үр дүн, онцгой чухал ажил гүйцэтгэсэний төлөө олгож буй мөнгөн урамшуулал байна гэж заасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд заасан ажилтны хувиар гүйцэтгэх үүрэг хүлээсэн ажил байхыг шаардах бөгөөд мөн заавал мөнгөн урамшуулал байхыг дурдсан. Гэвч Компанийн зохион байгуулсан уралдаан, түүний шагнал нь ажил гүйцэтгэсэний төлөөх бус уралдааны даалгавар биелүүлсний төлөө олгох шагнал бөгөөд ажилтанд мөнгө олгохоор амлаагүй юм. Гэтэл Шийдвэрт Хөдөлмөрийн гэрээний 4.2, 6.1-т үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, урамшуулалыг олгохоор заасан гэж, мөн Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар Компаниас 4,990,000 төгрөгийг гаргуулж гэж цалин хөлсөнд хамааруулж буй нь үндэслэлгүй.
4.3. Багт олгосон, багийн шагнал
Компанийн зүгээс тус уралдааныг 6 багийн дунд зохион байгуулсан. Улмаар уралдаан дуусч, багуудад шагналыг олгосон бөгөөд аль нэг багаас бидэнд санал, гомдол ирүүлээгүй. Бид амласан ёсоор багуудад олгох ёстой шагналуудаа олгосон, харин ажилтанд шагнал олгох талаар уралдааны дүрэм, журамд тусгаагүй.
Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагчийн зүгээс шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт гомдол гаргасан байна. Тусдаа шийдвэрлэгдэх маргаан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой цалин хөлсний урамшуулалтай холбоотойгоор хоёр төрлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 64.5 дахь хэсэг, талуудын хоорондоо байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.6.1-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх ******* уралдааны шагнал бол цалин хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалд хамаарна. *******ийн багт нь ороод 1 дүгээр байр эзэлсэн, 10 хүний бүрэлдэхүүнтэй баг. *******ээс бусад нь бүх гишүүдэд 2024 оны 10 сарын 28-ны өдөр ******* улс руу аялах аяллын 4,990,000 төгрөгийг ******* уралдааны аялах шагналын мөнгө гэж 9 хүний мөнгийг шилжүүлээд, аялаад ирсэн. Хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан ба энэ талаар талууд маргадаггүй. Нэхэмжлэгч туршилтаар ажиллаж байсан ч гэсэн үндсэн ажилтантай адил Хөдөлмөрийн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар цалин хөлс, нэмэгдэл, урамшууллыг авах эрхтэй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ******* уралдааны шагналд ******* улс руу аялах эрхийн бичгийн үнэ 4,990,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс хариуцагч нь шүүхийн шийдвэрээр 4,990,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсан хэсэгт давж заалдах гомдол гаргасан байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг ажилтан хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан, талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцож чадаагүй үндэслэлээр нэхэмжлэгч 2024 оны 12 сарын 06-ны өдөр шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8 дахь хэсэгт заасан журмыг хангасан байна.
Нэхэмжлэгч ******* 2024 оны 06 сарын 25-ны өдрөөс мөн оны 10 сарын 01-ний өдрийн хугацаанд хариуцагч ******* ХХК-д туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа компанийн нийт ажилтнуудын дунд 2024 оны 06 сарын 24-ний өдрөөс 2024 оны 09 сарын 06-ны өдрийн хугацаанд зохион байгуулагдсан ******* бүтээлч санал санаачилгын уралдаанд бусад ажилтнуудын хамт оролцжээ.
Тус тэмцээн нь ажилтнуудын ажлын байран дээрх зохион байгуулалт эмх цэгц, үйлчилгээний чанар, зардлын хэмнэлт, процесс, үйл ажиллагааг сайжруулах болон ажилтнуудын идэвхи, уур амьсгал, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг агуулсан. Тэмцээнд компанийн нийт ажилтнууд хамрагдах боломжтой байдлаар зохион байгуулагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчийн хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааны хүрээнд нэхэмжлэгч уг тэмцээнд оролцож, багийн хамт түрүүлсэн байна.
Нэхэмжлэгчийг ******* уралдаанд оролцохдоо хариуцагч ******* ХХК-ийн ажилтны бус Иргэний хуулийн 420 дугаар зүйлд заасны дагуу оролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ тухай татгалзал болон давж заалдах гомдлын үндэслэлээ шүүхийн өмнө нотлоогүй байна. Хариуцагчийн зүгээс тухайн уралдаанд түрүүлсэн багуудыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд нэхэмжлэгчийн оролцсон баг 1-р байранд шалгарч багаараа ******* улсад аялах эрхээр шагнуулж, компани холбогдох зардалд 58,756,363 төгрөгийг гаргаснаас 1 хүний зардал 4,990,000 төгрөг болжээ.
Иймээс анхан шатны шүүх энэ талаар үйл баримтыг зөв дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар шагнал урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарах тул мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 4,990,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ******* уралдаан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд хамаарахгүй гэсэн агуулгаар шүүх хариуцагчаас 4,990,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах нь давж заалдах шатны шүүхийн үндсэн чиг үүрэг юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний онцлог болон энэ талаархи Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан гэж давж заалдах шүүх дүгнэсэн. Гэвч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй учир нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдаж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулан дүгнэж, шийдлийг нь хэвээр үлдээв.
Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2024 оны 06 сарын 25-ны өдөр байгуулж, туршилтын хугацааг 3 сар байхаар тохиролцжээ. Хариуцагч туршилтын хугацааны эцэст буюу 2024 оны 10 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон тухайн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгожээ.
Ийнхүү хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон нөхцөлд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээний хугацааг сунгах эсхүл хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар тохиролцох эсэх нь тухайн гэрээний талуудын хүсэл зоригоос шалтгаална. Харин ажил олгогч туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарч байхад шүүх мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн буюу хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй тухай шалтгааныг ажил олгогч нотолсон байвал зохино гэсэн агуулгаар тайлбарлахгүй.
Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан хүрээнд хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулж, талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож байгуулсан нөхцөлд уг гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсныг мөн хуулийн 80 дугаар зүйлд заасантай адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүй тухай үндэслэлээ нотолсон байхыг ажил олгогчоос шаардахгүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан нь талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж буй үндэслэл юм.
Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогч гэрээг дуусгавар болгохоор ажилтанд сануулаагүй бол уг гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцох зохицуулалтад туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хамаарахгүй. Талууд хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсныг Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу тооцвол уг харилцаа 2024 оны 09 сарын 25-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрээ 2024 оны 10 сарын 01-ний өдөр гаргасан нь хуульд харшлаагүй байна.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хязгаарлах замаар нэхэмжлэгчтэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгосон байдал тогтоогдоогүй байна. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ХХК-д урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулан дүгнэнэ.
5. Нэхэмжлэгч хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн №Б/140 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарна.
Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож гэснийг хассан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01831 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ХХК-ийн *******ийн газарт, *******ийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас 17,768,563 төгрөгийг гаргуулж *******т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,790 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ