Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 207/ма2025/00031

 

 

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 207/МА2025/00031

 

“******” ХХК, “******”

ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч

этгээд “******” ХХК нарын нэхэмжлэлтэй

хариуцагч “******” ХХК-нд

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “******” ХХК,

Нэхэмжлэгч: “******” ХХК,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******”ХХК-нд холбогдох,

“Орхон аймаг ****** багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай, гуравдагч этгээдийн маргаан бүхий шугам, хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай, Ус дулаан хувиарлах төв /2-7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг тухай нэхэмжлэлийн  шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсоёл, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр /цахимаар/, гуравдагч этгээд ******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “******” ХХК нь ****** багийн нутаг дэвсгэрт төмөр хийц, бэлдэцийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компаний үйл ажиллагаа эрхлэлт явуулахтай холбоотойгоор 2019 онд “******” ДТС ОНӨХК-с 2-р микр 7-р байрны ЦТП-ээс дулаан, цэвэр усны 5 хос шугам татсан. Энэ 5 хос шугамыг татахад тухайн шутамыг хэрэглэх “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК (Тессоро), “******” ХХК гэсэн компаниудын удирдлагууд 2019 оны 09 дүгээр сарын 09-нд “******” ДТС ОНӨХК-н төлөөлөл, ГХБХБГ-ын дарга ******нарыг байлцуулан уулзалт хийж салбар шугамуудыг хэрэглэгч нар тохиролцон нөхцөлийн дагуу ажлын зураг төсөл боловсруулж гүйцэтгэхээр тохиролцон тэмдэглэл хөтөлсөн. Дээр дурьдсан компаниудын удирдлагууд хоорондоо ярьж тохиролцон нийт 65 м шугам хоолойг гүйцэтгэхээр болж үүнээс 29м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926) 35м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг ****** ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд тохиролцсоны дагуу ****** ХХК-д дулааны шугам хоолойг татахад шаардагдсан 5 төрлийн /3 хар, 2 цагаан/ труба төмрийг өгч шугам хоолойг татсан. Гэтэл шугам татах ажлыг гүйцэтгэсэн “******” ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэх болж, уг шугамыг орон нутагт худалдах асуудал тавьсан бөгөөд, түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч, дээр дурьдсан компаниудын эрх ашгийг зөрчин хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг таслана хэмээн сүрдүүлж эхэлсэн тул эхний 29м дулаан цэвэр усны шугам хоолойг хамтран эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“******” ХХК Орхон аймаг ****** багийн нутаг дэвсгэрт барилга, байгууламжтай бөгөөд төмөр хийц, бэлдэцийн худалдааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Тус багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн аж ахуйн нэгж барилга, байгууламж барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан ЦТП-2-7-ийн 2 дох худгийн дамжуулах, хангах хүчин чадал хүрэлцэхгүй байсныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын ажлын өрөөнд дараах бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн. Үүнд: ГХБХБГ-ны БХБХ-ийн дарга ******, ГХБХБГ-ын инженерийн байгууламж, шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн ******, “******” ОНӨХК-ийн ерөнхий инженер ******, “******” ОНӨХК-ийн инженер ******, “******” ХХК-ийн менежер ******, “******ХХК-ийн захирал ******, “******” ХХК-ийн захирал ******, “******” ХХК-ийн захирал ******, “******” ХХК-ийн захирал ******, ****** ХХК-ийн захирал ******. Тус уулзалтаар дараах компаниуд хамтарч, өөрийн хөрөнгөөр дор заасан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд: ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******ХХК нар; ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК нар, Шугамын барилгын ажлыг “******” ХХК хариуцахаар болж, бусад нь мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хураамж төлж, хувь нийлүүлснээр шугамыг хамтран өмчлөхөөр тохиролцсон бөгөөд талуудаас дараах хөрөнгийг хамтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх ****** ХХК-д шилжүүлсэн. Үүнд: 1. “******” ХХК-иас 13,540,000 (арван гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг, 2. “******” ХХК-иас 8,000,000 (найман сая) төгрөгийг, 3. “******” ХХК-иас 20,718,000 (хорин сая долоон зуун арван найман мянга) төгрөгийн үнэтэй бараа, материалыг, цааш нь харах. Гэтэл барилгын ажил дууссаны дараа Талууд хамтран ажилласны үр дүнд бий болгосон дулааны шугам сүлжээг “******” ХХК дангаар өмчилж, орон нутгийн өмчлөлд хариу төлбөртэй шилжүүлж, зардлыг буцаан гаргуулж авахаар “******” ХХК-иас орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хандсан байна. Иймд ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран өмчлөгчөөр “******” ХХК-ийг тогтооно уу гэжээ.

Нэхэмжлэгч “******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “******” ХХК нь Баян-Өндөр сумын ******багийн нутаг дэвсгэрт гадаад худалдаа, нийтийн хоол, машин угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компаний үйл ажиллагаа эрхлэлт явуулахтай холбоотойгоор 2019 онд “****** ДТС” ОНӨХК-с 2-р микр 7-р байрны ЦТП-ээс дулаан, цэвэр усны 5 хос шугам татсан. Энэ 5 хос шугамыг татахад тухайн шутамыг хэрэглэх “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК (Тесоро), “******” ХХК гэсэн компаниудын удирдлагууд 2019 оны 09 дүгээр сарын 09-нд “******” ДТС ОНӨХК-н төлөөлөл, ГХБХБТ-ын дарга ******нарыг байлцуулан уулзалт хийж салбар шугамуудыг хэрэглэгч нар тохиролцсон нөхцөлийн дагуу ажлын зураг төсөл боловсруулж гүйцэтгэхээр тохиролцон тэмдэглэл хөтөлсөн. Дээр дурьдсан компаниудын удирдлагууд хоорондоо ярьж тохиролцон нийт 65м шугам хоолойг гүйцэтгэхээр болж үүнээс 29 м шугамын зардлыг 5 компани хувааж төлөх (24,020,926) 35 м шугамыг 4 компани хувааж (28,990,773) төлөхөөр тохиролцсон. Уг ажлыг “******” ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд тохиролцсоны дагуу “******” ХХК-д дулааны шугам хоолойг татахад шаардагдсан мөнгөн хөрөнгийг өгч шугам хоолойг татсан. Гэтэл шугам татах ажлыг гүйцэтгэсэн “******” ХХК нь уг шугамыг дангаар эзэмшдэг гэх болж, уг шугамыг орон нутагт худалдах асуудал тавьсан бөгөөд, түүгээр үл барам хөрш зэргэлдээ шугамыг ашиглаж байгаа хэрэглэгч дээр дурьдсан компаниудын эрх ашгийг зөрчин хөрөнгө оруулсан мөнгийг эргүүлэн шилжүүлж шугамыг тасална хэмээн сүрдүүлж эхэлсэн тул эхний 29 м дулаан цэвэр усны шугам хоолойг хамтран эзэмшигчээр тоггоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлэхдээ:

“******” ХХК Орхон аймаг ****** багийн нутаг дэвсгэрт Гадаад болон дотоод худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн аж ахуйн нэгж барилга, байгууламж барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан ЦТП-2-7-ын 2 дахь худгийн дамжуулах, хангах хүчин чадал хүрэлцэхгүй байсныг шийдвэрлэх зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагт Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)-ын ажлын өрөөнд уулзалт хийсэн. Тус уулзалтаар дараах компаниуд хамтарч, өөрийн хөрөнгөөр дор заасан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд: 1. ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг “******” ХХК, “******” ХХК, Тэ”нүүн төвөргөөн” ХХК, “******” ХХК, “******” ХХК нар, 2. ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК нар. Шугамын барилгын ажлыг ****** ХХК хариуцахаар болж, бусад нь мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр хураамж төлж, хувь нийлүүлснээр шугамыг хамтран өмчлөхөөр тохиролцсон бөгөөд талуудаас дараах хөрөнгийг хамтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх ****** ХХК-д шилжүүлсэн. Үүнд: 1. “******” ХХК-иас 13,540,000 (арван гурван сая таван зуун дөчин мянга) төгрөгийг, 2. “******” ХХК-иас 8,600,000 (найман сая зургаан зуун мянга ) төгрөгийг, 3. “******” ХХК-иас 20,718,000 (хорин сая долоон зуун арван найман мянга) төгрөгийн үнэтэй бараа, материалыг. Гэтэл барилгын ажил дууссаны дараа талууд хамтран ажилласны үр дүнд бий болгосон дулааны шугам сүлжээг “******” ХХК дангаар өмчилж, орон нутгийн өмчлөлд хариу төлбөртэй шилжүүлж, зардлыг буцаан гаргуулж авахаар “******” ХХК-иас орон нутгийн төрийн захиргааны байгууллагад хандсан байна. Иймд ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран өмчлөгчөөр “******” ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Танай шүүхэд хянагдаж буй “******” ХХК, “******” ХХК-уудын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож байна. Энэхүү иргэний хэрэгт нэхэмжлэгч нарт холбогдуулан дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Манай компани нь Орхон аймгийн ****** багт байрлах Тэсоро центр нэртэй үл хөдлөх хөрөнгийг өмчилж уг үл хөдлөх хөрөнгөд зочид буудал, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулах үед “******” ОНӨХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох техникийн №19/А085 дугаартай зөвшөөрлийг хууль, журамд заасан нөхцөлийн дагуу авсан. Барилга ашиглалтад оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын комиссын 34/19 дугаартай дүгнэлтээр барилга ашиглалтад орох үед ЦТП 2-7 Ус дулаан хувиарлах төв баригдаж ашиглалтад ороогүй байсан учир тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж нь өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор 3 нарийхан шугамыг хямд өртөгөөр түр ашиглах зорилгоор татсан байсан нь шинээр баригдах 2-а хорооллын 20 орчим аж ахуйн нэгжийг хангахад хүрэлцэхээргүй байсан тул хэрэглээг хангаж хүрэлцэхүйц байнгын шугам хоолой шаардлагатай болсон. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн байршилд үйл ажиллагаа явуулдаг, барилга барьж байсан нэр бүхий 5 аж ахуйн нэгж хуваагдаж шугам хоолойн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тохиролцооны дагуу 5 компани нийлж шугам хоолойн ажилд гарах төсөв мөнгийг шийдвэрлэж ажлыг эхлүүлэх ёстой байсан. Манай компанийн хувьд тохиролцооны дагуу ажил эхлэхийг хүлээж бусад компаниудад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьсан боловч бүх компаниуд арга хэмжээ авахгүй байсан. Барилгаа ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлагатай байсан тул манай компани нь 1. Шугам сүлжээний трасс зураг хийж аймгийн Ерөнхий архитектораар батлуулсан, 2. Транс зургийг үндэслэн “******” ХХК-иар ажлын зургийг хийж гүйцэтгүүлэн Ерөнхий архитектораар батлуулсан, 3. Мэргэшсэн төсөвчин ******төсөв хийлгэсэн, 4. Шугам хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, 5. Шугам хоолойн угсралтын ажлыг Барилга ашигалалтад оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн улсын комиссын 34/19 дугаартай дүгнэлтээр барилга ашиглалтад оруулсан, 6. Гадна шугам хоолойн инженерийн шугам сүлжээг мэдээллийн санд бүртгүүлсэн. Дээрх бүх ажлуудыг манай компани дангаараа хийж гүйцэтгэсэн байтал ажил огт хийгээгүй компаниуд манай шугам гэж маргаан үүсгэж байна. Иймд манай компанийн хийж гүйцэтгэсэн Ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Жич: Энэхүү шударга эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг өмнө шүүхээр огт хэлэлцээгүй бөгөөд манай компанийн нэхэмжлэлтэй Эрдэнэт ус компани болон бусад компанид холбогдох иргэний хэрэг дээр тухайн шаардлагыг шийдвэрлээгүй. Тодруулбал Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаартай магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно гэжээ.

“******” ХХК, “******” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

“******” ХХК-иас тус шүүхэд “******” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна. Татгалзалын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж тогтоолгох болно. Иймд сөрөг нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ****** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

2019 оны 09 сарын 09-ны өдөр “******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, “******” ХХК-ийн захирал ****** бид харилцан тохиролцсоны үндсэн дээр Орхон аймаг ****** багийн нутаг дэвсгэрт байрлах “******” ДТС ОНӨХК-ийн 2-7 дугаар байрны ЦТП-с дулаан, цэвэр усны шугам хоолой хамтран татахаар тохирч хэлцэл хийсэн юм. Хэлцлийн дагуу 65 м шугам хоолойг хийж гүйцэтгэхээр болж үүнээс 29 м шугамын зардлыг хувааж төлөхөөр болсон. Үүний дагуу би дулааны трассын өртөг 215,000 төгрөгийг, трубаны үнэ 3,000,000 төгрөг, сангийн шугамын үнэ 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснээр шугам хоолой ашиглалтад орсон боловч үүнээс хойш миний барьж байсан барилгыг ус дулаанаар хангаагүй. Энэ талаар удаа дараа шаардлага тавьсан боловч шугам хоолойг дангаар эзэмшснээр шугамыг таслана гэж сүрдүүлсээр өдийг хүрч шинээр зам тавих материал татах зэрэг бусад ажлуудад саад хийсээр ирсэн. Иймд Оюут багт байрлах маргаан бүхий шугам хоолойг хамтран эзэмших эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

Храиуцагч “******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар:

 Танай шүүхэд хандан “******” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өргөдөлтэй танилцлаа. “******” ХХК компанийн захирал ****** нь 2022 оны 08 дугаар сарын 10, 11-ний үед манай компанийн эзэмшлийн шугам хоолойноос зөвшөөрөлгүйгээр хоолой өргөтгөх ажил хийж гүйцэтгэх гэж байсан. Үүнийг шугам хоолойн эзэмшигчийн хувьд манай компани шаардлага тавьж улмаар маргаан болсон. Энэхүү маргаан болох үед ****** нь согтуу байсан ба элдэв үгээр доромжилж, танхайрсан. ******ийн танхайрсан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж түүнд торгох хариуцлага хүлээлгэсэн байдаг. Мөн тэрээр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд нэг хонож эрүүлжүүлэгдсэн байдаг. Тэрээр эрүүлжүүлэгдэж мөн торгуулийн хариуцлага хүлээсэндээ уурлаж танай шүүхэд хандан үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Манай компанийн хувьд ******тэй шугам хоолойн ажил гүйцэтгэх асуудлаар хэлэлцэн тохирсон зүйл байхгүй. ****** нь төмрийн худалдаа эрхэлдэг ба түүнээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар хүдалдах худалдан авах гэрээний дагуу бага хэмжээний төмөр худалдан авсан болно. Одоогоор хэдэн төгрөгийн ямар хэмжээтэй төмөр авснаа тодорхой санахгүй байна. Баримт материалуудыг харж байж худалдан авсан төмрийн хэмжээ тодорхой болно. Хоёр компанийн хооронд төмөр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн асуудал бий, түүнээс шугам хоолойн хамтран эзэмших тухай гэрээ хэлцэл огт хийгдээгүй болно. Иймээс ****** компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч “******” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэхэмжлэл гаргасан хоёр компани нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл гэх хурлын тэмдэглэлийг гэрээ хэмээн тайлбарлаж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний талаар тусгасан бөгөөд мөн зүйлийн 476.3-т “Хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана гээд 476.3.1-476.3.8 хүртэлх нийт 8 нөхцөлийг заавал тусгахаар шаардсан байна. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-т заасан бичгээр байгуулах гэрээнд тавигдах хуулийн бүх шаардлагыг хангаагүй байна. Нөгөө талаас энэхүү хуралд оролцох эрхгүй хүмүүс буюу компанийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд оролцсон зэргээр гэрээнд тавигдах ерөнхий шаардлагууд хүртэл зөрчигдсөн байгаа юм. Иргэний хуулийн 56 дутаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлж 56.1.1-д хууль зөрчсөн, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж уг шаардлагаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг шийдвэрлэж өгөхийг хүсье. Хүчин төгөлдөр бусд тооцуулах тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ба улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 91 дүгээр зүйлийн 91.1., 477 дугаар зүйлийн 477.3., 477.4., 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг ****** багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК мөн болохыг тогтоож, хариуцагч “******” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжаар тус бүр 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******” ХХК, “******” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 312/ШШ2025/00062 дугаартай шийдвэртэй “******” ХХК, “******” ХХК нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нийт 12 нүүр байх бөгөөд тухайн 12 нүүр шүүхийн шийдвэрийн 6-11 дэх талд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг бичигдсэн байна. Үндэслэх хэсгийн 1 дэх заалтад Нэхэмжлэгч “******” ХХК, “******” ХХК-иуд нь “******” ХХК-д холбогдуулан ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “******” ХХК нь мөн маргаан бүхий шугам хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэв” гэжээ. Манай компани нь шүүхийн улсын тэмдэгтийн хураамжийг төлж процессын хуульд заасан журмын дагуу “Ус дулаан хувиарлах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт Зф 159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор”, “2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП 2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус дулааны шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл хүчин төгөлдөр бусд тооцуулах” сөрөг нэхэмжлэлийн хоёр шаардлагыг гаргасан. Гэтэл энэхүү хоёр нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу үндсэн сөрөг нэхэмжлэлийн шаарддагыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх агуулгыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ бичээгүйн дээр тогтоох хэсэгтээ хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгалгүй орхигдуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэрт тавигдах хуулийн шаардлагыг тодорхойлж 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана”, 118.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, пгүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөн нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэргийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж  тусгана” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэддээ болон тогтоох хэсэгтээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан агуулгын шаардлагыг хангаагүй төдийгүй 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрүүдийн алийг нь гаргасан нь ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна. Хоёр. Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзээд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4 дэх заалтыг баримталж шийдвэр гаргахдаа дундаа өмчлөгчийн тус бүрд ногдох хэмжээг тогтоогоогүй. Маргаан бүхий шугам сүлжээг хийж гүйцэтгэсэн төсвийн хэмжээ, тухайн хөрөнгийг одоогийн үнэ цэнийг огт анхаарч үзээгүйгээс дээрх алдааг пгүүх гаргасан гэж үзэж байна. Учир нь энэхүү шугам сүлжээг бий болгоход оруулсан хүч хөдөлмөр. мөнгөн хөрөнгө оруулалт, гаргасан зардал зэрэг нь төсөв, одоогийн тухайн хөрөнгийн үнэ цэнээр тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэл гаргагч хоёр компани, бие даасан шаардлага гаргасан нэг компани нь бага хэмжээний хөрөнгө гаргаж их хэмжээний хөрөнгийг хамтран өмчлөхөөр шийдвэрлэж байгаа нь шүүх талуудад эрх тэгш бодитоор хандаж чадаагүйг харуулж байна. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна” гэж заасан бөгөөд энэ заалт нь талуудын эрх үүргийг тэнцвэржүүлсэн шинжтэй байна. Гэтэл 100 сая гаруй төсөвтэй хөрөнгийн өмчлөгчөөр бага хэмжээний мөнгө төлсөн этгээдүүдийг хамтран емчлөгчөөр тогтоож байгаа нь хэтэрхий нэг талыг баримталж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэх үндэслэл боллоо. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж заасан манай компани тухайн шугам хоолойг хийх болоход нэхэмжлэл гаргасан компани, бие даасан шаардлага гаргасан компани зэрэг 3 компаниас ямар ч хүн ирж хүрз бариагүй. Бид буюу манай компанийн ажилчид бүгд л хүрз барьж өдөр, шөнөгүй хоол ундгүй ажиллаж байж тухайн ажлыг хийсэн. Гэтэл хүрз шороо ч гаргаагүй хэдэн компанийн нэхэмжлэлээр хүнд хүчир бүхнийг нь хийсэн манай компанийн оролцоог харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан гомдолтой байна. Гурав. Нэхэмжлэл гаргасан компаниуд нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн уулзалтын тэмдэглэлийг үндэслэл болгон нэхэмжлэл гаргадаг. Энэхүү уулзалтанд оролцсон хүмүүсээс зарим нь компанийн төлөөлөх бүрэн эрхгүй хүмүүс байдаг ба энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн тухайн хурлын тэмдэглэлээр хамтын үйл ажиллагааг хэн хэн хариуцан эрхлэн явуулахаар тохиролцоогүй зөвхөн гаргах хөрөнгийн хэмжээг хэн хэн хариуцахыг тодорхойлсон агуулгатай байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 478 дугаар зүйлийн 478.3.-т “Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно” гэж. 478.8.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиарлана” гэж тус тус заасан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж чадаагүйг харуулж байна. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14.-т “Монгол Улсын иргэн ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ” гэж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан. Манайх хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгч нэмж сонгон авсан. Энэ талаарх хүсэлтээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд өгсөн боловч шүүх сонгон авсан өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хязгаарлан шүүх хуралдаан явуулсан. Энэ Үндсэн хууль болоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон манай хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй, Иргэний хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа манай эрхийг хязгаарлаж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 312/ШШ2024/00062 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “******” ХХК, “******” ХХК нь  хариуцагч “******” ХХК-д холбогдуулан Орхон аймгийн  ****** багт байрлах “ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар  худгийн шугамын хамтран өмчлөгчөөр тогтоолгох”, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “******” ХХК нь маргаан бүхий шугам хоолойн хамтран эзэмшигчээр тогтоолгох тухай,  Ус дулаан хувиарлах төв /2-7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг  Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 91 дүгээр зүйлийн 91.1., 477 дугаар зүйлийн 477.3., 477.4., 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.1.8.-д заасныг тус тус баримтлан Орхон аймаг ****** багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК мөн болохыг тогтоож, хариуцагч “******” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон  байна.

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр  “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК-ийн удирдлагууд, мөн “******” ОНӨХК /цаашид “******ДТС” ОНӨХК гэх/-ийн төлөөлөл, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /цаашид ГХБХБГ гэх/-ын дарга ******нар уулзалт зохион байгуулж  Орхон аймгийн  ****** багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугамыг “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК нар хамтран гүйцэтгэхээр, мөн ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамыг “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******" ХХК нар хамтран гүйцэтгэхээр тохиролцож, улмаар хариуцагч “******” ХХК нь  ****** ОНӨХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох №19/А085 дугаар техникийн нөхцөлийг авч, үүний дагуу тухайн орчинд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байсан 3 нарийн шугам хоолойг сольж өргөтгөн, шинээр 5 шугам татаж ашиглалтад оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар  хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 Шугам хоолойн өргөтгөлийн ажлыг хийхэд хариуцагч “******” ХХК нь техникийн нөхцөлийг гаргуулан авч, ажлыг хийж гүйцэтгэсэн, тухайн ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтанд оруулах хүртэлх зардал нь нийт 100,758,804 төгрөг болсон үүнээс ЦТП 2-7 гоос тэжээгдэх ёстой  3 аж ахуйн нэгж нийт 36,970,000 төгрөг төлсөн. “******” ХХК 13.540.000 төгрөг, “******” 15,430,000 төгрөг, “******” ХХК 8,000,000 төгрөг тус тус төлж хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны шугам хоолойн холболт хийж авсан, дээрх гурван аж ахуй нэгж төлбөр мөнгө, бараа материалаар хөрөнгөө нийлүүлж, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1., 477.2.-д зааснаар зохигчид хураамжийг төлсөн байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Орхон аймгийн  ****** багийн нутаг дэвсгэрт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дугаар худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК мөн болохыг тогтоож, хариуцагч “******” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нар “...Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2024/00062 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”... гэсэн агуулгатай  давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нар “...шүүх сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар үндэслэх болон тогтоох хэсэгтээ тусгаагүй байна ...” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 21 дугаарт “... Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд хариуцагч “******” ХХК-ийг маргаан бүхий Ус дулаан хуваарилах төв 2-7-с зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 худгаас ДХ-4 худаг хүртэлх 64 м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн гэдэгтэй маргадаггүй, эзэмшигч гэдэгтэй ч маргадаггүй, гагцхүү өөрсдөө хөрөнгө мөнгөө оруулсан тул хамтран өмчлөгч гэдгээ тогтоолгоно гэдэг. Хамтран өмчлөгч мөн гэдгийг дээр тайлбарласан бөгөөд дангаараа “******” ХХК нь өмчлөгч биш, хамтран өмчлөгч гэдгийг тогтоох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийж, Шийдвэрийн Тогтоох хэсэгт “...Орхон аймаг ****** багт байрлах ЦТП-ийн 2.7.2-2.7.3 дугаар худгийн шугам болон ЦТП-ийн 2.7.3-2.7.4 дүгээр худгийн шугамын хамтран эзэмшигч, өмчлөгч нь “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК, “******” ХХК мөн болохыг тогтоож...” шийдвэрлэжээ.

Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзээд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3., 477.4. дэх заалтыг баримталж шийдвэр гаргахдаа дундаа өмчлөгчийн тус бүрд ногдох хэмжээг тогтоогоогүй. Маргаан бүхий шугам сүлжээг хийж гүйцэтгэсэн төсвийн хэмжээ, тухайн хөрөнгийг одоогийн үнэ цэнийг огт анхаарч үзээгүйгээс дээрх алдааг шүүх гаргасан гэж үзэж байна...” гэж байгаа боловч хариуцагч тал “...Ус дулаан хувиарлах төв /2-7/-өөс зүүн тийш салбарлан гарсан ДХ-2 дугаар худгаас ДХ-4 дүгээр худаг хүртэлх 64м урт ЗФ159 мм болон 2ф 108 мм-ийн гадна дулаан цэвэр усны шугамын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх Ус, Дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлага шүүхэд гаргасан байх ба дээрх шаардлага, үндэслэлийн талаар сөрөг нэхэмжлэлдээ бичээгүй байна. “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэжээ

Нэхэмжлэл гаргасан компаниуд нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн уулзалтын тэмдэглэлийг үндэслэл болгон нэхэмжлэл гаргадаг. Энэхүү уулзалтанд оролцсон хүмүүсээс зарим нь компанийн төлөөлөх бүрэн эрхгүй хүмүүс байдаг ба энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. 478.3.-т “Хамтын үйл ажиллагааг хэд хэдэн тал бие даан эрхлэн явуулахаар тохиролцсон бол энэ тухай гэрээнд тусгах бөгөөд ийнхүү зөвшилцөж чадаагүй бол гэрээ байгуулахыг хориглоно” гэж. 478.8.-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиарлана” гэж тус тус заасан. Гэтэл шүүх хуулийн дээрх заалтуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж чадаагүйг харуулж байна... “ гэжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 22 дугаарт хэрэгт нотлох баримтаар авагдсан тэмдэглэлд дүгнэлт хийж,  2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “ЦТП-2-7-оос хэрэглэгчдэд хүргэх ус, дулаан шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтын тэмдэглэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болно.

2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлтээ өгсөн боловч шүүх сонгон авсан өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хязгаарлан шүүх хуралдаан явуулсан гэжээ .

2025 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулж өгнө гэсэн хүсэлт гаргасныг 2025 оны 01 дүгээр сарын 08 ны өдрийн 350 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба дээрх захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих  үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 312/ШШ2025/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүүний өмгөөлөгч Г.Ганбаяр нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Д.АЗЖАРГАЛ

 

                                                                  ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.БАТТӨР