| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0248/Э |
| Дугаар | 269 |
| Огноо | 2019-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 269
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Д.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Т овогт Д.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000264 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Д.Б /РД:..../, 1994 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, Дархан нэхий ХХК-д үрэлгээчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.Б 2019 оны 5 дугаар сарын 17-ны өглөөний 6 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” зочид буудалд иргэн Б.Ттэй маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...Тухайн үед үүр цайж байсан. Хүлээлгийн байрандаа унтаж байхад хохирогч хүрч ирээд чи миний өрөөг заагаад өг гэж хэлсэн. Өөрийн өрөөг олохгүй байна чи мэдэх ёстой гэж хэлээд уурлаад байсан. Тэгээд би хохирогчийг нэг цохисон. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Shiitgeh togtool-Buddorj.docx
Хоёр. Эрүүгийн 1918000000264 дугаартай хэргээс
-Рояал буудлын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1],
-Хохирогч Б.Тийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 05 сарын 17-нд “Royal” зочид буудалд найз Д-д өрөө авч байрлуулсан юм. Тэгээд тэнд архи ууж сууж байгаад харих санаатай 06 цагийн орчим гарч яваад буцаж өрөөнөөсөө юм аа авах гээд буудлын ресепшинээс өрөөнийхөө дугаарыг асуусан чинь надад хэлж өгөөд өрөөндөө ортол миний юмнууд байхгүй байсан. Би буцаж гараад ресепшинээс дахин асуусан чинь мэдэхгүй гэсэн юм. Тэнд унтаж байсан хамгаалагч гэх залуугаас асуух гээд дуудтал сэрэхгүй байсан юм. Тэгээд би тэр залууг татаж чангааж байж сэрээж би хамгийн сүүлд ямар өрөөнд орсон юм бэ? өрөөгөө олохгүй байна гэж асуусан чинь би мэдэхгүй ш дээ гээд нойрмоглоод байсан. Би тэр залууг чи яахаараа мэддэггүй юм, намайг өрөөнд оруулаатах гэж хэлээд гарнаас нь таттал тэр хамгаалагч шууд намайг нүүр рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг[2],
-Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 05 сарын 17-ны өдрийн өглөө би 06 цаг 30 минутын орчим хүмүүсийн хөдөлгөөн намсахаар нь би “Royal” зочид буудлын үүдний хэсгийн хүлээлгийн сандал дээр хэсэг унтсан, хамгаалагч болох Б мөн адил сандал дээр нөгөө тийшээ хараад унтсан. Ингээд намайг унтаж байхад нэг эрэгтэй согтуу хүн намайг сэрээгээд ах нь аль өрөөнд байгаа юм бэ гэж асуусан тэгэхээр нь би ахаа би мэдэхгүй байна та манай хамгаалагчаас асуу гэж хэлсэн тэгээд би хэвтэж байхад тэр эрэгтэй хамгаалагч дээр очоод хучлагыг хуулж сэрээгээд хөөш новш минь аль өрөөнд орсон юм бэ чи намайг оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод текний ард ороод бүртгэлээ үзэж байхад нөгөө согтуу ах гэнэт энэ намайг цохичихлоо шүү дээ гээд хамраа дараад над руу харсан тэгэхээр нь хүүе чи энэ хүнийг цохисон юм уу гээд Б-с асуухад үгүй би нэг л алгадсан гэж хэлсэн. Ингээд тэр согтуу ахын хамараас цус гараад тогтохгүй байсан бөгөөд тэр доороо нүүр нь их хавдсан.” гэх мэдүүлэг[3],
-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.Т-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 454 дугаартай дүгнэлт[4],
-Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 05 сарын 17-ны өдөр өглөө 06 цаг 28 минутын орчим амрах гээд “Royal” зочид буудлын үүдний сандал дээр унтаж байхад нэг танихгүй согтуу ах ирээд миний өрөөг надад олж өг, би өрөөндөө ормоор байна гэхээр нь би таныг ямар өрөөнд орсныг мэдэхгүй шүү дээ, манай буудлаар олон хүн үйлчлүүлж байгаа би таныг ямар өрөөнд орсныг мэдэхгүй байна гэж хэлсэн чинь тэр ах миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад авсан тэгэхээр нь босоод гутлаа өмсөөд текний урагшаа очиход тэр ах миний араас ирээд чи миний өрөөг мэдэх ёстой гээд гараа далайсан тэгэхээр нь бултаад хажуугаар нь гарсан чинь миний нүүр лүү нэг удаа алгадаад авсан тэгэхээр нь уур хүрээд тэр ахын нүүр лүү нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Б-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өглөөний 6 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” зочид буудалд иргэн Б.Т-тэй маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Рояал буудлын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[6],
-Хохирогч Б.Т-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 05 сарын 17-нд “Royal” зочид буудалд найз Д-д өрөө авч байрлуулсан юм. Тэгээд тэнд архи ууж сууж байгаад харих санаатай 06 цагийн орчим гарч яваад буцаж өрөөнөөсөө юм аа авах гээд буудлын ресепшинээс өрөөнийхөө дугаарыг асуусан чинь надад хэлж өгөөд өрөөндөө ортол миний юмнууд байхгүй байсан. Би буцаж гараад ресепшинээс дахин асуусан чинь мэдэхгүй гэсэн юм. Тэнд унтаж байсан хамгаалагч гэх залуугаас асуух гээд дуудтал сэрэхгүй байсан юм. Тэгээд би тэр залууг татаж чангааж байж сэрээж залуугаас би хамгийн сүүлд ямар өрөөнд орсон юм бэ? өрөөгөө олохгүй байна гэж асуусан чинь би мэдэхгүй ш дээ гээд нойрмоглоод байсан. Би тэр залууг чи яахаараа мэддэггүй юм, намайг өрөөнд оруулаадах гэж хэлээд гарнаас нь таттал тэр хамгаалагч шууд намайг нүүр рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг[7],
-Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 05 сарын 17-ны өдрийн өглөө би 06 цаг 30 минутын орчим хүмүүсийн хөдөлгөөн намсахаар нь би “Royal” зочид буудлын үүдний хэсгийн хүлээлгийн сандал дээр хэсэг унтсан, хамгаалагч болох Б- мөн адил сандал дээр нөгөө тийшээ хараад унтсан. Ингээд намайг унтаж байхад нэг эрэгтэй согтуу хүн намайг сэрээгээд ах нь аль өрөөнд байгаа юм бэ гэж асуусан тэгэхээр нь би ахаа би мэдэхгүй байна та манай хамгаалагчаас асуу гэж хэлсэн тэгээд би хэвтэж байхад тэр эрэгтэй хамгаалагч дээр очоод хучлагыг хуулж сэрээгээд хөөш новш минь аль өрөөнд орсон юм бэ чи намайг оруулаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод текний ард ороод бүртгэлээ үзэж байхад нөгөө согтуу ах гэнэт энэ намайг цохичихлоо шүү дээ гээд хамраа дараад над руу харсан тэгэхээр нь хүүе чи энэ хүнийг цохисон юм уу гээд Б-с асуухад үгүй би нэг л алгадсан гэж хэлсэн. Ингээд тэр согтуу ахын хамараас цус гараад тогтохгүй байсан бөгөөд тэр доороо нүүр нь их хавдсан.” гэх мэдүүлэг[8],
-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “...Б.Т-ийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн нүд орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 454 дугаартай дүгнэлт[9],
-Д.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өглөө 06 цаг 28 минутын орчим амрах гээд “Royal” зочид буудлын үүдний сандал дээр унтаж байхад нэг танихгүй согтуу ах ирээд миний өрөөг надад олж өг, би өрөөндөө ормоор байна гэхээр нь би таныг ямар өрөөнд орсныг мэдэхгүй шүү дээ, манай буудлаар олон хүн үйлчлүүлж байгаа би таныг ямар өрөөнд орсныг мэдэхгүй байна гэж хэлсэн чинь тэр ах миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаад авсан тэгэхээр нь босоод гутлаа өмсөөд текний урагшаа очиход тэр ах миний араас ирээд чи миний өрөөг мэдэх ёстой гээд гараа далайсан тэгэхээр нь бултаад хажуугаар нь гарсан чинь миний нүүр лүү нэг удаа алгадаад авсан тэгэхээр нь уур хүрээд тэр ахын нүүр лүү нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[10] зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Б нь хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Б.Т-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдтай зүй бус харьцсан буруутай үйл ажиллагаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Т нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Д.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.00 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600.000 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохирогч Б.Т нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 7-8 тал
[2] Хавтаст хэргийн 10-11 тал
[3] Хавтаст хэргийн 14 тал
[4] Хавтаст хэргийн 16-17 тал
[5] Хавтаст хэргийн 22-23 тал
[6] Хавтаст хэргийн 7-8 тал
[7] Хавтаст хэргийн 10-11 тал
[8] Хавтаст хэргийн 14 тал
[9] Хавтаст хэргийн 16-17 тал
[10] Хавтаст хэргийн 22-23 тал