Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүх дүүрэг, 2 дугаар хороо, Сансар их тойруу 112/3 тоотод байрлах, “Сютлбимэкс” ХХК /РД:2887088/

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо,  4 дүгээр хороолол, 9-А байр, 63  тоотод оршин суух, 1969 онд төрсөн 47 настай, Гомбожав овогт Базаррагчаагийн Баасанбилэг /РД:ЧЕ69111775/

           Гэрээний үүрэгт 6.450.000 төгрөг гаргуулахыг шаардсан иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр,  хариуцагч Б.Баасанбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сютлбимэкс” ХХК нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Манай компани нь иргэн Б.Баасанбилэгтэй харилцан тохиролцож 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 6.950.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг нийлүүлсэн. Харилцан тохиролцсон ёсоор 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тамхийг нийлүүлсэн бөгөөд иргэн Б.Баасанбилэг нь төлбөрийг төлөх үүрэгтэй байхад өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдэл 6.450.000 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг баталгаажуулсан. Өнгөрсөн хугацаанд шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараа хэлсээр ирсэн. Бид эвлэрүүлэн зуучлах төвд эвлэрэх талаар өргөдөл гаргасан боловч эвлэрч чадаагүй тул шүүхэд хандсан. Иймд Б.Баасанбилэгээс 6.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч Б.Баасанбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Нарантуул захад ажилладаг. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Сютлбимэкс” ХХК-иас тамхи авсан нь үнэн. Тамхи борлуулалт муутай байсан. Нарантуул захын худалдааны 78 дугаар павьлион 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шатаж бид 240 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ байдлаас болж тамхины үнийг төлж чадаагүй. Дээрхи хохиролд эдний заруулж байсан тамхи орсон. Нарантуул захын захиргаанаас хохиролыг гаргуулахаар хөөцөлдөж байгаа боловч үр дүнд хүрээгүй байна. Хохиролын мөнгийг бидэнд өгвөл тамхины мөнгийг төлөх боломжтой гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК хариуцагч Б.Баасанбилэгт холбогдох гэрээний үүрэгт 6.450.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Баасанбилэг нь 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК-иас 6.950.000 төгрөгний үнэ бүхий тамхийг хүлээн авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, зарлагын падаан, тооцоо үлдэгдлийн баталгаа гэсэн баримтуудаар тогтоогдсон байна.

 Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан тул нэхэмжлэгчээс хариуцагчид 6.950.000 төгрөгний тамхийг хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК, хариуцагч Б.Баасанбилэг нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Шүүх хуралдаанд зохигч 6.950.000 төгрөгний үнэ бүхий тамхийг шилжүүлсэн болон үнийн дүнд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал Б.Баасанбилэг Нарантуул захын хүнсний хэсэгт гал гарч их хэмжээний хохирол хүлээсэн, одоог хүртэл хохирлоо барагдуулан авч чадаагүй тул хэзээ төлөхөө мэдэхгүй гэснээр дахин уулзалт зохион байгуулах хүсэлтийг талууд гаргасан боловч товлосон уулзалтанд уригдсан тал Б.Баасанбилэг хүрэлцэн ирээгүйгээс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч нь Нарантуул захад ажиллуулж байсан павьлион шатсанаас болж хохирол учирсан, нэхэмжлэлийн шаардлага 6.450.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарладаг боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагчаас эд хөрөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага 6.450.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй бөгөөд дээрх тайлбар нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Б.Баасанбилэгээс 6.450.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК-нд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

  

ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Баасанбилэгээс 6.450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК-нд олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Баасанбилэгээс 118.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сютлбимэкс” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА