Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0023

 

         Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хишиг-Өндөр сумын иргэн Г.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

        “Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын  шийтгэл оногдуулах тухай” Б/03 тоот тушаал, 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай”  09 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах, ажилгүй  байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2017/0013/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг, гуравдагч этгээд Б.Сансар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Оюунцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2012 онд төрийн албаны шалгалт өгч улмаар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт  хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон ажиллаж байтал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/ 09 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас минь чөлөөлснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.

            Миний харъяалагдан ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй нэгдэж суманд хөдөлмөр халамж, хэвлэл мэдээллийн  мэргэжилтэн гэдэг нэрээр  орон тоо байхгүй болсон ч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан орон тоонд хөгжлийн бодлогын ажилтан гэсэн нэг орон тоо батлагдсан.

         Тухайн үед буюу 2016 оны намар  бүтэц орон тооны асуудал яригдаад ирэхээр нь миний бие сумын Засаг даргын Тамгын газарт  байсан  сул ажлын байр болох төсвийн байгууллага хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд ажиллах хүсэлт  гаргаж,  сонгон шалгаруулалтанд орохоор материалаа өгсөн юм.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/1061 тоот албан бичгээр намайг тус хэлтэстэй зөвшилцөн томилохыг зөвлөсөн байхад тамгын газрын дарга Н.Ганхөлөг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/146 тоот албан бичиг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст явуулахдаа   намайг Засаг даргын Тамгын газарт  хэвлэл мэдээллийн ажилтнаар ажилладаг ба цаашид хөгжлийн бодлого, нийгмийн ажилтнаар ажиллах болсон гэж хариу өгч, уг ажилд томилуулаагүй мөртлөө Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр томилолгүй  2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, 2 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.2-т заасан “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх хууль ёсны ашиг сонирхолыг минь зөрчиж байна.    

           Иймд Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  09 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын ажилтан гэсэн ажлын байранд томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.                

          Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг нь намайг дээрхи ажлын байранд томилохгүй байгаа шалтгаанаа чамтай сумын удирдлагууд хамтран ажиллахгүй гэнэ , засаг даргын орлогч дарга Буянхишиг ажлаас чинь чөлөөлөхийг өдөр бүр шаардаж дарамтлаад байна чи хүсэлтээ өгөөд гарчих гэдэг байсан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн, төрийн  албанд  хувийн юм шиг хандаж буй нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Уг ажлын байрны тодорхойлолтыг одоо ажиллаж байгаа хүний мэргэжилд тохируулан шинэчилж, төрийн албаны нөөцөд байхгүй сонгон шалгаруулалтанд ороогүй хүнийг томилоод байгааг хууль бус гэж үзэж байна.

          Миний бие нь Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дээрх нөхцөл байдлыг танилцуулж, намайг ажилд томилохгүй байгаа, арга хэмжээ хууль бусаар авсан тухай өргөдөл өгсөн боловч хариу өгөөгүй, 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн асуудлаараа дахин хандахад хариуг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 2 өргөдлийн хариуг нэгтгэн өглөө гэсэн тул тус шүүхэд хандаж байгаа болно. Өргөдлийнхөө хариуг өнөөдөр авсан тул Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тоот тушаалд гомдол гаргах хугацааг сэргээлгэн, уг тушаалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

         Төрийн албаны салбар зөвлөлөөс ажлын байраар хангах эсэх асуудал нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийн асуудал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэснээр хуульд заасан баталгааг ханган ажилласан байна гэснийг зөвшөөрөх боломжгүй тул шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно.

         Тус сумын Засаг даргын Тамгын газарт байсан төсвийн байгууллага хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд аймгийн Төрийн сангийн хэлтсээс зөвшилцөн томилохыг зөвлөхөд намайг Тамгын газарт ажилладаг цаашид хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллах болсон гэсэн атлаа томилолгүй хөдөлмөрлөх эрхийг минь зөрчин, эдийн засгийн хувьд  хохироосон тул 2 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи хугацааны цалинг тооцон гаргуулах хүсэлтэй  байна

            Хариуцагчийн хариу тайлбарт бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн тул 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн, дахин мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтанд хамруулах гэхээр санхүүгийн боломжгүй гэжээ. Төрийн жинхэнэ албан хаагчийн хуульчлагдсан нийгмийн баталгааны асуудлыг ийм байдлаар шийдвэрлэж болохгүй байх. Хуульд нийцсэн шийдвэр гаргасан 3 сарын тэтгэмж олгохоор шийдсэн гэж бичсэн боловч өнөөг хүртэл ямар нэг мөнгө олгогдоогүй, надад мэдэгдсэн зүйл байхгүй.

            Миний эрхэлж байсан ажлын нэг хэсэг болох Сум хөгжүүлэх сангийн ажлыг аймгийн Аудитын байгууллагаар шалгуулж илэрсэн зөрчлийг зөвхөн надтай холбон ажилд томилоогүй шалтгаанаа үүнтэй холбож буй нь зүйд нийцэхгүй. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий сумын Засаг даргаар ахлуулсан комисс ажилладаг. Миний бие ирсэн төслийг уг комисст танилцуулж шийдвэрлүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд асуудлыг хуралд оруулдаг, зээл олгох асуудлыг хамтын шийдвэрээр шийддэг.Энэ сангийн хөрөнгөөс өөрийн хамаатан садандаа зээл олгосон гэсэн нь үндэслэлгүй миний хамаатан гэвэл хадам дүү Ганчимэгийг зээл хүсч 2 удаа төсөл өгөхөд нь хурлаар оруулаагүйгээс Засаг даргад гомдол гаргаж, түүний дагуу би ашиг сонирхлын мэдүүлэг өгч хурлаар оруулан шийдвэрлэхэд нь би санал өгөхгүй гэдгээ хэлж тэмдэглүүлж байсан. Өөр хүн байвал баримтаар гаргах хэрэгтэй.

             Зээлийн гэрээг журмын дагуу шинэчлээгүй гэдгийг зөвшөөрөх боломжгүй. Уг журам 3 дугаар сард гарч орон нутагт 5 дугаар сард ирсэн. Энэ үеэс нь шинэ загвараар гэрээг хийсэн. Харин Засаг дарга буюу Сум хөгжүүлэх сангийн комиссын даргын шийдвэрээр зээлийн хүүг шинэчлэн тооцоогүй.

            2016 оны үр дүнгийн гэрээг биелүүлээгүй, дүгнүүлээгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ. Ер нь бол жилийн эцсээр үр дүнгийн гэрээг дүгнээгүй бөгөөд ажилтнууд бүгд тамгын газрын бичиг хэрэг хариуцсан ажилтанд гэрээний биелэлтээ цахимаар өгсөн би тэдний адил цахимаар гэрээний биелэлтээ явуулсан одоо ч гэсэн тэнд байгаа байх.

            Хөгжлийн бодлого хариуцсан ажилтан гэдэг орон тоо 2017 оноос бий болж буй шинэ орон тоо биш, өмнө нь сумдад байсан тухайн ажлын байранд эдийн засгийн мэргэжилтэй хүн ажиллаж болохоор батлагдсан байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтоо дан хөдөө аж ахуйн мэргэжлийн хүн байхаар баталсан нь миний мэргэжлээс санаатай зөрүүлсэн үйлдэл гэж ойлгож байна.

            Арга хэмжээ авсан тушаалд гомдол гаргаагүй гэжээ. Би арга хэмжээ авагдангуут намайг ажилд томилохгүй, асуудлыг бүрэн шалгаж тогтоолгүй арга хэмжээ авсан тухай Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөл хандсан асуудлыг шийдвэрлээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн тул дахин гомдол гаргасан. Энэ 2 өргөдлийн хариуг нэгтгэн шийдвэрлэлээ гэсэн хариу өгсөн тул би шүүхэд хандсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлгүй.

            Тайлбарт ёс зүйн зөрчил гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан тул арга хэмжээ авсан тухай дурдсан байна. Хэзээ, хэрхэн ёс зүй зөрчсөн хэрхэн нотолж тогтоосон төрийн албан хаагчид арга хэмжээ авах журмын дагуу шийдвэрлэсэн эсэх талаар баримтыг гаргуулах хүсэлтэй байна.

             Мөн намайг санхүүгийн зөрчил гаргасан тул  санхүүгийн ажил хийх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Надад мөнгө санхүүтэй харьцах эрх мэдэл байхгүй, Сум хөгжүүлэх сангийн  зарцуулалтыг сумын төрийн сан хариуцдаг.

         Энэ бүх байдлыг судлан үзэж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж буйг тогтоон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

       Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж Хөдөлмөрийн яам татан буугдаж үүний дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтэс бүтцийн өөрчлөлтөнд орж Нийгмийн халамжийн хэлтэстэй нэгдэж тухайн чиг үүргийг Халамжийн мэргэжилтэнд хариуцуулахаар шийдвэрлэсэн албан бичиг ирсний дагуу Хөдөлмөрийн асуудал хариуцсан ажилтны орон тоо хасагдаж ажил үүргийг нь Нийгмийн халамжийн ажилтанд шилжүүлэн өгсөн. Иймд тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэн чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. 

       Учир нь дахин мэргэшүүлэх, мэргэжил олгох сургалтанд хамруулах гэхээр цалингийн сан, санхүүгийн эх үүсвэргүй, тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн боловч ЗДТГ-ын цалингийн сан, тэтгэмж урамшуулалын зардал байхгүй хүндрэлтэй нөхцөлд байна. Өнгөрсөн сард эхний хагасыг нь ч болов олгох гэтэл цалингийн сангаас тэтгэмж олгохгүй, хууль бус гээд Санхүүгийн албаны дарга татгалзсан. Төсвийн тодотголоор шийдүүлж ойрын үед олгохоор төлөвлөөд байна.  

       Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр томилох боломжгүй.

- иргэний гомдлоор Хөдөлмөрийн ажилтний ажлын гол чиг үүрэг нь болох Сум хөгжүүлэх сангийн олголт, зарцуулалт, эргэн төлөлтийн талаар Аудитын байгууллагаас шалгаж зөрчил дутагдал гарсныг тогтоож Үндэсний аудитын газрын харьяа Булган аймгийн Аудитын газрын “Зөрчил арилгуулах тухай” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БУААГ\2016\-137\01, БУАА\2016\-138\02 тоот албан шаардлага, 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 албан бичгийн хамт ирж хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн.

-Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны түшмэл нар хуралдаж зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар хэлэлцсэн. Хурлаас Засгийн газрын журам хэрэгжүүлээгүй, гэрээ шинэчлээгүй, бүртгэл хяналт хөтлөөгүй, төсөл өгсөн иргэдийн бүх төслийг хурлаар хэлэлцээгүй, бүртгэж баталгаажуулаагүй, ах, дүү, хамаатан садан, танил талынхаа төслийг хуралд оруулж шалгаруулан зээл олгосон, 2016 онд олгосон 13 иргэнд 73.0 сая төгрөгний зээл олгосон гэрээний хүүг зохих хугацаанд журмын дагуу шинэчлээгүй, зээлийн гэрээний шинэчлэгдсэн загвараар байгуулаагүй зэргээр үндсэн үйл ажиллагаа нь доголдож ажлын 70%-д нь зөрчил илэрсэн тул хангалтгүй гэж дүгнэгдсэн.

       Мөн Засаг даргын орлогч Ч.Буянхишигээр ахлуулсан ажлын хэсэг томилогдож хяналт тавьж олгогдсон төслүүд зориулалтын бусаар зарцуулсаныг тогтоосон дүн гаргасан. 

      Төрийн жинхэнэ албан хаагч хүн албан ажилдаа хариуцлагагүй, хайнга хандаж зээл эргэн төлөгдөлгүй төрд хохирол учруулж халах санал гарсан. Г.Оюунцэцэгийг дуудан оролцуулж хэлэлцэн ажилдаа алдаа дутагдал, ёс зүйн зөрчил гаргасан байна, Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээгээ биелүүлээгүй, дүгнүүлээгүй тул 2017 оны 01.05-ны өдрийн Б\03 тоот тушаалыг гаргаж сахилгын шийтгэл ногдуулан өдөрт нь хувийг гардуулан өгсөн. Тус тушаалыг хүчингүй болгуулах, хууль бус болох талаар дээд шатны албан тушаалтан буюу сумын Засаг даргад ямар нэгэн албан ёсны өргөдөл гомдол гаргаагүй, миний гаргасан тушаалын талаар гомдол гаргасан талаар ямар нэгэн байгууллага албан тушаалтнаас мэдэгдсэн, тайлбар баримт авсан зүйл байхгүй болно.

      2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан ХАА-н чиглэлийн орон тоо Хөгжлийн бодлого буюу Газар тариалан, бэлчээр менежмент, үйлдвэрлэл үйлчилгээ, ЖДҮ, дэд бүтэц, хоршоо, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын мэргэжилд тавигдах шаардлагад “МАА-н менежер, агрономич, газар зохион байгуулагч, ХАА-н болон байгаль орчин, экологич, усны инженер” гэж заасан, мэргэжил таарахгүй.

       -Сум хөгжүүлэх санг хариуцан ажиллах Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй, санхүүгийн болон сахилгын зөрчилтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу мэдэгдэл өгч чөлөөлсөн.

     Г.Оюунцэцэгийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан өргөдөлд дээрх тушаалыг хүчингүй болгуулах, хуулийн үндэслэлийг нь хянуулах талаар ямар ч шаардлага, нэхэмжлэл байхгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул энэхүү тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд тус нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

       Өмнөх оны ня-бо-гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж бодож байна.” гэв.

     Гуравдагч этгээд Б.Сансар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 223 дугаар  тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/230, А/231 дүгээр тушаалуудаар “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумдын Засаг даргын тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг үржлийн тасаг байгуулагдаж тус тасгийн үйл ажиллагааны чиглэл, мэргэжилтнүүдийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлагдсан.

          Сумын Мал эмнэлэг, үржлийн тасаг нь малын чанар эрүүл мэндээс гадна малчдын талаар төрөөс явуулж буй бодлого, тухайлбал малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, сургалт сурталчилгаа, урамшуулал, ган, зуд, гоц халдварт өвчин зэрэг гамшгийн үеийн зохион байгуулалт, оторын нөөц нутаг бий болгох, бэлчээрийн усан хангамж, ургамал хамгааллын асуудал, улс, орон нутгийн төсөв, гадаадын дотоодын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлын тайлан, мэдээ, мэдээллийг гаргах зэрэг ажлуудыг хариуцан ачаалалтай ажилдаг байсан. 

       Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд аймгуудын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-ын удирдлагуудтай анхны цахим хурлаа хийж  “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЭҮТ-ийн 1 орон тоог хассан Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудыг 3 орон тоогоор ажиллуулах шаардлага хүргүүлж байсанчлан өнгөрсөн оны 10 дугаар сард “Аймгийн Мал аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн тайланг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  хэлэлцэн сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн тогтоосон 3 орон тоогоор  ажлуулах арга хэмжээ авах тухай 119 дугаар тогтоолыг гаргасан байдаг.

      Хишиг-Өндөр сумын иргэн Б.Сансар би Экологич мэргэжилтэй, Хүрээлэн буй орчин судлалын магистр цолтой. 2011 оноос эхлэн Байгаль орчин, Хөдөө аж ахуй, газар зохион байгуулалт, газрын менежмент, ус судлал, судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын чиглэлээр төрийн болон хувийн байгууллагуудаар нийт 5 жил ажиллаж байсан туршлагатай.

      2017 оны 3 дугаар сараас эхлэн төрсөн сум, орон нутагтаа ажиллаж амьдрах хүсэлтэйгээр идэвхитэй ажил хайгч байсан. Тухайн үед тус суманд Хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтний сул орон тоо гарсныг мэдээд сумын Засаг даргын Тамгын газарт ажилд орох хүсэлтээ, хувийн  мэдээлэл, төгссөн сургууль, мэргэжил, боловсрол гээд нилээдгүй олон материал хавсарган өгч байсан.

       2017 оны 3 дугаар сарын сүүлээр Сумын Засаг даргын Тамгын газраас МЭҮТ-ийн гуравдагч мэргэжилтэн болох Хөгжлийн бодлого, Бэлчээрийн менежмент, газар тариалан, ЖДҮ, үйлчилгээ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэнгийн ажлын байрны тодорхойлолттой танилцуулан 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3/61 тоот албан бичгээр аймгийн Төрийн албаны зөвлөл рүү миний материалыг хүргүүлж,  2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  дугаар 28 тоот албан бичгээр “Төрийн жинхэнэ албанд анх орох мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тул танай байгууллагын Хөгжлийн бодлогын мэргэжлтний албан тушаалд Баярсайханы Сансарыг томилуулахаар дэвшүүлж байна.” гэсний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр томилогдож байсан.

      Миний бие 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албан хаагчийн шалгалт өгч 77,5 оноогоор  тэнцэж байсан.

     Би тус ажлыг хүлээн авч ажиллаж байгаа хэдий ч өмнөх мэргэжилтэн Г.Оюунцэцэгийн ажил байдалдаа хайхрамжгүй хандаж, Сум хөгжүүлэх сангаас бодлогогүй гаргаж байсан зээл, болон бусад шийдвэрүүдийг нэхэмжлэх, хөөн хэлэлцэх зэрэг олон асуудлуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа.

      Өмнө нь удаа дараа Сум хөгжүүлэх сангаас гаргасан зээл, түүний эргэн төлөлт, зориулалтын бус ашиглалт, хүүгийн тооцоог ИТХ-аар хэлэлцүүлэн хүү тооцох тогтоол гаргуулдаггүй, журам шинэчлэгдсэн байхад уншилгүй хүү тооцооны буруу бодолт хийгдсэн, Сум хөгжүүлэх сангийн 153 дугаар тогтоолыг ихээр зөрчсөн, дараа дараагийн иргэдийн зээл авах боломжийг хязгаарлаж байна. Үүнийг гаргасан их алдаа дутагдал, түүнээс үүдэлтэй хөрөнгийн алдагдлыг алдаа гаргасан албан хаагч эргүүлэн төлөх учиртай. Тус алдаа дутагдалуудыг  арилгах замаар Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1110 албан тоотын   хавсралтаар зөвлөмж хүргүүлж байсныг биелүүлээгүй.

      Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол улсын Засгийн газрын 2011 оны 134 дугаар тогтоолоор батлагдаж, 2016 оны 153 дугаар тогтоолоор шинэчлэгдсэн “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-аар зохицуулагддаг болсноос хойш зээлийн хүү 3%, 36 сараар бодогддог болсонг 2,5% хувиар тооцож тус санг алдагдалд оруулсан. 2017 оны 04 сарын 7-ны өдрийн байдлаар 9 иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийг төлж барагдуулаагүй үлдэгдэл 20.471.300 төгрөг, 5 иргэн зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу зээлийг төлөөгүй үлдэгдэлтэй 27.620.643 төгрөг байгаа нь “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 4.2.3-т заасан зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, зээлээ хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай байх, Сум хөгжүүлэх сангийн зээл олгох гэрээний 2.2-т зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дуусгана гэсэн заалт тус тус зөрчигдсөн. Мөн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй 6 иргэн мөн журмын 4.2.3-т зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан гэх нөхцөлд зээлийг эргүүлэн татах арга хэмээ авна гэж заасны 24.356.524 төгрөгийг эргүүлэн татаагүй зэрэг тоочоод байвал олон зөрчилтэй байна.

        Дээрх олон зөрчлүүдийг арилгуулахаар аймгийн Аудитын газраас албан шаардлага хүргүүлж байсан ч одоог хүртэл тус зөрчил арилаагүй байгаа.” гэв.

     Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын Хөдөлмөр, халамж, хэвлэл мэдээллийн ажилтнаар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс туршилтын журмаар 1 жилийн хугацаагаар, мөн Тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/08 тушаалаар жинхлэн томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалууд[1], хариуцагч, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

         Булган аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтцэд өөрчлөлт орсон тул сумаас комисс томилон Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлыг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэнд хүлээлцүүлж, 10 дугаар сарын 28-ны дотор акт, илтгэх хуудсыг ирүүл” гэсэн 1/59 дугаарын албан бичгийг[2] сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хүргэгдэн очиж, уг Тамгын газрын дарга нь Ц.Болор-Эрдэнэд “ажлын хэсэг байгуулж, ажлыг хүлээлцүүлж, акт илтгэх хуудсын хугацаанд нь хүргүүлэх” гэж 10 дугаар сарын 24-ний өдөр цохсоны дагуу тухайн үед ажлын хэсэг байгуулагдаж, Г.Оюунцэцэгийн эрхэлж байсан ажлаас Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой материал, хавтасуудыг Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Солонгоод хүлээлгэн өгсөн гэх боловч ажил хүлээлцсэн акт, илтгэх хуудас нь аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хүргэгдээгүй, тус Тамгын газрын бичиг хэрэгт ч хувь үлдээгүй болох нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2/275 дугаарын албан бичиг[3], хариуцагч Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын даргын тайлбар болон 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Г.Оюунцэцэг, Ш.Солонго нарын ажлыг хүлээлцсэн тухай” асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэл[4] зэргээр тогтоогдож байна.

        Хэдийгээр ажил хүлээлцсэн акт нь байхгүй болсон ч нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийн эрхэлж байсан ажлаас Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой материал, хавтасуудыг Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Солонгоод хүлээлгэн өгсөн, Г.Оюунцэцэг нь Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн асуудлыг цаашид үргэлжлүүлэн хийж байсан болох нь түүний ажлын зарим хэсгийг хүлээн авсан гэх Ш.Солонгоогийн, ажил хүлээлцэх комиссын нарийн бичгийн даргаар ажилласан гэх Б.Сувдаа, архив бичиг хэргийн ажилтан П.Сарантуяа, төрийн захиргааны асуудал хариуцсан түшмэл Ц.Болор-Эрдэнэ нарын тайлбарууд[5], нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тушаалаар “Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг хариуцсан мэргэжилтэн Г.Оюунцэцэгт аймгийн Аудитын газрын шалгалтын дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан гэсэн шалтгаанаар үндсэн цалинг 5 сарын хугацаагаар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан тушаал[6] зэргээр нотлогдож байна.

       Нэхэмжлэгч нь 2016 оны намар бүтэц орон тооны асуудал яригдаад ирэх үед сумын ЗДТГ-т сул ажлын байр болох төсвийн байгууллага хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд ажиллах хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд орохоор материалаа сумын Тамгын газрын даргад өгч, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэхэд Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/1061 дугаарын албан бичгээр[7] Г.Оюунцэцэгийг Санхүүгийн албаны нягтлан бодогчоор тус хэлтэстэй зөвшилцөн томилохыг зөвлөсөн боловч, Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/146 дугаарын албан бичгээр[8] “Г.Оюунцэцэг нь ЗДТГ-т хэвлэл мэдээллийн ажилтнаар ажилладаг ба цаашид Хөгжлийн бодлого, нийгмийн ажилтнаар ажиллах болсон” гээд төсвийн байгууллагын нягтлангаар ажиллах хүсэлтэй Э.Чимгээ, Г.Отгонтуяа нарын материалыг хүргүүлсэн,

       мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн хуралдаанд Засаг даргын Тамгын газрын дарга дарга Н.Ганхөлөг нь “Г.Оюунцэцэгийн Хөдөлмөр эрхлэлтийн чиг үүрэг нь бүтцийн өөрчлөлтөөр өөр хүнд шилжсэн, сум хөгжүүлэх сан, хэвлэл мэдээллийн чиг үүрэг нь үлдсэн байгаа. Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Оюунцэцэгийг Аудитын дүгнэлтээр алдаа зөрчил илэрсэн тул сахилгын шийтгэл ногдуулж, Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр авч ажиллуулан, 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл алдаа зөрчлийг засуулах, алдаагаа засаж чадахгүй бол дараачийн арга хэмжээ авахаар Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр түр тушаал гаргана” гэж, мөн хуралдаан дээр Засаг дарга С.Мөнхтөр нь “цаашид Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр Сум хөгжүүлэх сангаа хариуцаад явна”  гэж ярилцсан нь тус хуралдааны тэмдэглэлд[9] тусгагдсан, Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/27 дугаарын албан бичгээр[10] Булган аймгийн Аудитын газарт албан мэдэгдлийн хариу хүргүүлэхдээ “ажилдаа хариуцлага алдсан, Г.Оюунцэцэгт ажлаа сайжруулах үүрэг өгч цалинг 6 сарын хугацаанд 20 бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан” гэж тэмдэглэгдсэн,

     Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1288 дугаарын албан бичгээр[11] “мал эмнэлэг үржлийн тасгийг 3 орон тоотойгоор ажиллуулах арга хэмжээ авахыг сумдын Засаг дарга нарт мэдэгдсэн” байх бөгөөд уг албан бичгийг Хишиг-Өндөр сумын Засаг дарга хүлээн аваад, Тамгын газрын дарга Н.Ганхөлөгт “ ЖДҮ, хоршоо үйлдвэрлэл, газар тариалан үйлчилгээ, Нийгэм, эдийн засгийн цогц бодлого, худаг, ус бэлчээр, төсөл хөтөлбөрүүдээр хийгдэж байгаа ажил, сум хөгжүүлэх сангийн зарцуулалт хариуцсан мэргэжилтэнг Мал эмнэлэг үржлийн тасагт хамааруулж орон тоог авч ажиллая” гэж 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр цохсон байдал,

     мөн Хишиг-Өндөр сумын 2016 оны төсвийн төсөлд[12] “ажиллагсадын тоо 21, үүнээс гүйцэтгэх ажилтан 12, цалин хөлс нэмэгдэл урамшуулал 141126,2 сая төгрөг”, 2017 оны төсвийн төсөлд[13] “ажиллагсадын тоо 21, үүнээс гүйцэтгэх ажилтан 12, цалин хөлс нэмэгдэл урамшуулал 139714,9 сая төгрөг” гэж тус тус батлагдсан, тус Тамгын газрын даргын “бүтэц орон тоо батлах тухай” 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/06 тоот тушаалын хавсралтанд[14] “гүйцэтгэх ажилтан 11 гэсний 8-рт “Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн ажилтан” гэсэн нь мөн даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “бүтэц орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалын хавсралтанд[15] “гүйцэтгэх ажилтан 11 гэсний 7-рт “Хөгжлийн бодлогын ажилтан” гэж албан тушаалын нэрэнд өөрчлөлт орсон байдал  зэргээс дүгнэхэд Г.Оюунцэцэг нь Хишиг-Өндөр сумын ЗДТГ-т Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан гэж үзэхээр, тус Тамгын газрын дарга нь “цаашид Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллах болсон”, “Хөгжлийн бодлогын мэргэжитнээр түр  тушаал гаргана...” гэх зэргээр хүлээлт үүсгэж Г.Оюунцэцэгт  өөр ажил албан тушаалд ажиллах боломж олгоогүй хирнээ Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр томилох тушаалаа гаргаагүй нь хууль бус эс үйлдэхүй гэж  үзэхээр байна.

       Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны бүтэц орон тоог батлахдаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн албан тушаалын ажлын байрны нэрийг хавсралт ёсоор баталж мөрдүүлэхээр заасан, уг хавсралтанд “Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг хариуцсан ажилтан, Хөдөлмөр хэвлэл мэдээллийн ажилтан ” гэсэн албан тушаал, ажлын байрны нэр тусгагдаагүй байхад мөн даргын дээрх тушаалаас хойшхи буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тушаалаар[16] “Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Г.Оюунцэцэг нь ажлын хариуцлага алдаж аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан гэж 5 сарын цалинг 20 хувь цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 тушаалаар[17] “Хөдөлмөр хэвлэл мэдээллийн ажилтан Галбадрахын Оюунцэцэгийг” гэж ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.  

       Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.”

       Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т төсвийн шууд захирагч нь “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” бүрэн эрхтэй,

      Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө

      Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэсэн заалтууд баримталсан нь хууль бус байна.

        Учир нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг нь Г.Оюунцэцэгийг сумын Засаг даргатай зөвшилцөн “Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллуулахаар, 1 сарын хугацаатай ажил сайжруулах үүрэг өгч,” шийдвэрлэсэн боловч түүнийг Хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд томилоогүй хирнээ тухайн ажлын байранд хийгдэх ёстой ажил үүргийг гүйцэтгүүлэн ажиллуулж байгаад Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар нь 2017 онд ямар нэг байгууллагын шийдвэрээр татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдаагүй, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй байхад мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, Г.Оюунцэцэг нь төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй[18], анх ажилд томилогдохдоо ТЗ-3-1 шатлалаар[19], 2016-4-18-наас төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ТЗ-3-2 шатлалаар[20] цалинждаг ажилтан байхад Хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг тодорхой үндэслэлээр цуцлах тухай мэдэгдэх 40.5-г баримталсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

        Хариуцагч нь Г.Оюунцэцэгийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “..тухайн төрийн байгууллага эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан тул 3 сарын тэтгэлэг олгохоор шийдвэрлэн чөлөөлсөн ” гэх боловч тус Тамгын газарт 2016, 2017 онд 21 орон тоо хэвээр батлагдсан, Г.Оюунцэцэгийн эрхэлж байсан Хөдөлмөр хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод[21] заасан чиг үүргийн зарим болох  нь ”ЖДҮ хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, төсөл сонгон шалгаруулах хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлан гаргах, тайлагнах, үр дүнг тооцох, хяналт шинжилгээ үнэлгээ хийх “ гэх мэт нилээд чиг үүргүүд нь Хөгжлийн бодлогын ажилтны ажлын байрны тодорхойлолтод[22] тусгагдсан байх тул Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасныг зөрчин Г.Оюунцэцэгийг Хөгжлийн бодлогын ажилтнаар томилоогүй,

      мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс хойш 2017 оны 03 дугаа сарын 15-ны өдөр Б/13 дугаарын тушаалаар[23] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар 3 сарын тэтгэлэг олгосон гэх боловч уг тэтгэлэг олгогдоогүй, гүйлгээ хийгдээгүй буцаагдсан, 2017 оны төсвийн төсөлд[24] тусгагдаагүй болох нь 2017 оны төсвийн төсөл, гүйлгээ буцаасан тухай тодорхойлолт[25],  нэг удаагийн зардалд тодотгол хийлгүүлэх тухай албан бичиг[26], гүйлгээ хийгдсэн тэмдэглээгүй төлбөрийн хүсэлтүүд[27] зэргээр нотлогдож байх ба уг орон тоо нь хасагдсан байсан ч “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэсний дагуу нэхэмжлэгчийн өөр албан тушаалд шилжих, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчийн зүгээс хязгаарласан буруутай байна.

       Хариуцагч нь Г.Оюунцэцэгийг Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр томилохгүй байгаа үндэслэлээ “Аудитын байгууллагын шалгалтаар зөрчил дутагдал тогтоогдож хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн, сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа хангалтгүй гэж дүгнэгдсэн, сахилгын шийтгэлтэй, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байрны мэргэжилд тавих шаардлагад тохирохгүй” гэж тодорхойлж байх боловч Аудитын шалгалтын дүнтэй холбогдуулан түүнд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байхад мөн энэхүү үндэслэлээр Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр томилохоос татгалзаж, хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2-ын 7-д “..сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэл ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэснийг зөрчсөн гэж,

        мөн 2016 оны 10 сарын сүүлээр нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажлаас Хөдөлмөртэй холбоотой хэсгийг бусдад шилжүүлэн өгч, Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн ажлыг түүнд хариуцуулан ажиллуулж, удаа дараа Хөгжлийн бодлогын мэргэжилтнээр ажиллуулах болсон, түр тушаал гаргана гэх зэргээр мэдэгдэж өөр ажилд шилжин ажиллах боломжуудыг хаасан хирнээ уг ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй гэж байгаа болон Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байрны хуучин тодорхойлолтыг шүүхээс удаа дараа /2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 49[28] дугаар, 6 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаарын албан бичигээр[29]/ шаардсан байхад гаргаж ирүүлээгүй зэргээс харахад нэхэмжлэгчийн “хуучин ажлын байрны тодорхойлолт болон Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байрны үлгэрчилсэн загварт эдийн засагч, ня-бо мэргэжилтэй хүн уг ажлыг хийж болохоор байсныг, одоо шинэ тодорхойлолт гаргахдаа зориудаар мэргэжлийг өөрчилж миний мэргэжилд тохирохгүй болгосон гэх тайлбар үндэстэй гэж тус тус үзэхээр байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийг Хөгжлийн бодлогын ажилтны албан тушаалд томилохыг тус Тамгын газрын даргад даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Ажилгүй байх хугацааны цалинг тооцож олгуулах шаардлагын тухайд;

      Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулна”, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.”  гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийг Хишиг-Өндөр сумын ЗДТГ-ын Хөдөлмөр хэвлэл мэдээллийн мэргэжилтний үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн /Хөгжлийн боддлогын ажилтны албан тушаалаас/ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгах нь зүйтэй байна.

        Нэхэмжлэгчийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/03 тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

         Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 тушаалаар Аудитын шалгалтаар хангалгүй үнэлгээ авсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасныг баримтлан үндсэн цалинг 5 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

        Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.” гэж заасны дагуу тэрээр Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан, хариу ирүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч уг гомдол[30] нь агуулгын хувьд дээрх сахилгын шийтгэлд холбогдолгүй, сахилгын шийтгэлийг хэрхэх талаар дурдаагүй, албан ёсоор уг шийтгэлд гомдол гаргасан гэж үзэхээргүй, байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, түүнийг сэргээх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан сум хөгжүүлэх сангийн ажилд аймгийн  Аудитын шалгалтаар зөрчил дутагдал илэрч “...сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл болон холбогдох мэргэжилтэн хариуцлагагүй ажилласан ...70 хувьд зөрчил илэрсэн тул хангалтгүй гэж дүгнэлээ...хариуцлага алдсан албан хаагч нарт хуулийн дагуу хариуцлага тооцож, ажлыг сайжруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна...” гэсэн шалгалтын дүнгийн танилцуулга[31], албан шаардлагууд[32] хүргүүлсэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг даргын өрөөнд “сум хөгжүүлэх сангийн зээлийн тухай” хуралдаан хийж, Аудитын шалгалтын дүнгийн талаар танилцуулж ярилцахад Г.Оюунцэцэг нь “...нэгэнт ийм шийдвэр ирсэн тул хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан” гэж мэдүүлсэн, түүнд хариуцлага тооцох талаар хуралдаанд оролцсон сумын удирдах албан тушаалтнууд мэдэгдсэн нь хуралдааны тэмдэглэлд[33] тусгагдсан зэргээс дүгнэхэд Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Аудитын байгууллагын тавьсан албан шаардлага, дүгнэлтийн дагуу хуралдаанаар хэлэлцэж, Г.Оюунцэцэгт гарсан зөрчлийн талаар болон сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай Б/03 тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 106.4 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27.2.3-д заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаарын тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Оюунцэцэгийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Хөгжлийн бодлогын мэргэжилтэн”-ий ажилд томилохыг тус Тамгын газрын даргад даалгасугай.
  2. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1.2, 26.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/03 тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийхийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 4.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Оюунцэцэгээс Булган төрийн сангийн 100041400941 дугаарын дансанд төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оюунцэцэгт олгосугай.
  5.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНТУЯА

 

 


[1] 15, 146, 173-р хуудас

[2]Хэргийн материалын 147-р хуудас

[3] Хэргийн материалын 176-177-р хуудас

[4] Хэргийн мэтериалын 205-208 хуудас

[5] Хэргийн материалын 209-212 хуудас

[6] Хэргийн материалын 8-р хуудас

[7] Хэргийн материалын 6-р хуудас

[8] Хэргийн материалын 156-р хуудас

[9] Хэргийн материалын 42-43-р хуудас

[10] Хэргийн материалын 107-р хуудас

[11] Хэргийн материалын 157-р хуудас

[12] Хэргийн материалын 148-151-р хуудас

[13] Хэргийн материалын 152-154-р хуудас

[14] Хэргийн материалын 171-172-р хуудас

[15] Хэргийн материалын 155-р хуудас ар талд

[16] Хэргийн мэтериалын 8-р хуудас

[17] Хэргийн материалын 15-р хуудас

[18] Төрийн жинхэнэ албан хаагчин 2016 оны үр дүнгийн гэрээ хэргийн материалын 163-168-р хуудаст 

[19] Анх ажилд томилсон тушаал хэргийн материалын 146-р хуудаст

[20] Б/08 тушаал хэргийн материалын 173-р хуудас

[21] Хэргийн материалын 31-34-р хуудас

[22] Хэргийн материалын 68-71-р хуудас

[23] Хэргийн материалын 139-р хуудас

[24] Хэргийн материалын 152-154-р хуудас

[25] Хэргийн материалын 138-р хуудас

[26] Хэргийн материалын 136-р хуудас

[27] Хэргийн материалын 140-141-р хуудас

[28] Хэргийн материалын 144-р хуудас

[29] Хэргийн материалын 174-р хуудас

[30] Хэргийн материалын 9-12-р хуудас

[31] Хэргийн материалын 35-37-р хуудас

[32] Хэргийн материалын 38-41-р хуудас

[33] Хэргийн материалын 42-44-р хуудас