Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2025/00009

 

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: * Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *холбогдох,

872,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, О.б/цахимаар зайнаас/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Түрээслүүлэгч буюу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хариуцагч Д.Э 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ТГ/22/370 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулж манай нийгэмлэгийн газарт өөрийн өмчлөлийн дэлгүүр буюу зөөврийн сууцыг байршуулан түрээсээр эзэмшиж, ашиглаж эхэлсэн.

Дээрх түрээсийн гэрээний 8.4.11 дэх заалтад түрээслүүлэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсон, эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсийн хөрөнгийг 5 хоногийн дотор түрээслүүлэгчид актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Д.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цуцлах хүсэлт ирүүлсэн боловч 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй дэлгүүрээ байршуулсаар байна.

Бид Д.Э 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгийг чөлөөлж өгөхгүй байсан тул 2023 оны 09 сарын 22-ны өдөр танай шүүхэд 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс 09 сарын 20-ны өдрийн хоорондох түрээсийн төлбөр, алдангид нийт 1,650,200 төгрөг төлүүлэх нэхэмжлэл гаргасан ба Д.Э нь нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч, талууд эвлэрснийг шүүгч 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 136/ШШ2023/00529 дугаартай захирамжаар баталж шийдвэрлэсэн. Улмаар Д.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр, алдангид нийт 1,625,200 төгрөгийг 2023 оны 11 сарын 30-ны өдөр манай нийгэмлэгт бүрэн төлж барагдуулсан боловч 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш дээр дурдсанчлан түрээсийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Түрээсийн хөрөнгийг бидний эзэмшилд буцааж өгөхгүй байсан учраас бидний зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.Э 2 шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичигт 1 дүгээрт нь манай түрээсийн хөрөнгийг чөлөөлж, бид нарын эзэмшил ашиглалтад буцаан шилжүүлж өгнө үү. 2 дахь зүйл нь дээрх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойших түрээсийн төлбөр гэж гараад байгааг төлнө үү гэдэг шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Д.Э хувьд манай хөрөнгийг чөлөөлж өгсөн.

Хэрэв Д.Э нь манай нийгэмлэгийн эзэмшлийн хөрөнгийг түрээсийн гэрээ дуусгавар болсноос хойш 5 хоногийн дотор чөлөөлж өгсөн байсан бол бид тус хөрөнгийг бусдад түрээслэн ашиг орлого олох бүрэн боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг нэг сарын 120,000 төгрөгөөр бусдад түрээслэн ашиг орлого олох боломжтой байсан юм. Иймд Д.Э 2024 оны 09 арын 20-ны өдрөөс 2024 оны 04 сарын 10-ны өдрийн хооронд хөрөнгийг бусдад түрээслэн УБТЗ ХНН-ийн олох байсан ашиг орлого болох 872,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Газрын тухайд түрээсийн зүйл болсон 12м2 газар гэдэг нь үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийг газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу Улаанбаатар төмөр зам ашиглаж байгаа. Энэхүү ашиглах эрхтэй газрыг гуравдагч этгээдэд ямар нэгэн байдлаар ашиглуулах, түрээслэх зэргийг хориглосон заалт байхгүй. Ямар ч хуулиар хориглоогүй. Магадгүй тусгай хэрэгцээний, ойн сан бүхий тохиолдолд хязгаарлагдмал буюу төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр дамжуулан ашиглуулах байдал гарч магадгүй. Энэ 12м2 квадрат газрыг бусдад ашиглуулахад ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Бид нар гэрээний дагуу ашиглах, ашиглуулах бүрэн эрхтэй. Хориглосон зохицуулалт байхгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 326.2 дахь хэсэгт түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардана гэж заасан. Тэгэхээр түрээслэгч тал буюу хариуцагч Д.Э зүгээс түрээсийн хөрөнгийг буцааж манайд өгөөгүй учраас Иргэний хуулийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нийгэмлэг шаардах эрхтэй гэжээ.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т заасныг баримтлан Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Д.Э 872,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх нь хууль хэрэглээний алдаа гаргасан буюу давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байгаад мөн хэрэгт цугларсан нотлох баримт байсаар үндэслээд хуулийн зохицуулалт дүрэм журмыг хэрэглэн тайлбарлах зарчмаар хэргийг шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2, 6.6.6, 72.72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хуульд заасан журмын дагуу ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцоод шүүгч хуульд заасны дагуу шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх энэхүү үүргээ хариуцагч биелүүлээгүй байсаар байтал өөрийн дур зоргоор хуулийн үндэслэл гаргаад мэтгэлцээгүй асуудлаар хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь диспозитив зарчим буюу шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн хууль хэрэглээний алдаатай үйлдэл болсон. 2 дахь асуудал гэвэл анхан шатны шүүх Улаанбаатар төмөр зам түрээсийн хөрөнгийг бусдад ашиглуулах эрхгүй байна гээд давж заалдах шатны шүүхээс болохоор ингэж бусдад түрээслүүлэх тохиолдолд зөвшөөрсөн нотлох баримт байхгүй байна гэдэг үндэслэлүүдийг гаргаж ирсэн байгаа. Улаанбаатар төмөр зам Дорноговь аймгийн Сайншанд сумд 231.4 га газрыг төмөр замын зурвас газрын зориулалтаар ашиглах эрхтэй. Энэхүү ашиглах эрхийнхээ хүрээнд төмөр замын буудал дээрээ тодорхой хэсгийг нь бетонжуулаад энэ бетонжуулсан талбайгаасаа 12 метр квадрат газрыг хариуцагчид түрээслүүлсэн байдаг дэлгүүрийн зориулалтаар. Тэгэхлээр төмөр замын буудал түүнд тавигдах шаардлага гээд MNS56352021 гэсэн стандарт хэмжил зүйн газраас гаргасан стандарт байдаг. Үүний 4.1, 6.1, 6.2 дугаар заалтуудад төмөр замын буудал зорчигч үйлчлүүлэгч нарт зориулсан дэлгүүр мухлаг байх ёстой гэдэг шаардлагыг тавьсан байдаг. Үүн дээр нэмээд төмөр замын тээврийн тухай хуулийн 27.7 дахь хэсэгт төмөр замын байгууллага төмөр замын зурвас газарт зорчигч үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар иргэн хуулийн этгээдэд түрээслүүлж болно гэж заасан. Улаанбаатар төмөр зам энэхүү стандарт болоод хуулийн шаардлагын хүрээнд өөрт олгогдсон эрх үүрэгтэй, эрх үүргийнхээ хэмжээнд энэхүү 12 метр квадрат газрыг иргэн буюу хариуцагч Эрдэнэбаярт дэлгүүрийн зориулалтаар түрээсэлсэн. Эндээс би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг ашиглаж буй газраа зориулалтын бусаар ашигласан зүйл Улаанбаатар төмөр замд байхгүй. Мөн энэхүү газрыг, энэхүү талбайг бид нар бусдад түрээслэхэд ямар нэгэн төрийн байгууллагаас юм уу зөвшөөрөл авах шаардлага байхгүй, түрээсийн гэрээ байгуулаад Эрдэнэбаярт ашиглуулах тохиолдолд бусдаас ямар нэгэн зөвшөөрөл авах талаар баримт хэрэгт цуглах шаардлагагүй юм Анхан шатын шүүх Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт заасан газар өмчлөгчийн эрх үүргийг баримтлаад анхан шатны шүүхийн шийдвэрийг гаргасан нь мөн хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Үүн дээр Улсын дээд шүүх мөн дүгнээд анхан шатны шүүх яалт ч үгүй хууль хэрэглээний алдаа гаргаад хэргийн зохигч биш байтал зохигчийн эрхийг эдлээд хэргийг шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн алдаатай байна. Давж заалдах шатны шүүхийн тухайд энд бол хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой л зөрчил байгаа болохоор давж заалдах шатны шүүх энэ алдаагаа өөрөө залруулаад хэрэгт цугларсан нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэдгээр буцаасан. Тэгэхлээр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан миний дээр дурдсан хуулийн заалтуудыг үндэслээд иргэн буюу хариуцагч Э 2023 оны 09 сарын 20-оос 2024 оны 4 сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хэтэрсэн түрээсийн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй хугацааны хэтэрсэн төлбөр буюу 872,000 төгрөгийг Э гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын дээд шүүхийн буцаагаад байгаа шалтгаан нь өмнө нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, энэ шийдвэрээр зохигчид эвлэрсэн байдаг. Тэгэхлээр Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т зааснаар дахин тэр үйл баримтыг нотлохгүй гэтэл анхан шатны шүүх урьд түрээслэх эрхтэй байна гээд шийдчихээд дараа нь түрээслэх эрхгүй байна гээд шийдэж байгаа нь өөрөө хууль хэрэглээний алдаа байна гэж үзэж байгаа юм. Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т зааснаар энэ хариу тайлбараа өгөх үүргээ иргэн биелүүлэхгүй байгаа анхан шатны шүүх хуралдаанд ирж оролцохгүй байгаа учраас 40.4-ийг баримтлаад 72 дугаар зүйлийн 3-т зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдсэн өөрчлөлт оруулах ёстой байтал давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан хууль хэрэглээний алдаа байна гэж дүгнэсэн байгаа учраас энийг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Д.Э холбогдуулан ...эзэмшлийн хөрөнгийг чөлөөлж өгөөгүйгээс УБТЗ ХХН-т орох байсан ашиг орлого 872,000 төгрөгийг гаргуулах буюу 2023.09.20-2024.04.10-ны өдрийн хооронд хөрөнгийг нэг сарын 120,000 төгрөгөөр бусдад түрээслэн ашиг орлого олох байсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шаардлагаа ...Сайншанд өртөөний дарга Д.Б, иргэн Д.Э нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, түрээслэгчийн хөрөнгө, Сайншанд өртөөний зорчигчийн тавцан дахь 12 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө болохыг нотолсон 000342954 гэрчилгээний дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ зэрэг баримтад үндэслэсэн.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

2.Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үзвэл Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлажээ.

3.Төмөр замын тээврийн тухай 2007 оны хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно.,

Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журмын 5.3-т Төмөр замын зурвас газар аюулгүйн бүсэд байрлах төмөр замын өртөө, буудлын орчинд зорчигч үйлчилгээний зориулалтын шуудан, телефон холбоо, ном хэвлэл, бэлэг дурсгал, хүнсний бараа үйлчилгээний газар, цэгүүд ажиллаж болно. гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН нь газар ашиглах эрхийн гэрчилгээ/1хх 3/-тэй байх ба зохигчийн хооронд 2022.09.20-ны өдөр ТГ/22/370 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан буюу ХНН-ийн газарт хариуцагч өөрийн өмчлөлийн зөөврийн сууцыг байршуулан түрээсээр эзэмшиж, ашиглахаар нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулсан.

Улмаар хариуцагч Д.Э зүгээс дээрх түрээсийн гэрээг 2022.12.12-ны өдрөөс эхлэн цуцлах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасан байх боловч 2024.04.10-ны өдрийг хүртэл түрээсийн хөрөнгийг чөлөөлж, өгөөгүй үйл баримт тогтоогдсон байна.

Мөн хариуцагч газрыг чөлөөлж, өгөөгүй буюу түрээсийн гэрээний 8.4.11-д заасан Түрээсийн гэрээ дуусгавар болсон эсхүл гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээсийн хөрөнгө, газрыг 5 хоногийн дотор түрээслэгчид актаар хүлээлгэн өгөх гэснийг зөрчжээ.

4.Дээр дурдсан үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан, дуусгавар болсон нь тогтоогдсон ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир түрээслүүлэгчид учирсан хохирлыг төлөх нь тус гэрээний 9.1-д заасанд тохирч байна.

Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь уг хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй учир хариуцагч Д.Э 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ХНН-ийн тус газрыг бусдад түрээсэлж, олох байсан орлого 872,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.4, 326 дугаар зүйлийн 326.2-д тус тус нийцнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Э 872,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам ХХН-д олгосугай гэж, 2 дахь заалтыг ...25,478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох гэж өөрчлөхөөр, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШШ2024/00329 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.4, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан хариуцагч Д.Э 872,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам ХХН-д олгосугай гэж,

2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам ХХН-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,478 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э 25,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам ХХН-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангасугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,478 төгрөгийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 202/ШЗ2024/00038 дугаар шүүгчийн захирамжаар буцаан олгосон болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

 

 

ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД

 

 

ШҮҮГЧ Н.БОЛОРМАА