Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0159

 

   Г.Б-ын нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Г.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Б-ыг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал болох Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дэргэдэх даргын зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар хурлаар зөвхөн шалган бүртгэх товчооны асуудлыг хэлэлцээгүй, Налайх-Улаанбаатар чиглэлийн авто зам, Яармагийн гүүрийн асуудал зэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн байхад ганцхан шалган бүртгэх товчооны асуудлыг хэлэлцсэн, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг үндэслэл болгон Г.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын  даргын 2019 оны Б/77 дугаар тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалаар “... удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б-ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчаас уг тушаалыг гаргах болсон үндэслэлээ “...Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам барих болох Яармагийн гүүрийн ажлыг хариуцан ажиллаж байхдаа хугацаа хэтрүүлсэн, гүүрэнд цооролт үүссэн, зам болон гүүрийг яаралтай ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг биелүүлээгүй” гэж тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хуульчилсан, мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, шийтгэл хүлээлгэж буй тухайн албан тушаалтныг буруутгасан зөрчил тус бүрийг тодорхойлж, эдгээрийг нотолсон баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй.

Гэтэл хариуцагч Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга өөрийн гаргасан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/77 дугаар тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон болохоо тодорхойлж, нотолж чадаагүй, тушаалын үндэслэлд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд түүнийг захиргааны санаачилгаар төрийн албанаас халж болохоор заасан бөгөөд “... удаа дараа хангалтгүй биелүүлсэн ...” гэдэгт ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч 3 ба түүнээс дээш удаа чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.

Гэтэл нэхэмжлэгч Г.Б-ыг тухайлан ямар зөрчил гаргасан болохыг хариуцагч тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгч нь удирдлагаас хэзээ, хэзээ өгсөн ямар, ямар үүрэг даалгавруудыг хэрхэн биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар, ямар чиг үүргүүдийг хэзээ, хэзээ, хэрхэн гүйцэтгээгүйн улмаас дээрх зам, гүүрний ажилд алдаа, дутагдал гарсан болох нь тодорхойгүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагчаас Г.Б-ын гаргасан зөрчлүүдийг нотолно гэж тайлбарлан шүүхэд ирүүлсэн Нийслэлийн  авто замын хөгжлийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/3273 дугаар албан бичигт дурдсан баримтууд /Синохайдро корпорейшн лимитед ХХК, Ус сувгийн удирдах газарт хандсан албан бичгүүд/, авто замын ажлын төлөвлөгөө зэрэг нь Г.Б-ыг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлийг нотлох баримт биш байх тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн “...төрийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх нөхцөлд урьд нь 3 ба түүнээс дээш удаа зөрчил гаргаж, түүндээ шийтгэл хүлээсэн байхыг шаардана...” гэх дүгнэлт үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан төрийн албанаас халах шийдвэрийг гаргах үндэслэл нь төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ 3 ба түүнээс дээш удаа дараа хангалтгүй биелүүлсэн байхыг ойлгох боловч гаргасан зөрчил тус бүртээ сахилгын шийтгэл хүлээсэн байхыг шаардахгүй болохыг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН