Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2025/00724

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүргээ биелүүлж газар ашиглах эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд анх 2004 онд хамтран ******* дүүргийн ******* хорооны нутагт байх ******* м.кв газрыг барилга байгууламжийн хамт худалдаж авсан. Талууд өөр өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа. Харилцан тохиролцсоны дагуу ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 сарын 17-ны өдрийн ******* тоот захирамжаар дээрх обьектын хамрах газар болох ******* м.кв газрын ашиглах эрхийн гэрчилгээг авсан. Худалдах-худалдан авах гэрээний 2.1-т А тал буюу ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 сарын 17-ны өдрийн ******* тоот захирамжаар ашиглаж буй ******* м.кв газраас манай компани ашиглах эрх бүхий кадастрын зурагт авагдсан А цэгт ******* м.кв, С цэгт ******* м.кв, D цэгт ******* м.кв газар буюу нийт ******* м.кв газрыг С тал буюу ******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. ******* ХХК нь 2015 оны 11 сарын 15-ны өдөр ******* ХХК-д ажиллаж байсан *******д газартай холбоотой бүх баримтаа акт үйлдэж нотариатаар баталгаажуулан хүлээлгэн өгсөн. Харин ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан ******* нь Нийслэлийн газрын албанд хандаагүй гэж тайлбарладаг.

******* ХХК-аас өөрийн ашиглаж буй ******* м.кв газраас А цэгт ******* м.кв, С цэгт ******* м.кв, D цэгт ******* м.кв газар буюу нийт ******* м.кв газрыг ******* ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, ******* м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ХХК, ******* ХХК, ******* нарын хооронд 2015 оны 11 сарын 12-ны өдөр 3 талт гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамжийн дагуу өөрийн ашиглаж байгаа газраас хавсралт кадастрын зурагт заасан А цэгт байрлах ******* м.кв, С цэгт байрлах ******* м.кв, В цэгт ******* м.кв газар буюу нийт ******* м.кв газрыг ******* ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг 2015 оны 11 сарын 27-ны өдрийн дотор Нийслэлийн засаг даргад албан бичгээр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. ******* ХХК-ийн зүгээс газартай холбоотой төлбөр тооцоог дуусгаад газрын албанд хандсан ба баримт бичгүүдийг 2015 оны 11 сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн өмгөөлөгч *******тай акт үйлдэн хүлээлгэж өгсөн. ******* ХХК нь 3 талт гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэсэн баримт бол хэргийн материалд авагдсан газрын албаны аудитын албаны тайлбар, баримтууд зэргээр давхар нотлогдож байна.

******* ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшилд байсан газрын 5 жилийн хугацаа дууссан ба хугацааг сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2016 оны 08 сарын 19-ний өдөр гаргахад ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ******* нь газар ашиглах хугацааг сунгахыг түдгэлзүүлэх бичгийг газрын албанд гаргаж байсан. Үүнээс шалтгаалаад манай компани тухайн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах нөхцөл боломжгүй болж ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад ашиглахгүй байгаа газарт гэрээний хугацааг сунгах, хүчингүй болгох боломжгүй болсон байдаг. Тийм учраас ******* ХХК нь тухайн гурван талт гэрээний дагуу маргаан бүхий газрыг бүхэлд нь ******* ХХК-д эзэмшүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн албан тоот бол байдаг. Газрыг ашиглах эрхийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь дураараа бие биедээ шилжүүлэн өгөхийг Газрын тухай хуулиар хориглосон байдаг, үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн тухайд маргаан байхгүй, газрын төлбөрийн бид энэ хугацаанд төлж ирсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ашиглах эрх бүхий ******* м.кв газраас ******* м.кв газрыг нь ******* ХХК-д шилжүүлэн ашиглуулах албан хүсэлт болон ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, ******* м.кв газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хэсэгчлэн шилжүүлэх газрын кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээ тавьсан тойм зураг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлт акт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт, газрын төлбөр тооцоо нийлсэн акт, татварын албанд албан татвар, хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, татвар төлөгчийн тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг дахин бүрдүүлж Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ...Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газраас тогтооно гэж, газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.1.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан байна. Тухайлбал хариуцагч "*******" ХХК-д Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх" эрх олгогдоогүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэх, холбогдох баримтыг гарган өгөх замаар ашиглаж буй газраасаа хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргах боломжгүй юм. Хариуцагч *******" ХХК нь гэрээ байгуулах үед гадаадын хөрөнгө оруулалтай байсан. Нэхэмжлэгч "*******" ХХК нь 2020 оноос гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болон өөрчлөн зохион байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлдөө байлгаж байгаа бөгөөд зохих журмын дагуу /Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8/ эрх бүхий байгууллагад хандан газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэхээр байна. Хариуцагч "*******" ХХК-ийн нэр дээр газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсон ч "*******" ХХК нь өнөөдрийг хүртэл бодитоор эзэмшиж, ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд газрыг ашиглуулах эрхийг шилжүүлэх нь хариуцагчийн хүсэл зоригоос хамаарахгүй гэж дүгнэлээ" гэжээ.

"*******" ХХК нь хариуцагч ******* ХХК-тай хамтран үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээ тус тусын нэр дээр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Харин тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд байршиж байгаа газар нь бүхэлдээ "*******" ХХК-ийн нэр дээр ашиглах эрхтэй байхаар бүртгэгдсэн нөхцөл байдлыг тодруулсан нотлох баримтууд болон "*******" ХХК-ийн хүсэл зоригоор 2011, 2017, 2021, 2023 онуудад Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг олгож, хугацааг удаа дараа сунгаж байсан нь нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудаас хангалттай тодорхой харагдаж байгаа болно.

Дээр дурдсан Нийслэлийн Засаг даргын захирамж нь ямар нэг тусгайлан тогтоосон Засгийн газрын тогтоол шийдвэр, журамд үндэслээгүй бүгд газар эзэмших эрхийн нэг адил Газрын тухай хуулийн зохицуулалтаар шийдвэрлэгдсэн байдаг. Мөн газар ашиглах эрх шилжүүлэх хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргахад бүрдүүлэх баримт материал нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргахад бүрдүүлдэг баримтын нэг адил байдаг гэдгийг харуулсан Нийслэлийн газрын албаны албан маягт буюу бүрдүүлэх баримтын жагсаалт бүхий баримтыг мөн хэрэгт гарган өгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

"*******" ХХК нь өөрийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах газрыг ашиглах хүсэлтээ Нийслэлийн газрын албанд хандан гаргасан болон Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн хариу албан тоотыг ч мөн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.2. Мөн шүүхийн шийдвэрт "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх, хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр зохицуулжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний ихэнх хэсэг нь биелсэн буюу хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагч өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх, газар ашиглах эрхийг шилжүүлэн өгөхөөр заасан хэсгийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна" гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл болсон гурван талт гэрээний агуулга зорилтыг бүрэн ойлголгүй буруу дүгнэлт хийсэн бөгөөд буруу хуулийг шийдвэрийн үндэслэл болгосон. Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч "*******" ХХК-аас газар ашиглах эрхээ шилжүүлэхийг шаардаагүй, харин газар ашиглах эрх шилжүүлэхэд "******* ХХК-аас гаргаж өгөх шаардлагатай буюу Нийслэлийн газрын албанаас бүрдүүлэхийг шаарддаг баримтуудыг "*******" ХХК-аас гаргуулахыг даалгах агуулга бүхий шаардлага гаргасан.

Хариуцагчаас гаргуулахаар шаардаад байгаа баримтууд болон нэхэмжлэгч өөрийн зүгээс нэмж бүрдүүлэх баримтуудын хамт Нийслэлийн газрын албанд хандсанаар газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт гаргах бөгөөд ******* ХХК-д ******* ХХК-ийн ашиглаж байгаа газраас хэсэгчлэн шилжүүлэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх юм.

4.3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн ******* дугаар магадлалын хянавал хэсгийн 5-д 16 дугаар тал/ "Тодруулбал, нэхэмжлэгч нь зохих баримт бичгийг 2015 онд хариуцагчаас шилжүүлэн авснаас хойш уул эрхээ хэрэгжүүлээгүй байдал, хариуцагч 2020 онд газрын эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хүсэл зоригоо ямар шалтгааны улмаас хэрхэн өөрчилснийг шүүхээс мэтгэлцээнийг удирдан чиглүүлэх байдлаар тодруулан тогтоох, шаардлагатай нөхцөлд эрх бүхий этгээдээс энэ талаар тодруулга, лавлагаа авах нь хэргийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, талууд гэрээнд заасан газрыг харилцан шилжүүлэх боломжтой эсэхийг тодорхойлоход хамаарал бүхий гэж үзэхээр байна. хэмээн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гарган "*******" ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын хувийн хэргийг бүхэлд нь шүүхийн журмаар хэрэгт татаж авсан мөн Нийслэлийн газрын албанд газар ашиглах эрхийг шилжүүлэн авах хүсэлт хүртэл гаргасан болон Нийслэлийн газрын албанаас ирүүлсэн хариу албан тоотыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байхад дээрх магадлалд зааснаар Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Засаг даргаас тодруулбал ач холбогдолтой хэмээн дүгнээд байгаа нөхцөл байдлыг тодруулаагүй атал шүүх энэ асуудлыг шийдэх боломжгүй хэмээн үзэж байгаа тухай үндэслэлгүй тайлбар хийж шийдвэр гаргасан болно.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 02 сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. нэхэмжлэгч ******* ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд газрын харилцаанд хязгаарлагдмал эрхтэй оролцохоор хуульд зохицуулсан. Тодруулбал, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрхийн талаар тодорхой хуульчилсан, мөн хуулийн 45 дугаар зүйлд газар ашиглах эрхийн талаар тухайлан зохицуулсан. Эдгээр хоёр заалтыг харьцуулан харахад газар ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, бүгдийг нь болон хэсэгчлэн ашиглуулах, барьцаалах эрхийг газар ашиглагчдад хуулиар олгоогүй. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь газар ашиглах эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг гарган өгөх шаардлага хангагдсанаас үл шалтгаалаад талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг шилжүүлэх боломжгүй нь харагдана. Нэхэмжлэгч талын гомдолд газраа шилжүүлэх эрхгүй гэдгийг мэдэж байгаа гэсэн атлаа газар шилжүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг шаардсан гэх агуулгаар тайлбарласан нь ойлгомжгүй байна. Бичиг баримтыг гаргуулж газрыг шилжүүлж авах зорилготой гэж ойлгож байна. Гэрээний үүрэг буюу гурван талт гэрээний 2.1-д зааснаар хариуцагч талын ашиглаж буй газраас ******* м.кв газрыг нэхэмжлэгч талд эзэмшүүлэн, шилжүүлэх хүсэлт гаргах талаар тусгасан боловч ******* ХХК-аас газрыг шилжүүлэх боломжгүй. Тодорхой хэсгийг нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлэхийг хүссэн боловч боломжгүй. Гурван талт гэрээний 2.3-т дагалдах бичиг баримтын талаар тусад нь зохицуулсан бөгөөд газрын гэрчилгээ шилжүүлэх талаар заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх эрх газар ашиглагчид олгогдоогүй байдаг. Иймд энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийг хангах боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гэрээний үүргийн дагуу шаардсан учраас нэхэмжлэлийг хангах боломжгүй гэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гурван талт гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хариуцагчийн ашиглах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газарт хамаарах ******* м.кв газрын эрхийг шилжүүлэн өгөх, үүнд холбогдох баримт, материалыг бүрдүүлж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж тул газар ашиглах эрхээ хэлцэл хийх замаар бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон үндэслэлээр зохигчийн хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

4. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган ам,доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ гэж тодорхойлсноос үзвэл гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдаж бүртгэгдсэн Монгол Улсын хуулийн этгээд байхаар байна.

Харин Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт заасан Монгол Улсын аж ахуйн нэгж гэсэн ойлголтод гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хамаарахгүй буюу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 44 дүгээр зүйлийн агуулгаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нь зөвхөн газар ашиглах эрхтэй гэж ойлгогдож байна.

Хариуцагч ******* ХХК нь 2005 онд 90 хувь гадаадын хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан компани байх тул ******* дүүргийн Засаг даргын 2011.06.17-ны өдрийн ******* дугаартай захирамжаар тус дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* м.кв газрыг Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу ашиглах эрхтэйгээр олгосон, улмаар хариуцагчийн тухайн газар ашиглах эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2023.05.03-ны өдрийн ******* дугаартай захирамжаар 5 жилийн хугацаагаар сунгасан, ашиглах газрын хэмжээ ******* м.кв болж өөрчлөгджээ.

Газрын тухай хуульд заасан газар эзэмших болон газар ашиглах эрхийн гол ялгаа нь газар эзэмшигч нь уг эрхээ бусдад шилжүүлэх болон барьцаалах боломжтой байдаг бол газар ашиглагчийн хувьд ийм эрх байдаггүй. Иймээс хариуцагч нь Газрын тухай хуулийн агуулгаар ашиглах эрхээ бусдад шилжүүлэх боломжгүй юм.

Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардаж байгаа ******* м.кв газрын ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлд заасны дагуу түүнд шилжүүлэн өгөх эрх хариуцагч ******* ХХК-д хуулиар олгогдоогүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу газар ашиглах эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх болон мөн хуулийн 35.3.1-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх эрхийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил хэрэгжүүлэх бүрэн эрхгүй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг бөгөөд 2004 онд хариуцагчтай хамтран үл хөдлөх эд хөрөнгүүдийг газрын хамт худалдаж авсан, улмаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорхи ******* м.кв газрыг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар хариуцагч ******* ХХК болон иргэн ******* нартай 2015 оны 11 сарын 12-ны өдөр Гурван талт гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийг хариуцагч ******* ХХК биелүүлэхгүй байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Энэ агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь шаардаж буй ******* м.кв газрын хувьд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар өөрийгөө шударга эзэмшигч гэж тодорхойлон газар ашиглах эрхийг мэдэлдээ бүр мөсөн шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн агуулгыг илэрхийлсэн гэж үзэхээр боловч маргаж буй газрын ашиглах эрх хариуцагчийн нэр дээр байгаа үйл баримт тогтоогдсон учир мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардаж буй газрын ашиглах эрхийг хариуцагчаас шаардаж байгаа гэх үндэслэлгүй байна.

Харин талуудын байгуулсан гурван талт гэрээнд ******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 сарын 17-ны өдрийн ******* тоот захирамжийн дагуу ******* ХХК-д ашиглаж буй газраас ******* м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасныг ******* ХХК хүлээн зөвшөөрсөн нөхцөлөөр нэхэмжлэгч дурдсан газрыг ашиглахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлийн 2,670 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн газар дээр оршдог. Иймээс дээрх гурван талт гэрээгээр хариуцагч нь өөрийн газар дээр оршин байх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхийг хангахаар ******* м.кв газрыг нэхэмжлэгчид ашиглуулахыг зөвшөөрч хэлцэл хийснийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч энэхүү гэрээний 2.1-д зааснаар газрыг ашиглуулах зөвшөөрлөө 2015 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид гарган өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргээ биелүүлж 2015 оны 11 сарын 19-ний өдөр газар ашиглах эрхийг шилжүүлэхэд шаардлагатай 9 ширхэг баримтыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч Баримт бичгүүд хүлээлцсэн акт үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна. Ийнхүү хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний үүргийг дахин шаардах эрхгүй байна.

Анхан шатны шүүхээс талуудын энэхүү тохиролцоог хуульд нийцээгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, зохигчийн хооронд байгуулсан гурван талт гэрээг хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэв.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1... гэснийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Э.ЭНЭБИШ