| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2024/04313/И |
| Дугаар | 210/МА2025/00669 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00669
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00633 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 53,600,000 төгрөг гаргуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Талуудын хооронд 2022 оны 09 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй 45,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэрээний 3.2, 3.3-т заасны дагуу зээлдэгч нь сар бүрийн 19-нд зээлийн хүүг төлж, 2023 оны 09 сарын 19-ний өдөр зээл болон зээлийн хүүг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нь 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүүнд нийт 45,400,000 төгрөгийг буцаан төлсөн.
Иймд, хариуцагч *******гаас зээлийн хүүний үлдэгдэл 8,600,000 төгрөг, үндсэн зээл 45,000,000 төгрөг, нийт 53,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Миний бие *******аас 2022 оны 03 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 19-ний өдрийг хүртэл нийт 32,500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь нотариатаар батлагдаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн гэрээний үнийн дүн 45,000,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг огт өгөөгүй. Миний бие *******-д 56,500,000 төгрөгийг буцаан төлсөн буюу 20,000,000 гаруй төгрөг илүү төлсөн нь банкны хуулгаар нотлогдоно. Гэхдээ энэ илүү төлөлтийг буцаан нэхэмжлэхийг хүсэхгүй байна. 2022 оны 11 сарын 04-ний өдрийн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгөхийг хүсэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 20,820,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 32,780,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 425,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 262,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болоогүй байна.
4.1. Миний бие *******тай 2021 оны 03 сарын 30-ны өдрөөс 2024 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл хамт амьдарсан. Бидний салах болсон шалтгаан нь тэрээр өөрийн эхнэр *******ыг манай үеэл байгаа юм, мөнгөө өсгөх гэсэн юм гэж хэлж надад болон манай хүүд маш өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж байсан нь илэрсэн.
4.2. ******* нь надтай хамт амьдарч байх хугацаандаа хоол, хувцас, машины сэлбэг зэрэг бүгдийг нь надаар төлүүлж байсан. Би нөхөртэй болж байгаа гэдэг үүднээс түүний нийгмийн даатгалыг сайн дураараа төлж байсан, үзэх кабелийн мөнгө, биеэ үнэлэгчийнх нь төлбөрийг хүртэл төлж өгч байснаар барахгүй ******* болон түүний эхнэр ******* нарын зээлийн хүүг төлөхийн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эрүүл мэндээрээ хохирсон. Миний бие *******аас авсан 32,550,000 төгрөгөөс 51,614,850 төгрөг төлсөн байна.
4.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг, мөн гэрээ байгуулсан 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Монголбанкны мэдээлэл, статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас үзэхэд зээлийн хүү сард 1.2 хувь, 1.4 хувьтай байсан тул ******* эхнэртэйгээ нийлээд надад 10 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлснийг харгалзан үзэж зээлийн хүүг сарын 1.4 хувиар тооцон, миний төлөх мөнгийг багасгаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээх хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч тал нотлох үүрэгтэй, гэтэл нотлогдоогүй зүйлийг гомдолд дурдсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тул анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийг ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан. Гэхдээ анхан шатны шүүх уг үйл баримтыг Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуульд хамаарахгүй гэж зөв дүгнэсэн. Хариуцагч тал шүүх хуралдааны явцад дансны хуулга болон тооцооллыг хоёр удаа гаргаж өгсөн. Мөн давж заалдах гомдолд тооцоолол хийсэн. Гэтэл уг 3 тооцоолол нь хоорондоо зөрүүтэй байна. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг гэж 4,500,000 төгрөгийг 4 удаа төлсөн буюу хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхад хүү өндөр байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 8,600,000 төгрөг, нийт 53,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...зээлийг бүрэн аваагүй, зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр, зээлийг төлж барагдуулсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Талууд 2022 оны 03 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай *******д зээлдүүлэхээр тохирсон;
3.2. Мөн талууд 2022 оны 04 сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 30,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай *******д зээлдүүлэхээр тохирсон;
3.3. Үүнээс гадна талууд 2022 оны 09 сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 45,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай *******д зээлдүүлэхээр тохирсон;
3.4. Түүнчлэн, ******* нь бичгээр гэрээ байгуулахгүйгээр 2022 оны 03 сарын 23-ны өдөр 13,850,000 төгрөг, 2022 оны 04 сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 22-ны өдөр 4,700,000 төгрөг, 2022 оны 09 сарын 19-ний өдөр 12,000,000 төгрөг, нийт 32,550,000 төгрөгийг *******гийн өмчлөлд шилжүүлсэн;
3.5. ******* нь 2022 оны 05 сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 56,500,000 төгрөгийг *******ын өмчлөлд буцаан шилжүүлсэн.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
5. Иргэний хуулийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан тул зээлийн гэрээнүүдэд дурдагдсан үнийн дүн бус харин зээлдэгч *******д бодитоор шилжүүлсэн үнийн дүнгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн боловч ...зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр... гэж хариуцагч тал маргасныг, мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус зохицуулсныг анхаараагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
6. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнүүдэд зээлийн хүүг сарын 10 хувь буюу жилийн 120 хувиар тогтоосныг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг багасгаж, сарын 5 хувь буюу жилийн 60 хувиар тооцох нь зүйтэй гэж үзэв.
6.1. Ийнхүү тооцоход 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу (13,850,000 + (13,850,000 х 5% х 12 сар)) = 22,160,000 төгрөг, 2022 оны 09 сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу (12,000,000 + (12,000,000 х 5% х 12 сар)) = 19,200,000 төгрөг, нийт 41,360,000 буцаан төлөх үүргийг ******* хүлээнэ.
6.2. Харин *******аас *******-д 2022 оны 04 сарын 04-ний өдөр шилжүүлсэн 2,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 22-ны өдөр шилжүүлсэн 4,700,000 төгрөг, нийт 6,700,000 төгрөгийн хувьд бичгээр байгуулсан гэрээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй;
6.3. Мөн ******* нь 2022 оны 04 сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ-ний дагуу *******д мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй байна.
7. Иймд, хариуцагч ******* нь бүгд 48,060,000 төгрөг (41,360,000+6,700,000) төлөх үүрэг хүлээснээс тэрээр 56,500,000 төгрөгийг *******ад буцаан төлж үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул төлөх төлбөргүй гэж үзэх буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч ******* нь 2024 оны 07 сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...56,500,000 төгрөгийг буцаан төлсөн... гэж, 2025 оны 03 сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо ...51,614,850 төгрөгийг буцаан төлсөн... гэж тус тус тайлбарласан байх боловч аль ч тохиолдолд дээр дурдсан 48,060,000 төгрөгөөс хэтэрч байгааг үүгээр нэмж тайлбарлах нь зүйтэй.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 53,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 262,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР