Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Даваажавын Од холбогдох 1929001000067 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаалаар экспортлохыг хориглосон бараа болох 946,55 килограмм барагшуныг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/,

946,55 килограмм барагшуныг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-10, 18 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “...Барагшун нь говийн бүсэд байдаггүй, баруун аймгуудаар өндөр уулын хэсэгт тогтсон тогтоц юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаалаар гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг 5 жилийн хугацаагаар хориглосон байдаг. Барагшунд экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогоогүй учраас хохирол тооцох боломжгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 20-22 дугаар хуудас/,

Д.Оийн гэрчээр өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 13-ны орой “Цагаанхад”-наас урагш Хайрханы зогсоол дээр оочерт зогсож байсан нүүрс ачсан машины жолоочтой уулзаад 1 тонн барагшун урагш гаргуулаад 1 шуудай бараанд 100 юань өгье гэж хэлээд, нийтдээ 24 шуудайтай барагшун ачуулахаар тохироод дүүгийнхээ “Стана” маркийн тээврийн хэрэгсэлд ачих гэж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 23-25 дугаар хуудас/,

Гэрч Цэцэгчулууны: “...Би тухайн үед Улаанбаатар хотод байхад О эгч надруу утсаар яриад “эгч нь машиныг нь хэрэглэж бараа ачих гэсэн юм” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлж байсан. О эгч “Барагшун ачна” гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/,

Шинжлэн ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 01/66 дугаартай дүгнэлт /хх-н 36-37 дугаар хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 01/34 дугаартай дүгнэлт /хх-н 39 дүгээр хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаал, хавсралт /хх-н 47-49 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд “Би уг барагшуныг “Цагаанхад”-наас урагш байрлах Хайрханы харалдаа засмал замын зогсоол дээр ачих гэж байгаад цагдаагийн ажилтанд баригдсан” гэх мэдүүлэг /хх-н 44-46 дугаар хуудас/,

Д.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаалаар экспортлохыг хориглосон бара болох 946,55 килограмм барагшуныг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7 дугаар хуудас/,

- 946,55 килограмм барагшуныг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл /хх-н 8-10, 18 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-н 20-22 дугаар хуудас/,

- Д.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-25 дугаар хуудас/,

- Гэрч Цэцэгчулууны мэдүүлэг /хх-н 26-27 дугаар хуудас/,

- Шинжлэн ухааны академи Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээчийн 01/66 дугаартай дүгнэлт /хх-н 36-37 дугаар хуудас/,

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 01/34 дугаартай дүгнэлт /хх-н 39 дүгээр хуудас/,

- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаал, хавсралт /хх-н 47-49 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл гаргасан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас гэмт хэрэг туйлдаа хүрч, төгсөөгүй болох нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Д.Оийг хязгаарласан буюу “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг зөрчиж Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” гэж заагдсан боловч шүүгдэгч Д.Од холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөлд тооцов.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,600 /гурван мянга зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Д.Од 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 946,55 килограмм жинтэй, хар хүрэн өнгийн, нунтаг хэлбэртэй барагшуныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Даваажавын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 946,55 килограмм жинтэй, хар хүрэн өнгийн, нунтаг хэлбэртэй барагшуныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хүлээлгэж өгөхийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Оийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨЛЗИЙ-ОТГОН