| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2024/00166/И |
| Дугаар | 218/МА2025/00004 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 218/МА2025/00004
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 310/ШШ2025/00099 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох 69,497,754 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын шаардлага, тайлбарын агуулга: ...******* би *******тай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, нийт 538 толгой бага малыг *******ыг малжуулах зорилгоор түрээсэлж түүний эзэмшилд шилжүүлсэн. ...Цагаан сараас өмнөхөн холбогдож малаа асуухад мал доороосоо буюу бага насны малаасаа эхлээд хорогдож байна гэсэн. Өвсний мөнгө ... 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн.... Тэгээд 3 өдрийн дараа ******* утсаар залгаад мал 10, 20-иороо үхээд байна гэж хэлсэн. ... Мал хорогдоод байна гэхээр би эхнэртэйгээ Дундговь аймгийн Хулд суманд очиход манай мал нэлээд хорогдсон байсан. Өвсний мөнгө явуулаад байхад малаа тэжээгээгүй, ихээр үхүүлсэн нь *******ын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Би анх 538 толгой бага мал *******т хүлээлгэж өгсөн, Үүнд 138 хонь, .. 400 ямаа ... хүлээлгэж өгснөөс одоо 92 хонь, 223 ямаа хорогдсон байна. Үхэж хорогдсон малынхаа үнийг эр хонийг зах зээлийн ханшаар 280,000 төгрөгөөр, эм хонио 180,000 төгрөгөөр, эр ямаагаа 270,000, эм ямаагаа 150,000 төгрөгөөр үнэлж, өвсний мөнгө 1,500,000 төгрөг, мал ачсан болон шүүхээр маргаан шийдвэрлүүлэх зорилгоор ирж очсон бензиний зардал 827,754 төгрөг, нийт 69,497,754 төгрөгийг *******аас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга: ... Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мал хорогдсонд хариуцагчийн буруутай үйлдэл биш байгалийн гамшигт үзэгдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. ******* нь малчин хүн, цаг хэцүү байсныг нотолсон. Мөн сумын Засаг даргын хур тунадас ихтэй, цаг хэцүү байсан талаарх тодорхойлолт байгаа. Эм тан өгөөд байхад хорогдоод байгаа нь малчны буруу биш. ******* анх *******т бага насны мал өгсөн. Гэрээний хугацаа дуусахаас өмнө үлдэгдэл малаа ачаад явсан. ... Малчин хүн малаа ган гачигт алдахыг хараад зүгээр суугаад байхгүй нь ойлгомжтой зүйл. ******* цаг агаарын байдлаас болж өөрөө ч хамаг малаа алдсан. Үүн дээр хариуцагчийг буруутгаж байгаад гомдолтой байна. Малуудаа гэрээ контракт хийгээд өгч, авсан. Мөн өөрсдийнх нь өгсөн мөнгөнүүдийг малд нь зарцуулж өвс тэжээл авсан. ******* нь өөрийнхөө мөнгөөр маш их өвс тэжээл авсан. Энэ бол *******ын буруу биш байгалийн давагдашгүй нөхцөл байдал. Хоёрдугаарт мал маллах нь түрээсийн гэрээ биш, харин хамтран ажиллах гэрээ эсхүл даалгаврын гэрээ байсан. 1-т ноолуур, 2-т хөлс авах байсан. Энэ бол хамтран ажиллах даалгаврын гэрээ байсан. Нэхэмжлэгч тал эд хөрөнгөө оруулж, хариуцагч тал хөдөлмөрөө оруулсан байгаа учир хамтран ажиллах гэрээ байж болзошгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь мал малласныхаа төлбөрт ноолуурын 40 хувь харин нэхэмжлэгч тал 60 хувийг авах байсан. Гэтэл хариуцагч ямар нэгэн байдлаар мөнгө ноолуур авсан зүйл байхгүй. гэжээ
3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******aac малын үнэ 22,050,000 /хорин хоёр сая тавин мянган/ төгрөг, шүүхэд ирсэн, буцсан шатахууны зардал 827,754 /найман зуун хорин долоон мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөг, нийт 22,877,754 /хорин хоёр сая найман зуун далан долоон мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46,620,000 /дөчин зургаан сая зургаан зуун хорин мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527,440 /таван зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 272,339 /хоёр зуун далан хоёр мянга гурван зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Маргааны үйл баримтын талаар авч үзвэл талуудын хооронд 2022 оны 08-р сарын 31-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 128 толгой хонь, 400 толгой ямаа. эхнэрийн аав болох *******ийн өмчлөлийн 10 толгой хонь нийт 538 толгой малаа хариуцагч *******т маллуулахаар хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд тус гэрээнд заасан тоо толгой малыг маллаж, 2 дахь жилийн хувьд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зуд тохиож өөрийн болон өрөөлийн аймаг, сум, орон нутгийн малчдад хүнд гарз тохиосон.
Энэ талаар тухайн цаг үед нэхэмжлэгчид удаа дараа хэлж ярьж, мэдээ өгсөн байсан ба нэхэмжлэгч малын тэжээл өвс аваарай гэж мөнгө шилжүүлж малд өвс тэжээл авч, өөрийн зүгээс байж болох бүх л арга хэмжээг авч мал малласан боловч байгалын давагдашгүй хүчин зүйл бий болж мал эхнээсээ үхэж хорогдож ирсэн. Нэхэмжлэгч мэдээд нийт хүлээлгэн өгсөн малаас үлдсэн 223 малыг гэрээний хугацаа дуусахаас өмнө буцаан авч явсан. Мөн нэхэмжлэгч *******ын зүгээс түрээсийн гэрээ гэх гэрээний дагуу ноолуур болон төл авах ёстой байсан боловч үр шимийг огт хүртээгүй болно.
Дээрх үйл баримтын талаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээр 22,877,754 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 272,339 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Тухайлбал, хариуцагч талын зүгээс малчны буруутай үйл ажиллагааны улмаас талуудын хүлээлцсэн мал үхэж үрэгдсэн бус харин байгалийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох зуд тухайн цаг үед Дундговь аймгийн Хулд суманд болон нийт газар нутгийн хэмжээнд болж, аймаг, орон нутаг зудтай байсан. Үүнийг хариуцагч талын зүгээс хуулиар эрх олгогдсон байгууллага болох Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандаж холбогдох баримтыг бүрдүүлэн /Force Major/ буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг гэрчилгээнд тухайн жил аймаг сумдад зудтай байсан талаар маш тодорхой тусгасан байдаг.
... Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majure/ болон хүнд нөхцөл байдал /Hardship/-ыг гэрчлэх журам"-ын 1.2.1. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл Force majeure гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно:, 1.2.1.1. байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи. газар хөдлөлт, хүчтэй давалгаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/; зэргийг ойлгоно хэмээн тодорхойлж зохицуулжээ.
Гэтэл анхан шатны шүүх түрээсэлсэн эд хөрөнгө болох мал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас заавал үхэж хорогдож шинж чанартай эд хөрөнгө биш бөгөөд, эзэмшиж, ашиглаж буй этгээдийн маллагаа, арчилгаанаас шалтгаалан хорогдохгүй байх, эсхүл үхэл хорогдол бага байх боломжтой эд хөрөнгө хэмээн үзсэн нь өрөөсгөл байна. Учир нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад нэхэмжлэгч тал бага насны буюу 2-3 настай мал өгсөн, малуудад өвс, тэжээл авч өгсөн, эм тариа тарьж тордож, арчилж, асарсан талаар баримт тайлбар авагдсан, нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлэг хүртэл байхад ингэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх уг нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэж, 7.8-д Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж тус тус заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7- т Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна. гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрөө эрсдэлийг бүрэн хариуцах атал эрсдэлийг хуваарилж хариуцагчид оногдуулж буй хуульд нийцэхгүй байна.
Иймд Дундговь Аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн дугаар 310/ШШ2025/00099 шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. 1 дүгээрт талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1063 дугаар гэрээг шүүхээс буруу дүгнэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээн дээр түрээслэгч, түрээслүүлэгч 2-ын хооронд үүссэн харилцаа, дээр нь ямар эд хөрөнгийг, ямар хугацаанд, сарын хөлс нь хэд байх талаар тохиролцож байгуулдаг. Харамсалтай нь тус гэрээний үндсэн шинжийг даалгаврын гэрээ юм уу, хамтраад ажиллах гэрээ юм уу, ажил гүйцэтгэх гэрээ юм уу гэдэг бусад гэрээнээс онцолж ялгаж зөв дүгнэж чадаагүй. Энэ гэрээний зүйл, холбогдох хэсэг нь энэ хэрэгт онцгойлон ач холбогдолгүй. 2 дугаарт тус гэрээ байгуулагдсан байсан ч Иргэний хуулийн Ерөнхий анги үйлчлэх ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр force majeure буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсвэл тэрийг хэрхэн зохицуулах талаар дурдсан байдаг. Харамсалтай нь энэ гэрээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гээд 7.1-т заасан байна. Үүнтэй холбоотой хэргийн үйл баримтыг харж үзэх юм бол талуудын хооронд малд өгөх өвсний мөнгө шилжүүлээч гээд талууд хоорондоо байнга харилцаж утсаар холбогдож ярьдаг байсан. Энэ дунд гэрээг цуцалъя, түрээсийн төлбөрийг өөрчилье гэдэгтэй холбоотой 1 ч үйл баримт авагдаагүй. Үүнийг анхан шатны шүүхээс үнэлж дүгнэж чадаагүй. 3 дугаарт Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монгол улсад давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэдгийг ганцхан газар буюу Худалдаа аж үйлдвэрийн танхимд тогтоож өгдөг. Үүнийг шүүхүүд хэрэгтээ авч дүгнэлт хийдэг. Энэ хэргийн хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимын дүгнэлт авагдсан байна. Дээр нь нэмэгдээд Дундговь аймгийн Хулд сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 9/142 дугаар албан тоотоор хариуцагч *******т хэдэн тооны мал үрэгдсэн талаархи нөхцөл байдлууд дурдагдсан ч энэ дээр шүүхээс хараахан үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байгаа. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 7-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим, устсан хэрэгслийг өмчлөгч өөрөө хариуцдаг. Тус гэрээнд дурдсан тухайн 528 төрлийн мал нь *******ын өмчлөлийнх тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болох нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн гэрээний харилцаанд үүсэж байгаа хохирол юм уу, хор уршиг юм уу, эрсдэлээ ялгаж зааглаж ойлгохгүй байна. Магадгүй ******* эхний жилдээ тухайн малыг харалгүй байж байгаад чононд идүүлсэн болон бусад байдлаар өвчинд үрэгдүүлсэн бол үүнтэй холбоотой гэрээний дагуу хохирлыг нэхэмжлэх боломжтой байсан. 2 талын хэн алинаас нь хамааралгүйгээр давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас шүүх алдаатай дүгнэлт хийсэн байна гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэл гаргаж байна гэв.
6. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний малыг ямар ч сэтгэлгүй малласан. Эхний жил ашгаа авсан. ... Өөрийнх нь бүрэн хариуцлагагүй байдлаас болсон. Цаснаар 10 километр нүүгээд цасгүй газар очоод өвөлжчих бололцоо байсан. .. 11, 12 дугаар саруудад огт хэлээгүй байж байгаад гэнэт л мал үхчихлээ гэсэн. Хүрээд очиход аль хэдийн үхэх нь үхээд, арьсыг нь хуулахыг нь хуулаад, арьсыг нь авсан байсан. Тэр цасан дотор машинаар хонь хариулна гэж байхгүй. Би машинаар хонь хариулдаг гээд яриад сууж байгаа хүнийг чинь юу гэх вэ. Ойр хавийн айлуудын мал нь тийм их хорогдоогүй байхад ******* нь ганцаараа гэрийнхээ гадаа хорогдуулчихсан байгаа юм. ... Надаас худалдаж авсан өөрийнх нь мал л үлдсэн байсан. Би шүүхийн шийдвэрийг хүндэлсэн. ******* нь ямар ч мал маллах тийм сонирхол байгаагүй. Намайг хохироосон дээрээ улам их хохироосон. ... Бууц нь дээр нь очсон чинь арьсыг нь хуулаад хороон дотор овоолчихсон байсан. Давж заалдах гомдолдоо ашиг, шимийг нь огт аваагүй гэсэн байсан. Ашиг шим авалгүй яах вэ. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндлээд болъё гэтэл ******* нь давж заалдаад намайг хохирсон дээр минь нэмж хохироох гээд байх юм. Би гомдолтой байна гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 310/ШШ2024/00099 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Учир нь хэргийн үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын гэрчилгээ авагдсан боловч яг энэ давагдашгүй хүчний шинжтэй үйлдлээс болоод энэ 315 тооны толгой мал хорогдсон уу, үгүй юү гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй. Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулж хэрэгт хавсаргагдсан байдаг. Хэдийгээр энэ гэрчилгээг олгох эрх бүхий байгууллага нь Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим боловч тухайн хүсэлттэйгээ холбогдуулж ирүүлж байгаа нотлох баримтуудыг нарийн шалгаж үзээгүй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Ган зудны байдалд үнэлгээ хийх журам гэж үйлчилдэг юм байна лээ. Энэ журмаар тухайн өвлийн цаг хугацаанд хэрвээ ган зудны байдал бий болсон тохиолдолд энэ зуд нь цасан зуд юм уу, мөсөн зуд юм уу, төмөр зуд юм уу гэдгийг нь тодорхойлж, гэрчилгээ нь олгогддог юм байна. Гэтэл ямар ч журмаа мөрдсөн зүйлгүйгээр хэдэн сайтын мэдээлэл дээр үндэслээд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлаас тодорхойлолт авалгүйгээр ганц сумын Засаг даргын тодорхойлолтыг үндэслэж гэрчилгээг олгосон байдаг юм. Энэ гэрчилгээ дээр тулгуурлаад шүүх 315 тооны толгой мал нь зудны давагдашгүй хүчин зүйлээс үүсэж хорогдсон гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзсэн. Үүнийг нотлуулахын тулд бид нар хэрэгт гэрч *******г асуулгасан. Гэрч ******* нь ******* гэж хүний эхнэр. Малаа хүлээж авахад ямар байдалтай байсан талаар ... шүүхэд болсон үйл явдлууд, баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг юм. ... *******ын хувьд эхлээд 60 гаран сая төгрөг нэхэмжилсэн байсан. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Анхан шатны шүүх шийдвэрийг хууль ёсны гаргасан байна гэж хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Иймд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 69,497,754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Түрээсийн гэрээ байгуулж хариуцагчид анх 538 толгой мал хүлээлгэж өгсөн. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул хорогдсон малын зах зээлийн ханшаар үнэлж 67,170,000 төгрөг, өвсний мөнгө 1,500,000 төгрөг, мал ачих болон шүүхээр маргаан шийдвэрлүүлэхэд гарсан бензиний зардал 827,754 төгрөг, нийт өөрт учирсан хохирол болох 69,497,754 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: анх хүлээн авсан 538 толгой малаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас 315 толгой мал үхсэн тул үнийг төлөх үндэслэлгүй гэх агуулгаар маргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж маргааныг шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.
4. Талуудын тайлбар болон хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 538 толгой малыг маллуулахаар өгсөн, хариуцагч ******* нь 538 толгой малыг 3 жилийн туршид маллаж гарсан үр төлийг авах, нэг жилд ямаа тус бүрийн ноолуураас 300 граммаар тооцож нэхэмжлэгч ******* авах, үлдэх хэсгийг хариуцагч ******* авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэхүү харилцаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцнэ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5. Талууд түрээсийн гэрээ байгуулсан гэх боловч уг маргаан нь хөлсөөр ажиллах гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч нь мал маллах ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь жилд төллөсөн малын төлийг, мөн нэг ямаанаас гарсан 300 гр ноолуураас бусад ноолуурыг хариуцагчид хөлс болгож өгөхөөр тохирсон, гэрээ үргэлжлэх хугацаанд хариуцагч нь мал хорогдуулж гэрээний дагуу мал маллах үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид 315 толгой мал буюу 44,100,000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар нэхэмжлэгч ******* хохирлоо арилгуулахаар шаардах эрх үүсчээ.
6. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7-д зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлээс үүссэн хохирлыг гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд өмчлөгч тал хариуцахаар хуульчилсан боловч зудын эрсдэлээс сэргийлэх, үүсэх хохирлын хэмжээ их бага байх эсэх нь гэрээний талуудын үүрэг хариуцлагаас шалтгаалах боломжтой тул дан ганц өмчлөгчид бүх эрсдэлийг хариуцуулах нь үндэслэлгүй юм.
7. Анхан шатны шүүх хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн ирүүлсэн Үнэлгээний тайлан-гаар /хэргийн 78-89-рт/ нэхэмжлэгчийн 315 толгой мал нь 44,100,000 төгрөгийн үнэ бүхий болох нь нотлогдож байна гээд 315 толгой малын хорогдолд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, мөн хариуцагчийн хариуцлага, маллагаа нөлөөлсөн байх боломжтой гэж үзэж хариуцагчийн хариуцлагыг 50 хувиар бууруулж тооцон дээрх үнэлгээний 50 хувиар тооцон малын үнийг хариуцагч *******аас гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосон нь үндэслэлтэй болжээ. Үүнд нэхэмжлэгч талаас гомдол гаргаагүй болно.
Мөн хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч тал мал ачих зардал болон шүүхээр маргаан шийдвэрлүүлэхтэй холбоотой гарсан шатахууны зардлаа хохиролд тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-дэх заалттай нийцэж байх тул дээрх шаардлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг зөв гэж үзнэ.
8. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 310/ШШ2025/00099 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА