Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2016/00281

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр      Дугаар 181/ШШ2016/00281       Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уул 3-3 тоотод оршин суух Л.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Г.Бумцэндийн гудамж ВВQ ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин 150 000 төгрөг, хоолны мөнгө 15000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 600 000 төгрөг нийт 765 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Энхтуяа, хариуцагч ВВQ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүвшин, нарийн бичгийн даргад Ц.Золбоо нар оролцов. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ВВQ ХХК-тай түр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж 400 000 төгрөгийн цалинтай үйлчлэгийн ажлыг, угаагчийн ажилтай хавсран хийж байсан. Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум руу яаралтай ажил гараад явах болсон тул менежер Ганцэцэгээс 1 өдрийн чөлөө авах гэтэл манай компани эмэгтэйчүүдийн баяр өнгөртөл чөлөө өгөхгүй гэсэн захирамж гарсан, та хүний нөөц Энхтүвшинтэй ярь гэсэн. Энхтүвшинтэй ярихад та яваад ир 1 өдрийн тасалсан цагийг чинь 2 өдрөөр тооцно гэсэн. 2016 оны 2 дугаар сарын 29-ний орой ажлаа тараад хөдөө явсан. Хөдөө яваад ирэх замд цасан шуурга болоод онц байдал зарлаад 3 дугаар сарын 04-ний өдөр ирээд ажилдаа очсон чинь таныг ажил тасалсан гээд ажлаас чинь халсан гэсэн. Ажилласан хугацааны цалин болох 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх цалингаа авах гэтэл өгөхгүй байгаа тул ажилласан хугацааны цалин 150 000 төгрөг, хоолны мөнгө 15000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 600 000 төгрөг нийт 765 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч бид харилцан тохиролцож ажилласан хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутгаад 131615 төгрөгийг авахаар эвлэрлийн гэрээ хийсэн болно гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Энхтуяа нь манай компанид 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ажилласан ба 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 хоног ажилдаа ирээгүй тасалсан. Л.Энхтуяатай харилцан тохиролцож ажилласан хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутгаад 131615 төгрөгийг өгөхөөр эвлэрлийн гэрээ хийсэн болно гэв.

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Энхтуяа нь ВВQ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин 150 000 төгрөг, хоолны мөнгө 15000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 600 000 төгрөг нийт 765 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж “ажилласан хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутгаад 131615 төгрөгийг өгөх”- өөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн нь тэдгээрийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул  зохигчидын эвлэрлийг батлах үндэстэй.

 

            ИХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн  106.5,  123 дугаар зүйлийн 123.1-т   заасныг удирдлага болгон 

                                                                                                            ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Л.Энхтуяа нь хоолны мөнгө 15000 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмж 600 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хариуцагч ВВQ ХХК-нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалингаас нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутгаад 131615 /нэг зуун гучин нэг мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4598 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО