Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 202/МА2025/00010

 

 

А.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 308/ШШ2025/00026 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *,

Хариуцагч: * оршин Ихтугчин говь ХХК,

Орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,516,600 төгрөг, алданги 21,725,000 төгрөг, нийт 59,241,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С , түүний өмгөөлөгч Г.Сувданбилэг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэчимэг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 1.1.2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах No17 дугаартай гэрээг байгуулсан. Тухайн гэрээнд тус орон сууцны 1 давхрын 106 тоот 46,65 мкв орон сууцыг захиалсан бөгөөд, нийт төлбөр 55,000,000 төгрөг байхаар, уг орон сууцыг 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулагдсан.

1.2. Уг төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ихтугчин говь ХХК"- ийн дансанд 10,000,000 төгрөгийг, 5 дугаар сарын 10-ны өдөр 12,392,000 төгрөгийн төлбөрийг нийт 22,392,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр барагдуулсан.

1.3. Гэрээнд зааснаар 5 жилийн туршид сар бүр 559,800 төгрөг төлөхөөр тусгасны дагуу сар бүр төлөлт хийж байсан. Зарим сард хугацаа хэтрүүлсэн ч 2023 оны 6 сард 19 сарын төлбөрийг хийхдээ 2023 оны 9 сар хүртэлх төлбөрийг төлсөн.

1.4.2024 оны 2 сард гэрээгээ цуцлах хүсэлт гаргаж гэрээг 2 талын зөвшөөрснөөр цуцалж бичиг хийж авсан. Нийт төлсөн 37,516,600 төгрөг, орон сууцыг ашиглалтад хугацаандаа оруулаагүйгээс буюу гэрээний хугацаа хэтрүүлсэн, гэрээний 5.10-т зааснаар хоног тутамд 0,1 хувийн алданги буюу 359 хоногийг 55,000 төгрөгөөр үржүүлэн 21,725,000 төгрөг, нийт 59,241,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С  шүүхэд гаргасан тайлбартаа: ...А.А нь...2021.05.07-ны өдөр No17 дугаартай гэрээг үндэслэн төлбөр алданги нэхэмжилсэн байгааг хариуцагч талаас эс зөвшөөрч Дараах тайлбарыг гаргаж байна. Гэрээний төлбөрт шилжүүлсэн 37,516,600 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Алданги 21,725,000 төгрөг төлөхгүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд нэхэмжлэлийн заримыг зөвшөөрч зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ".... Тухайн гэрээ байгуулагдах үед дэлхий нийтийг хамарсан ковид19 цар тахлын үе үүссэн байсан. Хүнд нөхцөл байдал бий болсон."...гэрээ байгуулагч аль аль талууд урьдчилан таамаглах боломжгүй байдлаар хууль эрх зүй, улс төр эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас ажил гүйцэтгэгч болон захиалагч аль аль талд эдийн засаг санхүү төлбөрийн хувьд чадваргүй болох гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой болох алдагдалтай ашиггүй байх зэргээс болоод гэрээний үүргээ биелүүлэхгүй байх ийм нөхцөл шалтгаан бий болсон.

2.2.Энэ компани... 85 хувийн гүйцэтгэлд ороод зогсчихсон санхүүжилт бүрэн байхгүй. Ашигтай ажиллах ёстой компани маань бүүр алдагдалтай ажилласан. Захиалагч нарын зүгээс төлбөрөө хугацаа хугацаандаа өгөөгүй гэдэгт нэхэмжлэгч Алтангэрэл хамаатай.

Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдрөө төлөөд цаашдаа бол сар бүр 559,800 төгрөгийг төлөхөөр талууд хоорондоо төлбөрийн графиктай гэрээ байгуулсан гэдгийг нэхэмжлэгч тал хэлсэн. Гэтэл эхний графикийн дагуу төлөх ёстой төлбөрийг 2021 оны 06 сарын 21-нд төлөөд... төлөхгүй байж байгаад 2022 оны 09 сарын 01-нд төлсөн ийм тохиолдол байгаа."... тооцоолж байсан барилгын материалын үнэ маань энэ хүнд нөхцөл байдалтай холбоотойгоор 1.5-аас 2.5 дахин хэмжээнд нэмэгдсэн энэ барилга барьж байгаа компанийн хувьд асар их алдагдалтай санхүүгийн хүнд нөхцөл байдал үүсэх нөхцөл шалтгаан бий болсон. гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар Ихтугчин говь" ХХК-аас 49,451,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,497,700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,158 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ихтугчин говь" ХХК-аас 405,208 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын хувьд нэгдүгээрт банк, банк бус байгууллага биш тул захиалагч нарын мөнгийг авч хадгалаад дараа нь хүүг өсгөж өгнө гэсэн ямар ч зохицуулалт байхгүй. Захиалагч нар нь сар бүр гэрээнд зааснаар төлбөрөө төлсөн үү гэдэг талаас харахад төлж байгаагүй, доголдуулж хаясан. Анхан шатны шүүхийг алдангийг яагаад нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэж байгааг гайхаж байна. гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С өмгөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар мэргэжлийн байгууллага буюу Монголын барилгын материал үйлдвэрлэгчийн холбоо болон Худалдаа аж ахуйн үйлдвэрийн танхимаас энэ бол хүнд нөхцөл байдалд хамаарч байна гэсэн гэрчилгээг гаргуулсан. Энэ гэрчилгээг нотлох баримтаар үнэлүүлэх буюу Монгол Улмын Дээд шүүхээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох бичмэл нотлох баримтыг үнэлэх талаарх 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид тухайн байгууллагаас гаргасан гэрчилгээг нотлох баримтаар үнэлнэ гэж заасан байдаг тул Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан хүнд нөхцөл байдлыг тогтоосон гэрчилгээг нотлох баримтаар үнэлүүлмээр байна.

Нэхэмжлэгч А.А 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нэг удаа төлсөн. Үүнээс хойш сар бүр төлөгдөх ёстой төлбөрийг төлөхгүй явж байгаад бүтэн 1жил 3 сар буюу 15 сарын дараа үлдэгдэл төлбөрийг төлсөн байдаг. Энэ нь өөрөө барилгыг цаашид төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад нөлөөлсөн учраас хариуцагч талаас алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хүнд нөхцөл байдал болсон гэдэг гэрчилгээг нотлох баримтаар үнэлж үнэн, зөв шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж тус нотлох баримтад үндэслэж зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С зүгээс нэхэмжлэгч талыг үүргээ зөрчсөн буюу тогтмол цаг хугацаанд төлөөгүй гэж байна. Хэрэв гэрээнд зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчвөл аль ч тал нь гэрээг цуцлах шийдвэр гаргахаар байгаа. Гэтэл А.А үнэхээр гэрээний үүргээ зөрчсөн гэж төлөхгүй байсан бол Ихтугчин говь ХХК гэрээг цуцлах байсан. Гэтэл гэрээг цуцлаагүй дараа нь 19 сарын төлбөрийг бөөнд нь хийхэд аваад яваад байсан нь нэхэмжлэгч талыг үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч А.А хувьд нэмэлт хугацаа тогтоож 2024 оны 02 дугаар сар хүртэл хариуцагч талыг харсан боловч энэ хугацаанд байр ашиглалтад ороогүй учраас 2024 оны 02 дугаар сард хүсэлт гаргаад гэрээг цуцалсан. Нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцлах хүртэлх хугацааны Ихтугчин говь компанийн үүргээ гүйцэтгээгүй байр ашиглалтад орох хугацаанаас хойш гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги тооцож 20,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх гэрээг цуцалснаас хойших алдангийг нэхэмжлэх ёстой гэж үзэж 11,000,000 төгрөгийг гаргуулахаар болсон. Гэхдээ нэхэмжлэгч тал үүнийг бол хүлээн зөвшөөрөөд давж заалдах гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэргийг хянаж байгаа учраас алдангийг гэрээ цуцлахаас өмнөх хугацаанд гаргах уу, үүнээс хойших хугацааныхыг гаргах уу гэдэгт дүгнэлт хийнэ үү. Өмгөөлөгчийн хувьд нотлох баримт гаргаж өгсөөр байтал үнийг үнэлж шийдвэрлээгүй гэдэгт үнэхээр Ихтугчин говь ХХК энэ байраа барихад 84 төрлийн бараа материалын үнэ нэмэгдсэн гэж байгаа боловч тухайн материалаас яг ямар төрлийн бараа материал барилга барихад шаардлагатай байсан, хэдэн төгрөгийн үнэ нэмэгдсэн буюу нэхэмжлэлтэйгээ холбоотойгоор нотлох байсан боловч үүнийг бол нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С эс гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсанаас үүссэн хохиролтой холбоотой үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

2.Нэхэмжлэгч А.А ...Ихтугчин говь ХХК-д 46,65 мкв 2 өрөө орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөрт 37,516,000 төгрөгийг төлсөн, орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй учраас 2024 оны 02 дугаар сарын 27-нд гэрээгээ цуцалж, төлсөн 37,516,000 төгрөгөө буцаан авах хүсэлтийг гаргасныг нөгөө тал хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд төлбөрийг буцаан өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй тул гэрээний 5.10 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-аар 395 хоногоор алданги тооцож 21,725,000 төгрөгийг нэмж, нийт 59,241,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн агуулга үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөр төлсөн тухай баримт, захиалагчийн гэрээ цуцлах тухай хүсэлт, гүйцэтгэгчийн гэрээг цуцалсныг зөвшөөрсөн тухай хариу бичиг зэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Хариуцагч Ихтугчин говь ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа ...захиалагч сар бүр төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас бараа материалын үнэ нэмэгдсэн нөхцөл байдал нь манай компанид хүнд нөхцөл байдал үүссэн. Талууд 2024 оны эхээр гэрээг цуцлах шийдвэрийг харилцан тохиролцож гаргасан тул гэрээний дагуу төлсөн 37,516,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбараа бараа материалын зардлын үнэ нэмэгдсэн тухай жагсаалтад үндэслэсэн.

3.Хэргийн үйл баримтаас үзэхэд зохигчид 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ихтугчин говь ХХК-ийн Дорноговь аймгийн * тоот 46,65 м.кв 2 өрөө 55,980,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалан бариулах гэрээг харилцан тохиролцон байгуулсан.

Гэрээний нэмэлт үүргийн талаар Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ...орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2022 оны 1 дүгээр улирал, 2.4-д ...захиалагч ...урьдчилгаа төлбөр болох 22,392,000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 30-нд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлөх, 5 дугаар зүйлийн 5.9-д заасан ...гэнэтийн давагдашгүй хүчин хүчин зүйл, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг ...хорио цээр, ...эдийн засгийн хямрал ...гэх мэт талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэрээний аль нэг тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон гэж үзнэ, мөн зүйлийн 5.4-д ...захиалагч төлбөр төлөлтөө гэрээний 2.7-д заасан 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцон нөхөн төлнө, 5.10-д зааснаар ...ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлнө гэж тохирсон.

4.Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г анхан шатны шүүх харилцан үүрэг хүлээсэн хоёр талт буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж маргааны төрлийг зөв тодорхойлсон.

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ...ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээг харилцан тохиролцож цуцлан, төлбөрт төлсөн 37,516,600 төгрөгийг 3 сарын хугацаанд буцаан авна гэж тохирсон боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй тул хохирол учирсан, учирсан хохирлыг 21,725,000 төгрөгийн алдангиар тооцон нэхэмжилсэнд зөв дүгнэлт хийгээгүй.

Тодруулбал: Анхан шатны шүүх ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225,226,355 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэх заалтуудыг үндэслэсэн боловч үр дагаврыг нь буруу шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Өөрөөр хэлбэл: Маргааны гол зүйл нь 40-Апартмент орон сууцны хотхонд 46,65 м.кв 2 өрөө 55,980,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гэрээнд зааснаар захиалагч А.А орон сууцны үнийг төлөх, ажил гүйцэтгэгч Ихтугчин говь ХХК орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн боловч барилгын ажлын үйл явц зогссон, орон сууц хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй учраас захиалагч А.А 2024 оны 02 дугаар сарын 27-нд гэрээнээс татгалзан, гэрээг цуцалж, орон сууцны үнэд төлсөн 37,516,600 төгрөгийг буцаан авах, гүйцэтгэгч зөвшөөрч, төлбөрийг 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон боловч тохирсон ёсоор төлбөрийг төлөөгүй учраас үнийн дүнгийн 01%-иар 395 хоногоор алданги тооцож 21,725,000 төгрөгийн алдангийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж агуулгаараа ойлгогдож байна.

Орон сууц ашиглалтад орох 2022 оны 1 дүгээр улирал гэхэд захиалагч А.А урьдчилгаа төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 7-нд 10,000,000 төгрөг, 05 дугаар сарын 10-нд 12,392,000 төгрөгөөр хийсэн, гэрээ ёсоор үлдэх төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 21-нд 559,800 төгрөг, 08 дугаар сарын 30-нд 1,120,000 төгрөг, 09 дүгээр сарын 1-нд 565,000 төгрөг, 09 дүгээр 10-нд 560,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-нд 560,000 төгрөг, 05 дугаар сарын 01-нд 559,800 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 30-нд 10,640,000 төгрөг, нийт 37,516,600 төгрөгийн төлбөр төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй байна.

Тодруулбал: Гэрээний 2.4-д зааснаар захиалагч ...үлдэх төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 60 сар буюу 5 жилийн хугацаанд сар бүрийн 30-нд тогтмол хуваан төлөх үүрэг, үүрэг гүйцэтгэгч 2022 оны 1 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэж өгөх үүрэг биелээгүй буюу зохигчдын аль алины хүлээсэн үүрэг бүрэн биелэгдээгүй байна.

Энэ нөхцөл байдал нь гэрээний тавдугаар зүйлийн 5.4, 5.10 дугаар зүйлд зааснаар талууд биедээ хариуцлага тооцож, алданги гаргуулах нөхцөл шаардлага үүсээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төгрөгийг анз гэнэ гэсэн нь захиалагч өөрөө гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн байж хариуцагч Ихтугчин говь ХХК-аас хариуцлага тооцож, алданги нэхэмжлэх эрхтэй байсан гэж хуулийг ойлгож, тайлбарлах байсан.

6.Гэтэл анхан шатны шүүх гэрээ ёсоор төлсөн 37,516,600 төгрөгт орон сууц ашиглалтад орох хугацаа 395 хоногоор хэтэрсэн гэж хоног тутамд 01%-иар алданги тооцож 11,935,000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэж, орон сууцны төлбөр дээр нэмж нийт 49,451,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ ...Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй... гэсэнд үндэслэн дүгнэж хариуцагчаас орон сууцны төлбөр дээр нэмж алданги тооцсон нь буруу болсон.

Шүүхийн энэ дүгнэлт нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэнд нийцээгүй ба хариуцагч Ихтугчин говь ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулаагүй тул зохигчид 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдөр харилцан тохиролцож дээрх гэрээ /хх-ийн 7-8/-г цуцалсан, ингэхдээ гэрээ ёсоор төлсөн 37,516,600 төгрөгийн төлбөрийг 3 сарын хугацаанд буцаан олгохоор тохирсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд маргаагүй байна.

7.Зохигчид ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохиролцож цуцалсан байх тул хариуцагч Ихтугчин говь ХХК нь төлбөрт авсан 37,516,600 төгрөгийг нэхэмжлэгч А.А буцаан төлөх үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу үүссэн ба нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгчээс гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байсан.

Ингэхдээ нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрийг хүүтэй мөнгөөр төлсөн бол хүүг, байр захиалснаас өөр бусдаар хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдсон бол энэ тухай хохирлоо шаардах эрхтэй байсан. Харин гэрээ нэгэнт цуцлагдсан тул Орон сууц захиалан бариулах гэрээ-ний үүрэг болон нэмэлт үүргийг хэн хэн нь шаардах эрхгүй юм.

Гэвч нэхэмжлэгч А.А нь хохиролтой холбоотой үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хуваарилалтын дагуу нотлох ёстой боловч нотлоогүй.

Иймд анхан шатны шүүхээс тогтоосон 11,935,000 төгрөгийн алданги нь үндэслэлгүй болсон, энэ тухай нэхэмжлэлийн шаардлага ч үндэслэлгүй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

8.Мөн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэлгүй баримталсан Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 буюу ...гэрээ цуцалснаас үүссэн хохирол шаардах , мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 буюу ...алданги тооцох үндэслэл зэрэг хуулийн зүйлүүдийг шийдвэрээс хасч, хууль хэрэглээний өөрчлөлтийг мөн оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

9.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэлд хамаарч байгаа ба энэ үндэслэлээр хариуцагч талаас гаргасан давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

10.Хариуцагч Ихтугчин говь ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасантай холбогдуулж давж заалдах гомдол гаргахад төлсөн 206,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 308/ШШ2025/00026 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтад ...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ихтугчин говь ХХК-аас орон сууцны төлбөрт төлсөн 37,516,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А олгох, алдангид нэхэмжилсэн 21,725,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дугаар заалтад ...хариуцагч Ихтугчин говь ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 345,533 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Ихтугчин говь ХХК-д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ О.ОДНЯМАА

ШҮҮГЧ А.САЙНТӨГС