| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/01997/И |
| Дугаар | 207/ма2025/00028 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 207/ма2025/00028
| 2025 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2025/00028 |
“******
газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
******т холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00044 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “******” барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,376,777 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг,
Хариуцагч ******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******ийн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч “******” барьцаалан зээлдүүлэх газар ХХК хариуцагч ******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,376,777 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3,105,282 төгрөг болгож багасгасан./хх1-4, 28х/
Хариуцагч ******т 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн 1 хувийг гардуулж, хариу тайлбар гаргах хугацаа олгосон боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин “...би гуйгаад байхаар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан...зээлээс ямар ч мөнгө, төгрөг аваагүй...3,105,283 төгрөгийг төлөх боломжгүй, би ганцаараа ажил хийдэг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ./хх35х/
3. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр ******газраас 2,364,000 төгрөгийг сарын 3,8%-ийн хүүтэй, 8 сарын хугацаатай тэтгэврийн зээл авсан, хамтран зээлдэгчээр ****** зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ******гэрээгээр тохирсон эргэн төлөх хуваарийг зөрчиж нийт 696,500 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл төлбөр 4,376,777 төгрөг төлөх үүрэгтэй болох нь хүү тооцооллын хүснэгт баримтаар тогтоогджээ./хх10х/
4. Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452.-т нийцсэн байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлж, хариуцагчид зээл олгосон тул тэрээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв.
5.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан.
6.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3.1-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ гэж заасан, өөрөөр хэлбэл гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн хүлээсэн үүргийг бүрэн хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч ******ээс зээлийн гэрээний үүрэгт 3,105,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******газарт олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
7.Иймд “…зээлээс би мөнгө аваагүй, 3,105,283 төгрөгийг төлөх боломжгүй” гэсэн хариуцагч ******ийн шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 312/ШШ2025/00044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч ******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64,634 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА