Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 13

 

 

Н.Р-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 874 дүгээр магадлалтай, 201526020315 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Н.Р нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан “Догшин авирлаж танхайрах”, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Рийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, прокурорын хяналт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 01 cap хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Н.Рт холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил 01 cap хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Рт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 01 cap хорих ялд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих хөнгөн ялыг багтааж, биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 01 capын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Рийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н, шүүгдэгч Н.Р, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Б.Тэнгис, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Рийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Н.Рийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохироогүй зүйл ангиар зүйлчилсэн гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н, ялтан Н.Р, гэрч Д.Батцэцэг нарын мэдүүлгүүдээс үзэхэд Н.Рийг “догшин авирлаж танхайрсан” гэж зүйлчлэхээс илүүтэй түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Тарчлаах” гэмт хэргийн шинжтэй тул уг зүйлээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд тэрээр өмгөөлөгчгүй хэрхэн хэргийн материалтай танилцсан эсэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.8 дахь заалтад заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах” гэсэн эрхийг мөрдөн байцаалтын шатанд хангаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох” гэснийг зөрчиж Н.Рт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоож шалгалгүй зөвхөн яллах талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан” гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг” мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад бүрэн нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Нөхрийг минь гаргаж өгөөч” гэв.

 

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байна. Харин үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж, танхайрч 4 настай хүүд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж байна. О.Н 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой талаараа хэлсэн. Шүүгдэгч 2010 оноос хойш байнга танхайрч орон гэрийнхээ тав тухыг алдагдуулдаг байсан учир захиргааны хариуцлага оногдуулж байсан нь нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Н.Р нь 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 10-360 тоотод дагавар хүү 4 настай Н.Тыг хэвтэж хоол идлээ, уйллаа гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг, уг хэрэгт шалгагдаж 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд прокурорын хяналт, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, эрэн сурвалжлалт зарласан тэмдэглэл, илтгэх хуудас болон хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүхээс Н.Рийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

 

Тарчлаах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд, хохирогчийн хооронд бий болсон таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг байнга зодох, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийх явдал юм.

 

Эрх зүйн чадамжийн хувьд 4 настай Н.Т нь хойд эцэг Н.Ртэйгээ хувийн таарамжгүй харьцаатай байсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа бөгөөд оюун ухаан, насны хувьд өөрийнхөө үйлдлийн зөв бурууг ухамсарлах чадваргүй Н.Тыг хэвтэж хоол идлээ, уйллаа гэж үл ялих зүйлээр шалтаглан зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан Н.Рийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн “...Н.Рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгээр зүйлчилнэ үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1052 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 874 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ