Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 264

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Р /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт П овогт Б.Р-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918003940303 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, П овогт Б.Р /РД:.../, 1968 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны засварчин мэргэжилтэй, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-д засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Гэцогдаржаалин” хийдийн баруун хаалганы гадна Хонда сивик маркийн 3968 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.12/А дахь “Дуут дохиог зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно”, 12 дугаар бүлгийн 12.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\Хялбар\Shiitgeh togtool-Rawdan 27.10.docx

зорчигч насанд хүрээгүй Д.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Р-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “Гэцогдаржаалин” хийдийн баруун хаалганы гадна Хонда сивик маркийн 3968 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.12/А дахь “Дуут дохиог зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно”, 12 дугаар бүлгийн 12.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй Д.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг[2],

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3],

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

-Зам тээврийн ослын талаарх бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[5],

 

-Насанд хүрээгүй хохирогч Д.Э-гийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “... 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би ээжтэйгээ Хонгор сумаас тэмцээнд орох гэж Дарханд ирсэн. Би Дарханы Хүүхэд хөгжлийн ордон дээр үлээвэр хөгжмийн тэмцээнд оролцсон. Хүүхэд хөгжлийн ордны гадаа машин дотор ээж, хамаатны хүн бид нар сууж байсан чинь хамаатны хүү Н машинаас буугаад явахаар нь би араас нь дагаад машинаас буусан ...Гандан руу орсон чинь Н Гандан дотор байсан ба надтай зөрөөд Гандангаас гарсан. Н буцаж ирээд чамайг ээж чинь дуудаж байна гэж хэлэхээр нь би гүйгээд Гандангийн хаалгаар гараад иртэл баруун талаас машин ирээд намайг урд хэсгээрээ мөргөөд би газар унасан чинь тэр машины хойд талын дугуй нь миний баруун хөл дээгүүр гараад өнгөрөөд зогссон. Тэгээд удалгүй манай ээж ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг[6],

 

-Иргэний нэхэмжлэгч Т.Д-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 15, 18-ны өдрүүдэд мэдүүлсэн “Миний том охин Э 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Гандан хийдийн урд машинд мөргүүлж баруун хөл нь шаант яс хэсгээрээ хугарч Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. ...Нийт зардал өнөөдрийн байдлаар 1.282.160 төгрөгийг нэхэмжлэнэ. Мөн би баримтаа гаргаж өгч байна. Цаашид дахин хагалгаа хийж хадаасыг авна тэр үед гарах зардлыг нэхэмжилнэ.” Гэх мэдүүлэг[7],

-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 23 дугаартай “...Техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[8],

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Үнэнболдын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай ослын талаарх “...Жолооч Б.Р нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, замын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 9.12/а-д заасан “Дуут дохиог зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно” гэсэн заалтыг зөрчсөн байна гэх шинжээчийн дүгнэлт[9],

 

-Б.Р-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “... 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг өнгөрч байхад би эхнэр Д-н эзэмшлийн 3968 ДАХ улсын дугаартай автомашиныг унаад ...Төв гадан хийдийн баруун талын хаалганы хажуугаар хойноос урагшаа чиглэлтэй явж өнгөртөл таг хийх чимээ гарахаар нь би машинаа зогсоосон чинь миний машины хойно эмэгтэй хүүхэд хөлөө барьчихсан сууж байсан, тэгэхээр нь би машинаасаа буугаад хүүхэд дээр очоод яасан бэ гэж асуухад тэр хүүхэд хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэр үед би хүүхдийн хөлийг нь дайрчихаж гэж бодоод хүүхдийн ээжтэй нь Дарханы Нэгдсэн эмнэлэг орж рентген зураг авхуулсан чинь тэр эмэгтэй хүүхдийн хөлний яс нь хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[10],

 

-Насанд хүрээгүй хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.Э-н биед баруун хөлийн шаант ясны битүү хугарал, баруун хөлний шаант ясыг хадсан хагалгааны дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх 479 дугаартай дүгнэлт[11] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Р-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч Б.Р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой 1.968.300 төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт[12]-аар  нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.

Насанд хүрээгүй хохирогч Д.Э-н хууль ёсны төлөөлөгч Т.Д нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П овогт Б.Р-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Р-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Р-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 6-8 тал

[2] Хавтаст хэргийн 9-10  тал

[3] Хавтаст хэргийн 13 тал

[4] Хавтаст хэргийн 14-15 тал

[5] Хавтаст хэргийн 16 тал

[6] Хавтаст хэргийн 19-20 тал

[7] Хавтаст хэргийн 22-23 тал

[8]Хавтаст хэргийн 63-67 тал

[9] Хавтаст хэргийн 41 тал

[10] Хавтаст хэргийн 81-82 тал

[11] Хавтаст хэргийн 71 тал

[12] Хавтаст хэргийн  130-131 тал