Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00668

 

 ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01155 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,407,904 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ******* ХХК нь *******тай 2021 оны 02 сарын 08-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 39,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Мөн өдөр *******-01 дугаартай ипотекийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* тоот хаягт байрлалтай, ******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 507 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, тус хаягт байрлалтай, ******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 156 м.кв талбайтай хувийн сууц, ******* ХХК-ийн эзэмшлийн ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн цистерн машиныг барьцаалсан. Мөн өдрийн *******-03 дугаартай батлан даалтын гэрээгээр ******* нь зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүргийг зээлдэгчтэй хамтарч хариуцахаар батлан даагчаар орсон. 2021 оны 02 сарын 09-ний өдөр *******-04 дугаартай барьцааны гэрээгээр ******* ХХК нь 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа, бэлэн бүтээгдэхүүн барьцаалсан. Банк нь 2021 оны 02 сарын 09-ний өдөр зээлдэгч ******* ХХК-ийн ******* дахь ******* тоот дансанд 39,000,000 төгрөгийг шилжүүлэн зээл олгож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. 2022 оны 04 сарын 20-ны өдөр ******* ХХК нь зээлийн барьцаанд байгаа ******* арлын дугаартай, ******* маркийн машиныг барьцаанаас чөлөөлүүлэх, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлсний дараа сарын дотор шинээр худалдан авсан машиныг барьцаанд тавих талаар гаргасны дагуу ******* нь 2022 оны 04 сарын 27-ны өдөр тус хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, худалдан авсан шинэ машиныг сольж барьцаалахаар шийдвэр гаргасан ч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл шинээр авсан машинаа барьцаалаагүй. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 25,543,023 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,846,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,210 төгрөг, нийт 36,432,426 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 537 хоног хэтрүүлээд байна. ******* нь зээлдэгчтэй утсаар холбогдож зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд, үндсэн зээлийн үлдэгдэл 13,456,976 төгрөг, 2024 оны 04 сарын 09-ний өдрийн байдлаарх зээлийн хүү 6,078,225 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701 төгрөг, нийт 20,407,904 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-аас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг *******, *******нарын өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн хариу тайлбарын агуулга: ******* ХХК-ийн зүгээс зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлөлттэй холбоотойгоор маргахгүй. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ хожуу шаардсан буюу үндэслэлгүйгээр зээлийн хүүг явуулсан гэж маргаж байгаа. Талууд зээлийн гэрээг 2021 оны 02 сарын 08-ны өдөр нийт 30 сарын хугацаатай байгуулан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор тохирсон. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн хэтрүүлж эхэлсэн буюу үүргийн зөрчил гаргаж эхэлсэн. Гэтэл банкны хувьд уг цаг хугацаанаас гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй, 2024 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагч ******* ХХК-ийг хохироож байна. Түүнчлэн, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 3 удаа гүйлгээ хийсэн байх бөгөөд 2023 оны 10 сарын 17-ны өдөр 999,000 төгрөг, 2023 оны 11 сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, нийт 1,899,000 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг хэрхэн төлүүлэх талаар талууд тохиролцоогүй. Тодруулбал, 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 999,000 төгрөгөөс хүүг суутгаж, нэмэгдүүлсэн хүүгээс хасалт хийгээгүй, 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 400,000 төгрөгөөс хүүг суутгаж, нэмэгдүүлсэн хүүг ч суутгасан, харин 2023 оны 12 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг орсон бүхэлд нь үндсэн зээлээс суутгасан буюу хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасалт хийгээгүй. Энэхүү байдал нь зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш хэрэглэгчээс орсон төлбөрийг банк ямар дарааллаар суутгаж авч байгаа нь тодорхойгүй байгааг нотолно. Талууд гэрээгээр тохиролцоогүй учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу үндсэн үүрэг араас нь хүүг төлүүлнэ. Иймд, манай компаниас гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн төлбөр болох 1,899,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Тодруулбал, 2023 оны 07 сарын 31-ний өдөр гэхэд манай үндсэн зээл 14,998,172 төгрөг байсан. Үүнээс дээрх мөнгийг хасуулж үндсэн зээлд 13,099,172 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Харин зээлийн хүүг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн байдлаар буюу 4,078,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг мөн тус өдрийн байдлаар буюу 47,625 төгрөг, нийт 17,225,315 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагын тухайд манай ******* ХХК-д холбогдуулан гаргаагүй тулд үүнд холбогдох хариу тайлбар гаргахгүй гэжээ. 

3. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: Хоёр компани хоорондоо тохирчихвол надад хэлэх зүйл алга байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нөхөр ******* нас барсан. Миний бие ажил хийхгүй байгаа тул эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. 2021 онд бид нар өөрсдөө цуг явж барьцааны гэрээ байгуулж байсан. Барьцааны гэрээ байгуулж байсан талаар маргаан гээд байх зүйлгүй. Өөрсдөө тус тусынхаа ажлыг хийгээд асуудлаа шийдчихвэл маргах зүйлгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1-т тус тус зааснаар хариуцагч ******* ХХК-аас 19,598,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 809,631 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох *******, *******нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 507 м.кв талбайтай, нэгж талбарын ******* дугаартай, худалдаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг*******-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн хариуцагч *******аас татгалзсаныг баталж *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 255,943 төгрөгийг, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үндсэн зээл, хүүгийн тооцоолол хийж үзэхэд зээлийн гэрээний үүрэгт шаардсан шаардлагын хэмжээ агуулгын хувьд дараах байдлаар өөрчлөгдөж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 13,456,976 төгрөгөөс 357,804 төгрөгөөр буурч 13,099,172 төгрөг, үндсэн хүү 6,078,225 төгрөгөөс 307,588 төгрөгөөр өсөж 6,385,813 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701 төгрөгөөс 2,023 төгрөгөөр өсөж, 874,725 төгрөг болж байна. Ингэснээр нэхэмжлэлийн шаардлага нийт дүнгээр 48,192 төгрөгөөр буурч, 20,359,711 төгрөг болж байна.

5.2. Зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо төлөх хугацаа хэтэрсэн үндсэн зээлийн төлбөрөөс тооцдог, мөн нэмэгдүүлсэн хүүний хувь хэмжээг үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүй байхаар гэрээнд тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсны дагуу тооцоолсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан нөхцөл байдал үүсээгүй болно.

5.3. Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 02 сарын 09-ний өдрөөс 2023 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл тооцогдсон үндсэн хүү 15,346,182 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600,265 төгрөг дээр маргаагүй зөвшөөрсөн. Мөн 2021 оны 03 сарын 22-ны өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөрт 24,001,827 төгрөг, үндсэн хүү 10,498,443 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,154 төгрөг тус тус төлөгдсөнд маргаагүй.

5.4. Үндсэн зээл төлөгдөж, буурч байгаа тул хуримтлагдсан үндсэн хүүнд нөлөө үзүүлж бууруулах ёстой. Тооцооллыг хийж үзвэл, 2023 оны 10 сарын 17-ны өдөр хүүгийн төлбөрт төлөгдсөн 300,827 төгрөг 2024 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл 175 хоног ашиглагдсанд тооцогдон 34,615 (300,827.99*24%/365*175=34,615.82) төгрөг, 2023 оны 11 сарын 13-ны өдөр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлөгдсөн 56,976 (46,920.85+10,056.07 =56,976) төгрөг, 2024 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл 148 хоног ашиглагдсанд тооцогдон 5,544 төгрөг, нийт 40,160 төгрөг хуримтлагдсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан тооцоолол хийснээр нэхэмжлэлийн шаардлагын хүүний хэсгээс хасагдах дүн юм. Өмнө нь хуримтлагдсан хүүнээс төлөгдсөн 347,748 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлийн төлбөрт тооцож байгаа тул цэвэр дүнгээр 307,588 (347,748.84-40,160.53=307,588) төгрөг нэхэмжлэлийн шаардлагын хүүний хэсэгт нэмэгдэж байна.

5.5. Үндсэн зээл төлөгдөж, буурч байгаа тул хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүнд нөлөө үзүүлж, түүнийг бууруулах ёстой. Тооцооллыг хийхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдсөн хүүний төлбөрийг үндсэн зээл төлөгдсөн тооцвол тухайн хугацаанд хамаарах нэмэгдүүлсэн хүүг бууруулах дүн дараах байдалтай болно. 2023 оны 11 сарын 13-ны өдөр өмнө нь хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний төлбөрт төлөгдсөн 10,056 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт шилжүүлж тооцсон тул цэвэр дүнгээр 2,023 (10,056.07-8,032=2,023) төгрөг нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүний хэсэгт нэмэгдэнэ.

Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас нийт 20,359,711 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээл 13,456,977 төгрөг, зээлийн хүү 6,078,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701 төгрөг, нийт 20,407,904 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч *******т холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай хувийн сууц, 507 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ХК нь ...хариуцагч ******* нас барсан гэдгийг мэдэлгүйгээр анх нэхэмжлэл гаргасан... гэсэн үндэслэлээр түүнээс татгалзсан.  

3. Хариуцагч ******* ХХК нь дээрх шаардлагаас зээлд 13,099,172 төгрөг, зээлийн хүүнд 4,078,518 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,625 төгрөг, нийт 17,225,315 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 3,182,589 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...банк нь зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр өссөн, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи эргэн төлөлтийг ямар дарааллаар суутгаж авахыг гэрээгээр тохироогүй учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах ёстой... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч *******нь өөрт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

4.1. ******* ХК, ******* ХХК-иуд 2021 оны 02 сарын 08-ны өдөр ******* дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 39,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, ******* ХХК нь уг зээлийг тохирсон хуваарийн дагуу хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү нэмж төлөх нөхцөлийг тохиролцсон;

4.2. Мөн өдөр ******* ХК, ******* нар *******-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******, ******* нарын өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай хувийн сууц, 507 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар зэргээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон;

4.3. Хариуцагч *******нь уг хувийн сууц, өмчлөх эрхтэй газар зэргийг ******* ХК-д барьцаалахыг хамтран өмчлөгч *******т зөвшөөрсөн.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

6. Хэрэгт авагдсан Дансны хуулга, Нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол-оос үзэхэд зээлдүүлэгч ******* ХХК нь 2021 оны 02 сарын 09-ний өдөр 39,000,000 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгч, үүргээ гүйцэтгэсэн, ******* ХХК нь зээлд 25,543,023 төгрөг, хүүнд 10,846,192 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43,211 төгрөг, нийт 36,432,426 төгрөгийг төлж, 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна.

 7. Иймд, нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй.

8. Дээр дурдсан шаардах эрхийг үүрэгжүүлэх боломжгүй ...банк нь зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр өссөн... гэх хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн, ******* дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-ний 4.6-д Зээлийг төлбөр гүйцэтгэх хугацаанаас хожимдуулан эсхүл дутуу төлвөл уг дүнгээс тухайн төлбөр хийх хүртэл хуримтлагдан тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, хүүг төлүүлж үлдэх дүнг үндсэн төлбөрт тооцно гэж тусгасан байх тул ...зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи эргэн төлөлтийг ямар дарааллаар суутгаж авахыг гэрээгээр тохироогүй учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллыг баримтлах ёстой... гэх хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзал мөн үндэслэлгүй.

9. Тиймээс, хэргийн 46-р хуудаст авагдсан Нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол-ыг үндэслэлтэй гэж үзэх тул хариуцагч ******* ХХК-аас зээл 13,456,977 төгрөг, зээлийн хүү 6,078,226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701 төгрөг, нийт 20,407,904 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасантай нийцнэ.

Гэсэн хэдий ч, нэхэмжлэгч ******* ХК нь нийт 20,359,711 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын (диспозитив) зарчимд нийцнэ. 

10.  Өмнө дурдсанчлан, *******-01 дугаартай Ипотекийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ тул анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцжээ.

11. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 2 дахь заалтад хуулийн этгээдийн хэлбэрийг буруу бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01155 дугаар шийдвэрийн  

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...19,598,543.08... гэснийг ...20,359,711... гэж, ...809,631.19... гэснийг ...48,193... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...******* ХК... гэснийг ...******* ХХК... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 23,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР