| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06616/И |
| Дугаар | 5107 |
| Огноо | 2016-09-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 5107
Нэхэмжлэгчийн татгалзал,
хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Голден парк хотхон, 103-р байрны 2 тоотод байрлах, Прогресскапитал ББСБ ХХК-ийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 103-р байрны 12 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РГ75101019, Номчиг овогт Доржийн Эрдэнэ,
хариуцагч- Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Овоот 6-р гудамж, 225 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РГ75080833, Шарнууд овогт Норжмоогийн Баянмөнх нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 16 516 451 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 16 516 451 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 496 730,87 төгрөгөөр нэмэгдүүлсэнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Эрдэнэ, Н.Баянмөнх нар нь манай байгууллагатай 2015-09-05 өдөр 13-15091134 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, зээлийн гэрээний барьцаанд өөрсдийн өмчлөлийн Тоёота ланд круйзер 80 маркийн 23-32 УНН, Тоёота ланд круйзер 80 маркийн 92-14 УНИ улсын дугаартай автомашинуудыг барьцаалан 13 120 000 төгрөгийг зээлсэн.
Хариуцагч нар нь 2015-12-04 өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй. Өнгөрсөн хугацаанд зээлийг эргэн төлүүлэхээр хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч төлөлт хийгдээгүй.
Иймд Д.Эрдэнэ, Н.Баянмөнх нараас 17 013 181,87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хэнтийхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Баянмөнх нь Солонгос улсад ажиллаж байгаа бөгөөд зээлдэгч Д.Эрдэнэтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул хариуцагч болох Н.Баянмөнхөөс татгалзаж байна гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн шаардсан 17 013 181,87 төгрөгийг хариуцагч тал 2016 оны 09 сарын 09 өдрөөс хойш 60 хоногийн дотор төлж барагдуулна гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК хариуцагч нараас мөнгөн төлбөрийн үүрэг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Н.Баянмөнхийг оролцуулахаас нэхэмжлэгч татгалзсан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авав.
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 17 013 181,87 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэ 2016 оны 09 сарын 09 өдрөөс 60 хоногийн дотор бүхэлд нь нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрийн сонгосон хариуцагчаас татгалзах эрхтэй, хариуцагч Д.Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй.
Зохигчийн татгалзал, зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 256 100 төгрөгөөс 128050 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 128050 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнээс 128 050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зээлийн гэрээний үүрэгт 17 013 181,87 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХКийн нэхэмжлэлийн шаардлага 17 013 181,87 төгрөгийг хариуцагч Д.Эрдэнэ 2016 оны 09 сарын 09 өдрөөс 60 хоногийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг болон нэхэмжлэгч Н.Баянмөнхөд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 256 100 төгрөгөөс 128 050 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 128050 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнээс 128 050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч Д.Эрдэнэ сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ