| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0080/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2019-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,
Хохирогч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр,
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавин овогт Цэрэндоржийн Ад холбогдох 1929000370064 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Өлзийт” дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Мөнхжаргалыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь өшиглөж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9-12 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Мөнхжаргалын: “...2019 оны 01 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед байх таксинаас буугаад “Ханбогд хурд” ХХК-ийн хажууд байх “Өлзийт” нэртэй дэлгүүрт ороход надтай урьд нь хамт амьдарч байсан А гэх хүн араас ороод ирсэн. Тэгээд би дэлгүүрээс гараад явахад араас дагаж гарч ирээд зодох гээд байхаар нь эргээд “Өлзийт” дэлгүүр лүү ороод такси дуудсан юм. Дэлгүүрт такси хүлээж байх хооронд А араас орж ирээд намайг гаргах гээд мөр лүү түлхээд байсан, тэгээд би гарахгүй байсан чинь “архи аваад өгчих” гээд байсан, би “архи авч өгөхгүй” гэсэн чинь намайг үсдэж доош нь дараад тонгойлгож байгаад миний хамар хэсэгт гутлын хоншоороор өшиглөсөн. Тухайн дэлгүүрт байсан хүмүүс салгаад миний хамраас нилээд их цус гарсан, таксинд суугаад гэртээ харьсан. Тэгээд хамраас гарч байгаа цус тогтохгүй байхаар нь цаасаар хамраа бөглөөд эмнэлэг орж, гарч байгаа цусаа тогтоолгосон тэгээд цагдаад өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 26 дугаар хуудас/,
Гэрч Т.Цэцэгмаагийн: “...Манай охин Мөнхжаргалыг хуучин нөхөр А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Өлзий” нэртэй дэлгүүрт зодож танхайрсан байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлээд Цагдаагийн байгууллагад хандах болсон.” гэх мэдүүлэг /хх-н 37 дугаар хуудас/,
Гэрч Т.Цэрэннадмидийн: “...Тухайн өдөр А гээд зүс таних залуу гаднаас орж ирсэн, тэгээд дэлгүүрт эхнэр нь гэх эмэгтэй нэрийг нь мэдэхгүй хүнсний зүйл аваад байж байсан. Тэгсэн А дэлгүүрийн хаалганы хажууд эхнэрийнхээ хажууд зогсоод архи аваад өгчих гээд байх шиг байсан тэгснээ гэнэт А нүүрлүү нь өшиглөсөн, би очоод Аг салгаад “Чи яаж байна” гэхэд гараад зугтаачихсан, эхнэрийнх нь хамраас цус гараад манай дэлгүүрийн шалан дээгүүр нилээд асгарсан. Тэгээд эхнэр нь утсаар яриад удалгүй такси ирээд аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 40 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай “Ц.Мөнхжаргалын биед хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 42 дугаар хуудас/,
Яллагдаг Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 48-49 дүгээр хуудас/,
Ц.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 60 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 61-67, 71-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Өлзийт” дэлгүүрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Мөнхжаргалыг архи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар өшиглөж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ц.Мөнхжаргалын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Агийн хохирогчийн нүүрэн тус газарт нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч Ц.А, хохирогч Ц.Мөнхжаргал нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байх боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдний гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Т.Цэцэгмаагийн мэдүүлэг, /хх-н 26, 30-33, 37-р хуудас/, гэрч Т.Цэрэннадмидийн мэдүүлэг /хх-н 40 дугаар хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Аг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.Мөнхжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ц.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай “Ц.Мөнхжаргалын биед хамарт шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 42 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй хэдий ч энэ хэргийн хохирогч Ц.Мөнхжаргал нь “гомдол саналтай” тухайгаа илэрхийлсэн боловч хохирол төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “миний бие мөнгө, төгрөгний бололцоогүй учраас эмчилгээ хийлгэж чадахгүй байна, цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Иймд хохирогч Ц.Мөнхжаргалыг эрүүл мэндэд учрсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 340 /гурван зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тавин овогт Цэрэндоржийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 340 /гурван зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан 340 /гурван зуун дөч/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Мөнхжаргалын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхтэй холбогдох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Агийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН