Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00320

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00320

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлооо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс,

19764 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ээж, дүү хүүгийн хамт Сүхбаатар дүүргийн  18 дугаар хороо, Бэлхийн 53-496 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Нямжавын Давааням /РД:РИ64121216/-д архины албадан эмчилгээ хийлгэх  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 12 дугаар хорооны хэсгийн байцааг 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч Х.Наранбаатар, гуравдагч этгээд Л.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.                                                                                                                                                                  

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дэслэгч Х.Наранбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн  18 дугаар хороо, Бэлхийн 53-496 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Нямжавын Давааням нь Монгол Удсын Их сургуулийн 4 дүгээр дотуур байрны хашаанд байрлах траншейнд амьдарч байнга архидан согтуурч байрны орчмоор байнга архи ууж танхайрч, бүлэг бөөгнөрөл үүсгэж иргэдийн амгалан тайман байдлыг алдагдуулдаг бөгөөд согтуурах, мансуурах донтой өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Согтуурах, мансуурах, донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л.Давааням нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнга архи уудаг нь  үнэн. Буруу юм хийж байгаа болохоор архины албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь тус шүүхэд Л.Даваанямыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус цагдаагийн хэлтэс Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Л.Даваанямнь Сүхбаатар дүүргийн  18 дугаар хороо, Бэлхийн 53-496 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Тэрээр удаа дараа эрүүлжүүлэгдэн захиргааны арга хэмжээ авагдаж байсан тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн цахим лавлагааг ирүүлсэн байна.

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд нийгмийн хэв журмыг зөрчсөн, сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийсэн буюу эмчлүүлсний дараа согтууруулах ундаа, мансууруулах бодис дахин хэрэглэсэн этгээдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчилнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагын ирүүлсэн баримтууд, согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо  хариуцсан хэсгийн байцаагч болон  тус хорооны иргэн Л.Давааням,  тус хорооны засаг дарга С.Эрдэнэцэцэг, Монгол Улсын Их сургуулийн оюутны 4 дүгээр байрны харуул В.Чинбат нарын тайлбар мэдүүлэгт “Л.Давааням нь байнга архи ууж, орчноо бохирдуулан шаардлага тавихад биелүүлдэггүй  ” гэсэн  байна

 

Л.Давааням нь “Архинд донтох өвчний 3 дугаар зэрэг” өвчтэй болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар Гөрөөчин овогт Нямжавын Даваанямыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2.Л.Даваанямыг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3.Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

                        

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО