| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2023/0927/З |
| Дугаар | 001/ХТ2025/0010 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2025/0010
Оюуны өмчийн газрын шинжээч нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0616 дугаар магадлалтай,
Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч О.О, Б.О, Г.Б, Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгуулах,
2.Хэргийн нөхцөл байдал: “П” ХХК нь “халбага шар тос” бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс Номин их дэлгүүр, И-март сүлжээ дэлгүүрээр худалдаанд гаргасан, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Оюуны өмчийн газрын даргын А/101 дүгээр тушаалаар “дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл” төрлөөр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгож, “Халбаганд савлагаатай хүнсний сав баглаа боодлын загвар”-т бүтээгдэхүүний загварын патент олгосон байна. Харин гуравдагч этгээд “ЖХ” ХХК нь зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдэл бүтээгдэхүүний загварын мэдүүлэг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргаж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Бүтээгдэхүүний загварын “шошго болон савлагааны хэвлэмэл загвар” гэсэн төрлөөр шүүлтийн дүгнэлт гарсан байна.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдээс: “... манай компани “Халбага шар тос” гэсэн бүтээгдэхүүн анхдагч огноогоор буюу 2021 оны 06 дугаар сарын 25-наас эхлэн сүлжээ дэлгүүрээр худалдаанд гаргаж, байгууллагын цахим хуудаст нийтэлж, нийтэд илэрхий болгосон, гэтэл манай бүтээгдэхүүн гарснаас хойш гуравдагч этгээдэд манай бүтээгдэхүүний загвартай адилхан, шууд хуулбарласан бүтээлд патент олгох дүгнэлт гаргаснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, адилхан ногоон өнгийн дэвсгэр, хөдөө нутгийн зурагтай, доторх бүтээгдэхүүн нь ижил, халбага, таглаа адилхан, хэрэглэгчийг төөрөгдүүлэх байна” гэж,
4.Хариуцагч нараас: “... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах сав баглаа боодлын хэлбэр хийц, өнгөний хослол, онцлог ялгаатай харагдуулж буй тэрхүү шийдлүүд хоорондоо давхцаагүй, ялгаатай байсан, гуравдагч этгээдийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотой бүтээлийг, нэхэмжлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотой бүтээлтэй давхцуулан мөн чанарын шүүлт хийх боломжгүй, хоёр бүтээл бие даасан, ялгагдах шинж чанартай сав баглаа боодолд хэвлэгдсэн загвар, дизайн гаднаас харахад ялгагдах шинж чанартай, хэрэглэгч төөрөгдөлд орохгүй, өмнө нь худалдаж байсан, нийтэд түгээсэн гэдэг бол өөрийн бүтээлийн шинэлэг байх шалгуурыг үгүйсгэх үндэслэл болно ...” гэж,
5.Гуравдагч этгээд “ЖХ” ХХК-иас “... зөгийн бал, шар тос зэрэг хоорондоо ижил төстэй харагдуулах шинж, загвар дүрслэл байхгүй гэж мэргэжлийн байгууллагаас шат дараалан дүгнэлт гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, түрүүлж худалдаанд гаргасан гэдэг нь оюуны өмчөөр хамгаалагдах үндэслэл биш ...” гэж тус тус маргасан.
6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:
6.2.гуравдагч этгээдийн анхдагч огноо нь нэхэмжлэгч “П” ХХК-ийн мэдүүлгийн анхдагч огнооноос 1 сарын өмнө байна.
6.3.нэхэмжлэгч хуулийн этгээдийн халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар нь дээрх анхдагч огнооноос өмнө нийтийн хүртээл болсон, тус байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн, худалдаалагдаж эхэлснийг үгүйсгэхээргүй боловч “П” ХХК нь бүтээгдэхүүний загварын давамгайлах огноо тогтоолгохтой холбоотой Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, хүсэлт, аливаа баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.
6.4.бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдэл нь бүтээгдэхүүний загварт хамаарах бөгөөд Патентын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Патентын эрхийн хамгаалалтын хүрээг ... бүтээгдэхүүний загварын хувьд тодорхойлолтод зааснаар тодорхойлно гэснээс үзвэл, нэхэмжлэгчийн тайлбарлаж буй аягатай цай, эсхүл кофе зэрэг бор өнгийн шингэнд халбагатай тос, эсхүл халбагатай бусад хүнсний зүйл хийсэн дүрслэл болон халбаганы хэлбэр зэрэг нь бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдахгүй.
6.5.бүтээгдэхүүний загварын төстэй байдал, тухайн тохиолдолд халбаганд савласан, өнгө өнгийн уутанд савласан, аягатай уух зүйлд халбагыг дүрсэн, уламжлалт хүнсний зүйл болох шар тосыг савласан зэрэг нь бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч нарын “зөвхөн бүтээгдэхүүний загварын шийдэл нь патентаар хамгаалагдана” гэх тайлбар үндэслэлтэй байна.
6.6.“П” ХХК-ийн захирал Ө.М-ны “Халбага шар тос” бүтээлд дүрслэх урлагийн төрөл буюу уг төрлийн зураг төсөлд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байх ба “ЖХ” ХХК-ийн мэдүүлсэн бүтээгдэхүүний загвар нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан энэхүү бүтээлээс гадаад шинж, гоо зүй, зураг төслийн хувьд ялгаатай гэж үзэхээр байна гэжээ.
7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнд:
7.1.“П” ХХК-иас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн анхдагч огноотой, 30-21-0004248 дугаар мэдүүлгээр гаргасан “Халбаганд савласан хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” нэртэй бүтээгдэхүүний загвар; “ЖХ” ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн анхдагч огноотой, 30-2021-0004219 дугаар мэдүүлгээр гаргасан “Magic spoon” брэнд-зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдэл” нэртэй бүтээгдэхүүний загварууд нь харилцан хуулбарлан дуурайсан шинжгүй, өнгө дизайны шийдлүүдээр ялгаатай, бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, өнгө бүтэц, хээ чимэглэлийн уран сайхны шийдлүүд хоорондоо давхцаагүй.
7.2.Оюуны өмчийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдсэн шүүлтийн дүгнэлтээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алины мэдүүлэгт заасан бүтээгдэхүүний загварын хэлбэр, хийцлэл нь техникийн шийдлийн хувьд нийтэд илэрхий бус байх шаардлагыг хангахгүй болох нь ижил төстэй загварын шүүлтээр тогтоогдсон хэмээн бүтээгдэхүүний загварын тодорхойлолтоос хассан буюу патентаар хамгаалагдах бүтээгдэхүүний загварт хамаарахгүй гэж дүгнэсэн нь Патентын тухай хуульд заасан бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргах, түүнд патент олгохтой холбоотой холбогдох зохицуулалтад нийцжээ.
7.3.Түүнээс гадна цаг хугацааны хувьд “ЖХ” ХХК нь “П” ХХК-иас түрүүлж бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргасныг оюуны өмчийн байгууллага бүртгэсэн болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон учир маргаан бүхий захиргааны актын улмаас “П” ХХК-ийн патент эзэмшигчийн эрхийг зөрчигдөөгүй.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо:
8.1.нэхэмжлэгч компанийн хувьд гуравдагч этгээд болох “ЖХ” ХХК-ийн мэдүүлэг гаргасан хугацаанаас өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Халбага шар тос” гэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар Мэргэжлийн хяналтын газарт бүргүүлж, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Скай хайпермаркет, И март, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Номин сүлжээ гэсэн байгууллагуудтай худалдааны гэрээ байгуулж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нийлүүлэлт хийгдэж, худалдаанд гарч, байгууллагын цахим хуудаст нийтлэгдсэн.
8.2.“П” ХХК нь уг бүтээгдэхүүнийг загварыг нийтэд илэрхий болгосноос хойш 3 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргасан. Цаг хугацааны хувьд 3 сарын өмнөөс нийтэд илэрхий болсон учраас “П” ХХК-ийн бүтээгдэхүүн нь хуульд заасан шинэ гэх тодотголтой байхаар байна.
8.3.Нэхэмжлэгчийн зүгээс мэдүүлэг хүсэлттэй холбоотой баримтыг гаргаж өгсөн бөгөөд мөн хавтаст хэрэгт хариуцагч байгууллагын зүгээс ирүүлсэн байгааг анхан шатны шүүх бүрэн гүйцэт үнэлж, дүгнэлт хийгээгүй. Патентын тухай хуулийн 25 дугаар зүйл нь шинэ бүтээлд патент олгохоор зохицуулсан заалт юм. Өөрөөр хэлбэл, Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “шинэ бүтээл” нь байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэх арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг” хэлнэ гэж заасан бөгөөд энэ нь бүтээгдэхүүний загвараас ялгаатай байхад хуулийн буруу заалтыг үндэслэл болгож шүүхийн шийдвэрийг гаргасан байна.
8.4.Гуравдагч этгээд “ЖХ” ХХК нь Халбага шар тос нэртэйгээр өнгө зураглалын хувьд ижил бүтээгдэхүүн зарж, борлуулж байгаа нь хэрэглэгчийг төөрөгдүүлж, бүтээгдэхүүний патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн, бусад этгээд ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь тус компанийн онцгой эрхээр хамгаалагдсан суурь өнгө зураглалын бүхий илэрхийлэл болох барааны тэмдгийн эрхийг зөрчиж байна.
8.5.Мөн тусгай мэдлэг бүхий шинжээчийг оролцуулахгүйгээр хариуцагчаар өөрөөр нь маргаан бүхий дүгнэлтийг нотлуулж, зөрүүтэй байдлыг тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
9.Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэгч “П” ХХК нь халбаганд шар тос савласан “халбага шар тос” нэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2021 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн Номин их дэлгүүр, И-март сүлжээ дэлгүүрээр худалдаанд гаргасан, улмаар Оюуны өмчийн газар мэдүүлэг гаргахдаа уг бүтээлийн өвөрмөц байдлыг “Монгол Улсад нэг удаагийн зориулалттай, халбаганд савласан бүтээгдэхүүн байхгүй, мөн чанарын хувьд авсаархан, хэрэглэхэд хялбар” гэж тодорхойлж[1], хутгаад хэрэглэх боломжтой санааг гаргаж, оюуны өмчөөр хамгаалуулахаар хүсэлт гаргасан байна.
11.Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Бүтээгдэхүүний загварын шийдлийн гадаад гоо зүйн онцлог шинж чанар нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг өвөрмөц шинжтэй гэж үзнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “бүтээгдэхүүний загварын шийдэл” гэдэгт нэхэмжлэгчийн патентаар хамгаалуулахыг хүссэн “халбаганд савлах” шийдэл хамаарах боломжтой эсэхийг тодруулах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтооход ач холбогдолтой байна.
12.Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “... хоёр тэмдгийн хувьд хоёулаа барааны тэмдгээр мэдүүлсэн байгаа, Мэйжик спүүнээс бүртгүүлсэн халбага, халбага шар тос гэдэг нь зөвхөн логогоо буюу дүрсээ бүртгүүлсэн. Учир нь “халбага шар тос” бүтээгдэхүүний шинж чанарыг заасан учраас барааны тэмдгээр бүртгэгдэх боломжгүй. Мэйжик спүүн нэрээр авсан, нэхэмжлэгч тал дүрсээр авсан”[2] гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн бүтээлүүд нь оюуны өмчийн аль салбараар, ямар шинжээр нь шинэ, өвөрмөц, оюуны бүтээлч шийдэл гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.
13.Бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалт нь үйлдвэрлэгч зах зээлд амжилтад хүрч болох тухайн бүтээгдэхүүний аль нэг өвөрмөц бүрэлдэхүүн хэсгийг хамгаалах агуулгатай, энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн бүтээгдэхүүнийг ямар өвөрмөц шинжээр нь бүртгэж байгаа, эдгээр нь хоорондоо хэрхэн ялгагдах нь тодорхойгүй.
14.2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Урьдчилсан шийдвэрээр “хүнсний бүтээгдэхүүний савлагаа болох халбаганы хэлбэр, хийцлэл нь цахим орчинд түгээмэл байх тул халбаганы хэлбэр, хийцлэлийн загварт патент олгохоос татгалзаж байсан”[3] (огноог 2021 он гэж буруу бичсэн) гэж нэхэмжлэгчийн мэдүүлгийг татгалзаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас “... бүтээгдэхүүний загвараар хамгаалагдсан сав баглаа боодолд байгаа дүрслэл, зураг өнгөний хослол дотроо дугуй дүрс, халбагатай байгаа, бүтээгдэхүүний загварын патентад халбага хамаарч байгаа”[4] гэж тайлбарласан зэргээр зөрүүтэй байна.
15.Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад харагдах байдалд хамаарах дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг ойлгоно” гэж зааснаас үзэхэд бүтээгдэхүүний загварыг тодорхойлохдоо зөвхөн нэг шинжээр тодорхойлохгүй, дээр дурдсан шинжүүдийг бүгдийг нэгтгэж ойлгох агуулгатай, тухайлбал, “хийц” гэх ойлголтод халбаганд савласан шар тос хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
16.Оюуны өмчийн газрын 13170 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээгээр “П” ХХК-д “халбага шар тос” гэсэн бүтээлийн нэрээр, “дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл” гэсэн төрлөөр гэрчилгээ олгосон,[5] хариуцагчаас “зохиогчийн эрхээр дүрслэх урлагийн төрлөөр хамгаалагдсан, мөн халбаганы зураг хамгаалагдсан, бүтээгдэхүүн дээр тавигдсан лого, нэр зэргийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын хуулиар зохицуулна” гэж, нэхэмжлэгчээс “энэ бүтээл нь өөрсдөө зохиож, загвар дизайнаа гаргасан лого байгаа” гэж тайлбарласан байна.
17.Патентын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “бүтээгдэхүүний загварын нэр нь товч, тодорхой, бүтээгдэхүүний загварын олон улсын ангилалд хамаарах нэр томьёог баримталсан байх бөгөөд хийсвэр, эсхүл бэлгэдлийн шинжтэй байж болохгүй” гэж заасан, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/148 дугаар тушаалаар “П” ХХК-д “халбаганд савлагаатай хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар” гэсэн бүтээгдэхүүний загварын нэрээр патент олгосон, гуравдагч этгээд “ЖХ” ХХК-ийн бүтээлийг ““MAGIC-SROON” брэнд-зөгийн бал, шар тос, чацарганы охьтой халбаганы иж бүрдлийн шошго, савлагаа” гэсэн нэрээр нэрлэсэн нь хуулийн дээрх шаардлагыг хангаж байгаа эсэх, адил төрлийн бүтээгдэхүүн яагаад өөр өөр нэршлээр, өөр ангиллаар бүртгэгдэж байгаа нь тодорхойгүй, ийнхүү нэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагавар ойлгомжгүй байна.
18.Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Бүтээгдэхүүний загварын шийдэл нь анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө Монгол Улсад болон гадаад улсад нийтэд илэрхий болоогүй бол шинэ гэж үзнэ” гэж заасан, хариуцагчаас “4248 бүтээлд халбаганд савлагдаж байгаа … концепц урд хөршид 2014 онд бүртгэгдсэн, нийтэд илэрхий болсон, бүтээгдэхүүний загвараар хамгаалагдах боломжгүй”[6] гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, аль улсад, хэний ямар бүтээл, хэрхэн нийтийн хүртээл болсон талаар тодруулсны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжтой юм.
19.Нөгөө талаар бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалт нь нутаг дэвсгэрийн шинжтэй буюу бүтээгдэхүүний загвараа бүртгүүлсэн тухайн орноор хязгаарлагдах эсэхэд хэргийн оролцогчид болон анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх нь маргааныг бүрэн дүүрэн, эргэлзээгүй үйл баримтад тулгуурлан хэргийг шийдэхэд ач холбогдолтой байна.
20.Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0486 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2024/0616 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Д.БАТБААТАР
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ