Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 5117

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, Мобиком корпораци ХХК-ийн,

хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, 16-р байрны 131 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ИЭ96052816, Ягааныхан овогт Энхтүвшингийн Бат-Эрдэмд  холбогдох,

 1 122 777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16 өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК хариуцагч Э.Бат-Эрдэмээс худалдан авсан гар утасны үнэ 1 122 777 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Э.Бат-Эрдэм манай байгууллагатай 22343658 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны 99446833 дугаарын дараа төлбөрт үйлчилгээг, мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Iphone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашигласан.

Э.Бат-Эрдэм нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно.

Иймд Э.Бат-Эрдэмээс 1 122 777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1 122 777 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2016-10-01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн үүрэн холбооны үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ нийт 1 122 777 төгрөгийг хариуцагч Э.Бат-Эрдэм бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 31 497 төгрөгөөс 15 748,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15 748,5 төгрөгийг, хариуцагчаас 15 748,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Үүрэн холбооны 99446833 дугаарын үйлчилгээ болон гар утасны төхөөрөмжийн үнэ 1 122 777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Бат-Эрдэм 2016 оны 10 сарын 01 өдрийн дотор  бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 31 497 төгрөгөөс 15 748,5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 15 748,5 төгрөгийг, хариуцагчаас 15 748,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.НАРАНЦЭЦЭГ