| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0078/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Ц.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ловор овогт Цэвэлмаагийн Өт холбогдох 1929001360075 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах хатуу хучилттай засмал замын 36 дахь километрт 35-03 ӨМҮ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Ж.Хандмаагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-н 10-13,15-17 дугаар хуудас/,
Ц.Өын “В” ангиллын №1116250 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /хх-н 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Хандармаагийн: “...нүүрс тээврийн 36 дахь километрт явж байхад замаар ачаатай том машины цуваа их байсан учраас Ц.Ө багшийг “чи шороон замаар явчихаач” гэсэн чинь Ц.Ө багш “зүгээрээ” гээд явж байгаад нээх удалгүй машин нь 2 тийшээ дайвалзаж байснаа замын зорчих хэсгийн баруун талруу замаас гарч онхолдсон ...Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хүзүүний 2 дугаар нугалмын зөрүүгүй хугарал, мөн толгой их хавантай байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-н 36-38 дугаар хуудас/,
Гэрч Ц.Уугантөрийн: “...35-03 ӨМҮ улсын дугаартай Приус 20 маркийн автомашин миний өөрийн нэр дээр байдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Ө миний эхнэр байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-н 41-42 дугаар хуудас/,
Гэрч Х.Туяагийн: “...гэнэт автомашин мурилзаад найгаад эхэлсэн. Тухайн үед би нүх тойрч байна гэж бодоход ард сууж явсан сурагч нар хашгираад эхэлсэн. Юу болов гээд эргээд хартал миний сууж явсан Приус маркийн 35-03 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу талд гарч онхолдсон осол гарсан.” гэх мэдүүлэг /хх-н 43-44 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ш.Энхтуяагийн: “...нүүрс тээврийн замруу ороод явж байсан чинь замын хагархайг Ц.Ө багш тойроод гарахад өмнөөс нүүрс тээврийн том машин гарч ирсэн. Тэгээд машин баруун талд замын зорчих хэсгээс гарч онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-н 46-47 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Алтжингийн: “...Англи хэлний багш Ц.Өын “Тоёота Приус” маркийн 35-03 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад замын эвдрэл дээгүүр автомашин гарах үед дугуй хагарч замын хажуу тал руу онхолдсон осол гарсан” гэх мэдүүлэг /хх-н 49-50 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Алтжингийн дахин өгсөн: “...Ц.Ө багшийн цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Өмнөговь аймаг явсан. Цогтцэций сумаас урагш нүүрс тээврийн зам дээр замын хагархай таарсныг тойроод гарахад урдаас том машин гараад ирсэн. Тэгээд баруун гар тийшээ дарахад замаас гараад хажуу талаараа ойчсон.” гэх мэдүүлэг /хх-н 51-53 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Гантуяагийн: “...Англи хэлний багш Ц.Өын “Тоёота Приус” маркийн 35-03 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Цогтцэций сум орох гээд явж байтал гэнэт автомашин 2 тийшээ найгаад байсан. Тэгээд удалгүй замын хажуу талын шороон хэсэгт онхолдсон.” гэх мэдүүлэг /хх-н 56-57 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4417 дугаартай “Ж.Хандармаагийн биед хүзүүний 2-р нугаламын /хатан хүзүү/ их биеийн зөрөөгүй хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 60 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх-н 62-63, 68-69 дугаар хуудас/,
Ц.Өын яллагдагчаар: “...Би замын хагархайг тойроод гарсан чинь өмнөөс нүүрс тээврийн автомашин гараад ирсэн. Машин дайвалзаад би сандарсандаа баруун гар тийш дарсан чинь замын зорчих хэсгийн баруун тал руу шороон дээр гарч онхолдсон” гэх мэдүүлэг /хх-н 74-76 дугаар хуудас/,
Ц.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 83 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 91-97 дугаар хуудас/,
Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 112 дугаар хуудас/
Хохирогч Ж.Хандармаагийн хохирол төлбөр төлөгдсөн талаарх тодорхойлолт, баримт /хх-н 40, 85-86 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах хатуу хучилттай засмал замын 36 дахь километрт 35-03 ӨМҮ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Ж.Хандармаагийн биед хүнд хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-13, 15-17 дугаар хуудас/
- Хохирогч Ж.Хандармаагийн мэдүүлэг /хх-н 36-38 дугаар хуудас/
- Гэрч Ц.Уугантөрийн мэдүүлэг /хх-н 41-42 дугаар хуудас/
- Гэрч Х.Туяагийн мэдүүлэг /хх-н 43-44 дүгээр хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Ш.Энхтуяагийн мэдүүлэг /хх-н 46-47 дугаар хуудас/
- Насанд хүрээгүй гэрч А.Алтжингийн мэдүүлэг /хх-н 49-50 дугаар хуудас/
- Насанд хүрээгүй гэрч А.Алтжингийн мэдүүлэг /хх-н 51-53 дугаар хуудас/
- Насанд хүрээгүй гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг /хх-н 56-57 дугаар хуудас/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4417 дугаартай дүгнэлт /хх-н 60 дугаар хуудас/
- Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн
“... А. Ослын үед Цэвэлмаа овогтой Ө нь “Тоёота приус” маркийн 35-03- ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Тухайн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна... Ослын үед Цэвэлмаа овогтой Ө нь “Тоёота приус” маркийн 35-03 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа замын эвдрэлтэй хэсэг гарч ирэхэд эвдрэлийг тойрон гарах үйлдэл хийх явцад эсрэг урсгалаас автомашин рэх үед тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй зам тээврийн осол гарсан байна гэж үзлээ.”, “35-03 ӨМҮ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэх заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино..” гэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдлээс болж зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна” гэх дүгнэлтүүд /хх-н 62-63, 68-69 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд Шүүгдэгч Ц.Өыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 13.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Ж.Хандармаагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Хандармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол, гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4417 дугаартай “Ж.Хандармаагийн биед хүзүүний 2-р нугаламын /хатан хүзүү/ их биеийн зөрөөгүй хугарал, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 60 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогчид 5,730,000 /таван сая долоон зуун гучин мянга/-н төгрөг төлсөн, хохирогч Ж.Хандармаа нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 40, 85-87 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас санал болгосон тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ц.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар Ц.Өын /В/ ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Өын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ловор овогт Цэвэлмаагийн Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Цэвэлмаагийн Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар Ц.Ө нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Өын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ц.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогчид 5,730,000 /таван сая долоон зуун гучин мянга/-н төгрөг төлсөн, хохирогч Ж.Хандармаа нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Ц.Өын №1116250 тоот дугаарын В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяалах шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Ууганбатад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Өт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН