| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2025/00116/И |
| Дугаар | 210/МА2025/00702 |
| Огноо | 2025-04-28 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/00702
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03213 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан, Хан-Уул дүүрэг,******* хороо, *******гийн ******* байр, ******* тоот хаягт байрлах 183.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 567,872,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо 2012-2013 онд ашиглалтад орсон орон сууцнуудтай харьцуулсан, хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий этгээд хийсэн эсэх нь эргэлзээтэй, хөрөнгийн үнэлгээ нь ойлгомжгүй, илтэд зөрүүтэй, үнэлгээ хийх журам, стандартыг зөрчсөн, мөн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэж тус тус тайлбарлан маргажээ.
4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00256 дугаар захирамжаар хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 4,112,764,840 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 10,360,887 төгрөг, нийт 4,123,125,727 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь өмнө дурдагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 сарын 20-ны өдөр битүүмжилж, 2024 оны 11 сарын 19-ний өдөр хураан авч, 2024 оны 12 сарын 03-ны өдөр ******* ХХК-ийн үнэлгээчин *******г шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54, 55 дугаар зүйлд тус тус нийцжээ.
6. Шинжээч ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******аас 2024 оны 12 сарын 03-ны өдөр шинжээчид хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.
Иймд, ...хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий этгээд хийсэн эсэх нь эргэлзээтэй... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
7. Шинжээч ******* нь Хан-Уул дүүрэг,******* хороо, *******гийн ******* байр, ******* тоот хаягт байрлах 183.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 567,872,000 төгрөгөөр тогтоосон ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, стандарт, үнэлгээний зүйлийн шинж, чанар (байршил, хэмжээ, насжилт, чанар байдал г.м)-ыг тодорхой тусгажээ.
Үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул ...хөрөнгийн үнэлгээ нь ойлгомжгүй, илтэд зөрүүтэй, үнэлгээ хийх журам, стандартыг зөрчсөн... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
8. Шинжээч ******* нь үнэлгээг гаргахдаа үнэлэгдэж буй орон сууцны зориулалттай орон сууцтай ойролцоо байршил, хэмжээ, насжилт, чанар байдал бүхий орон сууцнуудыг харьцуулж, үнэлгээг гаргасан байх тул ...хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо 2012-2013 онд ашиглалтад орсон орон сууцнуудтай харьцуулсан... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
9. Түүнчлэн, шинжээч ******* нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй.
10. ******* нь хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан хугацаанд буюу 2024 оны 12 сарын 16-ны өдөр төлбөр төлөгч ******* ХХК-ийн захирал *******-д мэдэгджээ.
11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон боловч ...зах зээлийн хандлагын аргаар үнэлэхэд 1 м.кв-ыг 2,794,000 төгрөг, нийт 513,207,300 төгрөг гэсэн атлаа тайлангийн үнэлгээний дүн хэсэгт зах зээлийн хандлагын аргаар 567,782,000 төгрөг гэж гаргаж, энэ дүнгээр үнэлгээний тайланг ирүүлсэн... гэж, ...үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй, 513,207,300 төгрөг, 567,782,000 төгрөг гэсэн зөрүүтэй үнэлгээ тогтоосон, тодорхой бус үнэлгээтэй... гэж тус тус дүгнэн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал:
11.1. Хэргийн 58-75-р талд авагдсан Хөрөнгө үнэлгээний тайлан-д орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ыг нь 2,794,000 төгрөгөөр тооцож байгаа тухай, үнэлгээний дүн нь 513,207,300 төгрөг болж байгаа тухай агуулга тусгагдаагүй байна.
11.2. Түүнчлэн, үнэлгээний тайланд орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн хандлагаар үнэлэхэд 567,872,000 төгрөг болж байгаа талаар тодорхой дурдсан байх тул ...зөрүүтэй үнэлгээ тогтоосон, тодорхой бус үнэлгээтэй... гэж үзэхгүй.
11.3. Анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд үнэлгээчин ******* оролцож, тэрээр ...орон сууцны 1 м.кв-ыг 2,794,000 төгрөгөөр тогтоосон... гэж хэлсэн нь 2024 оны 12 сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэл биш.
11.4. Шинжээч ******* нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн хандлагаар 567,872,000 төгрөг гэж, орлогын хандлагаар 452,351,906 төгрөг гэж, өртгийн хандлагаар 439,294,461 төгрөг гэж тус тус үнэлэн, үүнээс хамгийн өндөр үнэлгээг буюу зах зээл зээлийн хандлагаар 567,872,000 төгрөг гэснийг сонгосныг буруутгах үндэслэлгүй.
12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч *******т холбогдох, Хан-Уул дүүрэг,******* хороо, *******гийн ******* байр, ******* тоот хаягт байрлах 183.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 567,872,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР