Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00667

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00843 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дутуу олгосон цалин 3,135,449 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 39,866,680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,380,000 төгрөг, утасны төлбөр 200,000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай,

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2022 оны 05 сарын 09-ний өдрөөс эхлэн хариуцагч компанид хятад хэлний орчуулагч албан тушаалд ажилласан. Үндсэн цалинг 7,000 юаниар тохирч, цалин хөлсийг шилжүүлэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож олгохоор тохирсон. Ажилд анх ороход л хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хуульчаас хөдөлмөрийн гэрээний төсөл бэлэн болохоор гэрээг чинь байгуулна гэж хэлсэн. Үндсэн цалинг 2022 оны 07 сараас эхлэн дутуу тооцож олгосон, мөн 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 03 сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгоогүй. Компани хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчиж, 10 сарын хугацаанд 12-14 цагаар буюу өдөрт дор хаяж 4 цагаар илүү ажиллуулдаг байсан. Нөхөж амраадаггүй, илүү цагийн хөлсийг бодож олгодоггүй байсан. Илүү цагаар ажилласны нэмэгдэл нийт 39,899,680 (сард 136 цаг, 1 сард 3,989,968, нийт 10 cap ажилласан) төгрөг гаргуулах ёстой. Мөн ээлжийн амралтыг эдлээгүй, ээлжийн амралтын цалинг (нэг сарын дундаж цалин хөлс 3,305,360 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс 73,895 төгрөг, 15 хоног) бодож олгоогүй. Намайг эхнэр *******, ах ******* нартай холбогдуулан дарамталж, гүйцэтгэх захирал ******* 2023 оны 03 сарын 07-ны өдөр ажлаас хөөж, ажлын болон ажлын автомашины түлхүүрийг хураан авсан. Ажлаас халсан тушаал, шийдвэрээ танилцуулаагүй, бичгээр өгөөгүй. Уг асуудлаар 2023 оны 03 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нэг талын санаачилгаар, үндэслэлгүйгээр цуцалсан. Нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин нь 7,000 юань ба үүнийг Монголбанкнаас зарласан 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 472.94 ханшаар тооцвол нэг сарын үндсэн цалин 3,310,580 төгрөг болж байна.

Иймд, хятад хэлний орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, дутуу олгосон цалин 3,135,449 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 39,866,680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,380,000 төгрөг, утасны төлбөр 200,000 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Манай компанид нэхэмжлэгч ******* нь хятад хэлний орчуулагчаар ажилд орсон. Сарын цалин 800,000 төгрөг байсан. Мөн хөдөлмөрийн гэрээг танилцуулсан. Өөрөө ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д шалтгаангүйгээр 4 дээш хоног тасалсан бол ноцтой зөрчилд тооцогдоно гэж заасан. Нэхэмжлэгч 4 хоног ажилдаа огт ирээгүй. Байгууллагын автомашиныг 7.1.4.4-д заасныг зөрчиж авч явсан байдаг. 2023 оны 03 сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Иймд, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн цалин нь 800,000 төгрөг байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдоно. 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс томилсон тушаал дээр ч 800,000 төгрөгөөр цалинг тогтоосон байдаг. Хятад захирлууд өөрсдөө мөнгө шилжүүлсэн нь компанийн цалинтай хамааралгүй. Мөн илүү цагийн мөнгө, дутуу олгосон цалин гээд байгаа боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн ээлжийн амралтын мөнгийг тооцон шилжүүлсэн, мөн утасны төлбөрт нэмэлтээр төлбөр төлнө гэсэн тохиролцоо бол хийгээгүй, энэ талаарх баримт байхгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн орчуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны олговорт 75,390,920 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрын тодорхойлолтыг бичгээр байгуулах, ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, дутуу орсон цалин хөлс болох 3,135,449 төгрөг, 12 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл 39,866,680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,380,000 төгрөг, 2023 оны 1, 2 сарын утасны төлбөр 200,000 төгрөг гаргуулахыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 805,006 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ХХК-аас 534,904 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны тойргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. *******ын ажлын байр нь гадуур ажил гүйцэтгэдэг байлаа гээд ажлын цагийн бүртгэлд бүргүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Гэрч *******ийн өгсөн ...******* ажилдаа ирэх хугацаа нь болчихсон ажилдаа ирэхгүй байсан бөгөөд утсаа авахгүй байсан, хамтарч ажилладаг захирал нь хүртэл утсаа авахгүй ажилдаа ирэхгүй байгаа тул залгаад өгөөч компанийн автомашин аваад явчихлаа гэж байсан гэсэн мэдүүлэг, гэрч *******ын өгсөн ...эхлээд 2 сард эхнэр, ах нар нь ажлаас гарчихсан байсан. Харин ******* нь хэвийн ажиллаж байсан. 2 cap дуустал ажиллаад 3 сараас ажилдаа ирээгүй, эхнэр *******, ах ******* нар нь 02 сарын 13-ны өдөр ажлаа хаяад явчихсан. Тэгэнгүүт *******ыг яах юм бол гэж дарга нараас асуухад ******* ямар ч асуудалгүй үргэлжлүүлээд ажиллана гэж байсан. Тэгээд 3-р сардаа гараад утсаа авахаа болиод, ажилдаа ирэхээ больчихсон. Яг 2-р сарын цалинг нь тавьсны дараа *******наас дайвар ирээд тэрийг авах болсон. Тэгээд би ийм дайвар ирчихлээ авах хэрэгтэй байна гэсэн чинь ******* утсаа авахаа больчихлоо чи залгадаа гээд би залгасан боловч утсаа аваагүй. Ер нь хэн ч залгасан утсаа авахаа больчихсон. Тэрнээс хойш холбоогүй болоод ажилдаа ирэхээ больж байгаа юм байна гэж ойлгосон. 3 сараас хойш ажилдаа ирэхээ больсон гэсэн мэдүүлэг зэрэгт ******* нь 2-р сарын цалингаа аваад ажилдаа ирэхгүй утсаа авахгүй алга болсон болох нь тодорхой байна. Мөн дээр дурдсан ажилчдын ирцийн бүртгэлийг тухайн үед ******* бүртгэдэг байсан бөгөөд шүүхэд ирүүлсэн нотлох баримтад тухайн сарын ажилчдын ирцийн бүртгэлийн мэдээллийг баталгаажуулсан байдлаар ирүүлсэн бөгөөд *******ыг ажилдаа ирэхгүй алга болсон үед *******ийг төлөөлж өөр хүн бүртгэж байсан нь тухайн ирцийн бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Гэтэл шүүхээс 1 сарын хугацаанд бүртгэл хийсэн бүртгэлийг баталгаажуулсан баримтыг хэсэг хугацаанд *******ийг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь ******* гэх хүн эксэль дээр бүртгэл хийж байсан талаарх гэрчийн мэдүүлгийг илт гуйвуулж буруу тайлбарласан, гэрчүүдийн мэдүүлсэн мэдүүлгийг холбогдох хэсгүүдийг үнэлээгүй нь шүүх нотлох баримтыг үнэн зөв бодитоор дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна. Ийнхүү нотлох баримтыг буруу, дутуу үнэлснээс шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон үүргээ ноцтой зөрчиж ажил үүргээ дур мэдэн хүндэтгэн үзэх шалтгаангүй орхиж явсан зөрчлийг буруу дүгнэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн 6.6 дахь хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон *******ыг ажилд томилсон 2022 оны 10 сарын 01-ний өдрийн 61/22 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалд *******ын үндсэн цалинг 800,000 төгрөгөөр тогтоож, түүний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан болох нь баримтаар тогтоогддог. Мөн ******* нь гэрчийн мэдүүлэгтээ мөн компаниас цалин хөлс нь орж байсан үндсэн цалин нь 800,000 төгрөг, өөр нэмэлт орж ирсэн нь хятад захирлаас орсон мөнгө байж магад гэдэг байдлаар тайлбар хийсэн бөгөөд тэр нь ******* ХХК-аас орж ирсэн цалин гэж мэдүүлэгтээ дурдаагүй байхад шүүхээс шууд дурдсан мэт дүгнэсэн нь нотлох баримтыг илт гуйвуулж дүгнэсэн явдал юм. Мөн гэрч ******* нь мэдүүлэгтээ миний цалин 1,500,000 төгрөг байсан *******ын цалин 3,000,000 гаран байсан байх, 1 сарын хугацаанд нь л хамт ажилласан гэж мэдүүлсэн атал мөн шүүхээс түүнийг гуйвуулж *******ын цалинг 2 хувааж олгодог байсан байна гэж шууд дүгнэсэн нь шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрлэхэд хүргэсэн. Учир нь, дээрх баримтууд нь *******ыг 7,000 юаны цалин хөлстэй болохыг тогтоосон нотлох баримт биш юм.

4.3. Мөн анхан шатны тойргийн шүүх ...шийтгэх тогтоолд нийгмийн даатгуулагчдын шимтгэл төлөлтийг худал мэдүүлсэн... талаар дүгнэсэн байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн цалинг 7,000 юань гэж тооцсон нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөн. Учир нь, тухайн хэрэгт жолооч *******анд ажиллаж байсан ажилчид болон жолооч нарын цалин хөлстэй холбоотой асуудал байсан бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй байсан нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзэлгүй шууд гуйвуулж үнэлсэн нь хууль бус юм. Хэрвээ нэхэмжлэгч нь түүний цалинг 800,000 төгрөгөөр тооцож олгож байгаа нь талуудын тохиролцооноос өөр, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж байна гэж үзсэн бол хууль, шүүхийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч нь ямар ч гомдол санал гаргаж байгаагүй болно.

4.4. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажиллуулж байхдаа 1 сарын үндсэн цалинг нь 800,000 төгрөгөөр тооцож, cap бүр цалин хөлсөө олгож байсан болох нь нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайлан, нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тодорхой харагдаж байгаа. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг 7,000 юанаар тооцож байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т заасныг зөрчсөн. Учир нь, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулиар тогтоосон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бөгөөд тус харилцааны дагуу олгох цалин хөлсөө талууд 800,000 төгрөгөөр илэрхийлсэн атал шүүхээс юанаар тооцож шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийг зөрчөөд зогсохгүй, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 107.1-т заасныг зөрчсөн байна.

Иймд, нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчсөн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2023 оны 2 сард би байгаагүй учраас *******ын цагийг бүртгээгүй гэж тайлбарладаг. Гэвч зөрчлийн хуудас, цагийн бүртгэлд *******ийн гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан. *******ийн гэрчийн мэдүүлэгт ******* нь *******ын цагийг бүртгэсэн гэх боловч ******* хэзээнээс хэзээ хүртэл, ямар бүртгэл хийсэн гэдгийг хариуцагч талын гаргасан баримтаар нотлох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Анхан шатны шүүхээс *******ийг давхар *******ын цагийг бүртгэсэн гэдгийг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн зөрчлийн хуудсанд *******ыг тээврийн хэрэгслийг дур мэдэн авч явсан гэж дурдсан. *******, ******* нар нь хэн, ямар тээврийн хэрэгслийг авч явсан гэдгийг хараагүй бөгөөд ямар тээврийн хэрэгслийг авч явсныг асуухад 2 өөр улсын дугаартай, өөр маркийн тээврийн хэрэгсэл нэрлэж, зөрүүтэй мэдүүлэг өгдөг. ******* нь 2023 оны 03 сарын 09-ний өдөр ажилдаа ирээд, халагдах болсноо мэдсэн гэж тайлбарладаг. Уг нөхцөл байдал нь гэрч *******ийн гаргасан мэдүүлгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн *******-тай харилцаж байсан вичатад үзлэг хийлгэж, 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 07-ны өдрүүдэд ажилласан гэдгээ тогтоолгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-аас 2 удаа *******д цалин олгож, бусад цалинг хувь хүний ГХ гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн байгааг тухайн байгууллагын нягтлан бодогчоос уг гүйлгээнүүдийг *******ын цалин мөн үү гэж асуухад тийм, нэхэмжлэгчийн сарын цалин мөн гэх хариуг өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, дутуу олгосон цалин 3,135,449 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 39,866,680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,380,000 төгрөг, утасны төлбөр 200,000 төгрөг тус тус гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...ажилтан нь шалтгаангүйгээр 4 хоног ажил тасалж, байгууллагын автомашиныг авч явж хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан, ажилтны нэг сарын цалинг 800,000 төгрөгөөр тохирсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

3. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш тул үүнийг шийдвэрлэсэн хэсгийг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна.

4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч ******* нь 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс хариуцагч ******* ГХОХХК-д орчуулагчаар ажилласан, улмаар ******* ГХОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажлаас халагдсан үйл баримтыг зөв тогтоожээ.

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг удирдлага болгосон байх ба ...******* нь ... ажлын байранд 4 хоног дараалан ирээгүй ... гэх үйл баримтыг үндэслэл болгожээ.

5. Хариуцагч тал нь ...ажилтан хөдөлмөрийн дотоод журмын 7.1.4.5-д заасан ноцтой зөрчил гаргасан... гэх боловч ******* дугаартай тушаалд уг заалтыг дурдаагүй буюу ...Дотоод журмын холбогдох зүйл заалтыг үндэслэн... гэж тодорхойгүй бичсэн, мөн ...ажилтныг 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн... гэх боловч ...2022.03.01... гэж зөрүүтэй бичжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, 43.2.3-т ажил олгогч нь хувь хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтанд хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх үүрэгтэй гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Ажил олгогч ******* ГХОХХК нь хуульд зааснаар ажилтан *******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Өмнө дурдсанчлан, хөдөлмөрийн гэрээ байгуулж, хувийг баталгаажуулж өгөх нь ажил олгогчийн үүрэг тул ******* ХХК-ийн гаргасан ...******* нь ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа учраас хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэсэн... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-т ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан.

Ажилтан ******* нь хөдөлмөрийн гэрээгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан тул ажил олгогч ******* ГХОХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан... гэсэн үндэслэлээр *******тай байгуулсан хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгох боломжгүй юм.

Иймд, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, улмаар хариуцагч талын гаргасан ...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулах ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон, энэ талаар хариуцагч талын гаргасан ...нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 800,000 төгрөгөөр тохирсон, энэ нь ажилтанг ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргээр нотлогдоно... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, хэргийн 10-20-р талд авагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ас үзвэл, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 1,940,400 төгрөгийг цалин гэсэн утгатайгаар, 2022 оны 07 сарын 02-ны өдөр 3,248,000 төгрөг, 2022 оны 08 сарын 04-ний өдөр 3,248,000 төгрөгийг тус тус ******* гэсэн утгатайгаар, 2022 оны 09 сарын 02-ны өдөр 3,255,000 төгрөгийг *******гэсэн утгатайгаар, 2022 оны 10 сарын 01-ний өдөр 3,248,000 төгрөгийг 6290817 гэсэн утгатайгаар, 2022 оны 11 сарын 02-ны өдөр 1,638,833 төгрөг, 655,200 төгрөг, 159,300 төгрөгийг тус тус gh, ******* ХХК-аас цалин; ******* гэсэн утгатайгаар, 2022 оны 11 сарын 06-ны өдөр 766,666 төгрөгийг ******* гэсэн утгатайгаар, 2022 оны 12 сарын 03-ны өдөр 3,220,000 төгрөгийг gh гэсэн утгатайгаар, 2022 оны 12 сарын 27-ны өдөр 655,200 төгрөг, 2,564,800 төгрөгийг ******* цалин, ******* гэсэн утгатайгаар, 2023 оны 01 сарын 31-ний өдөр 3,220,000 төгрөг, 2023 оны 02 сарын 17-ны өдөр 1,610,000 төгрөг, 2023 оны 03 сарын 01-ний өдөр 1,610,000 төгрөгийг тус тус ******* гэсэн утгатайгаар ажил олгогчоос тус тус *******ын өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, сар бүрийн эхэнд тодорхой давтамжтайгаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь дийлэнх тохиолдолд 3,000,000 гаруй төгрөгийн үнийн дүнтэй байх тул ...үндсэн цалинг 7,000 юаниар тохирч, цалин хөлсийг шилжүүлэх өдрийн Монголбанкны ханшаар тооцож олгохоор тохирсон... гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзнэ.

9. Иймд, ажилгүй байсан хугацааны олговрыг 7,000 юань буюу 3,310,580 төгрөгөөр тооцож /1 юань = 472.94 төгрөг/, нийт 75,390,920 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

10. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардсан ...дутуу олгосон цалин 3,135,449 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 39,866,680 төгрөг, ээлжийн амралтын цалин 3,380,000 төгрөг, утасны төлбөр 200,000 төгрөг тус тус гаргуулах... шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/00843 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...154 дүгээр зүйлийн 154.8, ... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.2.2, ... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...43.2.3, ... гэснийг, ...154 дүгээр зүйлийн 154.2.2-т... гэснийг, ...хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулах, ... гэснийг тус тус хасаж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 628,104 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаа р магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР