| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06535/И |
| Дугаар | 5127 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 5127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 6-р хороо, Оюутны өргөө цогцолбор, 2-р байр, РД-1009575, Монголын оюутны холбоо Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, Элеганс гудамж, 14-р байрны 204 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТГ85061219, Хотгойд овогт Дайвийгийн Батчулуунд холбогдох
гэмт хэргийн улмаас учирсан хохирол 60 245 900 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал, иргэдийн төлөөлөгч Б.Долзодмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 49 700 000 төгрөг, албан тушаалаа урвуулан ашигласан 10 500 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатад төлсөн зардал 45 900 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батчулуун нь Монголын оюутны холбоонд 2013 оноос 2015-09-30 өдрийг хүртэл хугацаанд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тус холбооны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, нэгдүгээр гарын үсэг зурдаг байсан юм.
Энэ байдлаа Д.Батчулуун ашиглан санхүүгийн зөрчил гаргасан тул манайх аудитын дүгнэлт гаргуулсан. Мөн эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах явцад Авилгатай тэмцэх газар 2015-11-26 өдөр аудитын а/ш/12 дүгнэлтийг бас гаргуулсан.Энэ дүгнэлтээр Д.Батчулуун 49 700 000 төгрөгийг хариуцаж төлөх нь тогтоогдсон бөгөөд 3 дахь хавсралтын 1-4-т энэ тухай заасан байгаа. Иймд энэ мөнгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Үүнээс гадна Д.Батчулуун хувьдаа Ниссан машин авахдаа 7 500 000 төгрөг, мөн хүний нэрээр 3 000 000 төгрөгийг данснаас гаргаж авсан байдаг тул эдгээр мөнгөний хамт нийт 60 200 000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад бичиг баримтыг гэрчлүүлэхэд төлсөн нотариатын зардал 45 900 төгрөгийг хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Харин Д.Батчулуунд ажиллаж байх хугацаанд нь өгөх байсан 2015-09-30 хүртэлх цалинг 100 хувь суутгаж төлбөрт тооцсон тул 12 сарын цалин 9 396 000 төгрөгийг хасч, 50 844 900 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Би 2012-2015 онд Монголын оюутны холбоонд дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015 онд Авилгатай тэмцэх газарт шалгуулсан бөгөөд 2016-01-08 өдөр прокурорын газраас тогтоол гаргахдаа миний шамшигдуулсан гэсэн 32 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтэд үндэслэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 62 000 000 төгрөгийг бус, би өөрийн зөвшөөрсөн 32.500.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна.
2014-10-05 өдрөөс 2015 оны 11 сар хүртлэх хугацаанд авах өөрийн цалин 800 000 төгрөгийг төлбөртөө суутгуулсан. Мөн өөрөө хэрэглээгүй 3 000 000 сая төгрөгийг Х.Батсайхан ерөнхийлөгчийн зөвшөөрөлтэйгээр иргэн Г.Сайнжаргалд гаргаж өгсөн тул эдгээр мөнгийг 32 500 000 төгрөгөөс хасч, 19 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Д.Батчулуунд шүүх хуралдааны товыг шүүх мэдэгдсэн боловч хариуцагч хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, бусад нотолгоог үндэслэн хэргийг хэлэлцлээ.
Хариуцагч Д.Батчулуун нэхэмжлэгч Монголын оюутны холбоонд 2013-2015 онуудад дэд захирлаар ажилласан байх бөгөөд санхүүгийн асуудлыг ажил үүргийн хуваариар хариуцаж ажиллах үедээ нэхэмжлэгчийн харилцах данснаас 2014-04-28 өдөр Баруун бүсийн арга хэмжээнд зориулсан, БШУЯ-тай хамтран ажиллаж буй 21 аймгаар тойрох, мэргэжил сонголтын лекцийн зардалд зарцуулах нэрээр өргөдөл бичиж 16 700 000 төгрөг, 2014-06-27 өдөр үзэсгэлэнгийн реклам, шторкыг ТВ-ээр цацах нэрээр 2 000 000 төгрөг, 2014-04-14 өдөр хэвлэлийн зардал нэрээр 4 000 000 төгрөг, 2013-06-20 өдөр 75 000 000 төгрөгийг тус тус бэлнээр, нийт 97 700 000 төгрөгийг гаргаснаас хариуцагч 2013-08-14 өдөр 48 000 000 төгрөгийг буцааж тушаасан учир түүний эргүүлж төлөөгүй 49 700 000 төгрөгийг зөрчилд тооцсон нь Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс уг асуудлыг эрүүгийн журмаар шалгах үедээ томилон ажиллуулсан аудитын 2015-11-26 өдрийн а/ш/12 дүгнэлт /х.х-36-52/-ээр тогтоогдсон байна.
Мөн хувьдаа машин худалдаж авахдаа 7 500 000 төгрөг, дахин 3 000 000 төгрөгийг бэлнээр хариуцагч авсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь 2015-12-11 өдөр нэхэмжлэгчид түүний гаргасан өргөдөл, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2016-01-08 өдрийн 06 тогтоол /х.х-9-15, 60/-оор тогтоогдож байна.
Иймд 60 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал 45 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид гаргасан өргөдөл, хүсэлтийнхээ дагуу 2016 оны 03 сард багтааж өөрийн хариуцах төлбөрийг төлөхөөр амласан амлалтаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагчийн гэм буруугаас шалтгаалж нэмж шууд бус хохирол учирсан нь /х.х-16/ тогтоогдсон байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар, санаатайгаар гэм хор учруулсан нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Нэхэмжлэгч хариуцагчид 2014-10-01 өдрөөс 2015-09-30 өдрийг хүртэл ажилласан хугацаанд цалинг олголгүйгээр, байгууллагад төлөх төлбөрт суутгаж авсан байх бөгөөд хариуцагч суутгагдсан цалин 8 540 000 төгрөгийг төлбөртөө тооцуулахыг хүссэн боловч нэхэмжлэгч 9 396 000 төгрөгийг хариуцагчийн төлбөрт хасахаар тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 50 849 900 төгрөгийг хариуцагчаар төлүүлж хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 58.1, 60.1, 63.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 412199,5 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийн 497.1, 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Д.Батчулуунаас 50 849 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 9 396 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 412199,5 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.
3. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхээс гардаж авах, хариуцагчид шүүх хүргүүлэх үүрэгтэй бөгөөд шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
А.САРАНТУЯА