| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07046/И |
| Дугаар | 5261 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 5261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 51, Старс төв 22 тоотод байрлах, “Зууны чавхдас” ХХК /РД:5061458/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Жамьяндоржийн Цэндсүрэн /РД:УЕ79111503/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Зууны чавхдас ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Жамьяандоржийн Цэндсүрэн нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 51-60 УБС улсын дугаартай Toyotа Estimа маркийн авто машиныг барьцаалан, унаж явах нөхцөлтэйгээр Зууны чавхдас ХХК-иас 03/04 тоот зээлийн гэрээгээр 3.500.000 төгрөгийн зээлийг авсан. Ж.Цэндсүрэн нь 2015 оны 12 дугаар сараас хойш зээл, хүү төлөлгүй 10 сарын хугацаа өнгөрлөө. Ж.Цэндсүрэнгийн оршин суух хаягийн дагуу Налайх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан.
Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Жамьяндоржийн Цэндсүрэн /РД:УЕ79111503/-г эрэн сурвалжилж өгнө үү. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Зууны чавхдас” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Жамьяндоржийн Цэндсүрэн /РД:УЕ79111503/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК болон Ж.Цэндсүрэн нарын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 03/04 тоот “Зээлийн гэрээ” авагдсан байх ба уг гэрээгээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Цэндсүрэн нь нэхэмжлэгч “Зууны чавхдас” ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 3.500.000 төгрөгийн зээлийг авч, зээлийн барьцаанд Toyotа Estimа маркийн, 51-60 УБС улсын дугаартай авто машиныг барьцаалан, унаж явах нөхцөлтэйгээр гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлж дуусгах тухай хүсэл зориг илэрхийлэгдсэн байх тул үүгээр Ж.Цэндсүрэнг эрх зүйн харилцаанд оролцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.
Түүнчлэн хэрэгт Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 104/ШЗ2016/01041 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж авагдсан байна.
Уг захирамжаар “Зууны чавхдас” ХХК-ийн нэхэмжлэлтэй Жамьяндоржийн Цэндсүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.760.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Жамьяндоржийн Цэндсүрэн /РД:УЕ79111503/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь Ж.Цэндсүрэнг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Зууны чавхдас” ХХК-тай холбоо барих утас: 99040511, 98800879 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Зууны чавхдас” ХХК хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Жамьяндоржийн Цэндсүрэн /РД:УЕ79111503/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “Зууны чавхдас” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Зууны чавхдас” ХХК
холбоо барих утас: 99040511, 98800879 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА