Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 290

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918000000295 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ж.Э /РД:.../, 1984 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .... тоотод  оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 1 дүгээр гудамжинд хүүхэд зодлоо гэх шалтгааны улмаас Б.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Ж.Э-ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр

 

D:\2019.shiitgehtogtool \Zasah\Esin-11.6-1.docx

байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 1 дүгээр гудамжинд хүүхэд зодлоо гэх шалтгааны улмаас Б.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э-ий өгсөн “...Гэм буруугийн тал дээр ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...зүс таних жаахан хүүхэд над руу ямар ч шалтгаангүйгээр чулуу шидэхээр нь би түүнтэй муудалцаад гудамжиндаа зогсож байтал эмээ И хашаанаас гарч ирсэн ба цаанаас тэр хүүхдийн аав гэх хүн цэнхэр Портер машинтай ирж зогсоод шууд над руу ямар ч юм ярилгүй миний баруун талын хацар луу 2 удаа алгадсан бөгөөд тэр үед айгаад эмээгийн араар ортол миний араас бөгс рүү нэг удаа чанга өшиглөсөн. Мөн түүний дараа хүүхдээ аваад явахдаа чамайг ална шүү гэж хэлээд миний толгой руу гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч Ц.И-н мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...зээ хүү Э-г үгийн зөрөөгүй шанаан тус газар 2 удаа алгадсан. Тэгэхээр би түүнийг хүү минь яаж байгаа юм гэж хэлэхэд хөлөөрөө Э-н бөгс рүү нэг удаа өшиглөөд ална шүү гэж хэлээд өөрийнхөө хүүг аваад яваад өгсөн.” гэх мэдүүлэг[2],

 

-Жижүүр эмч Т.Г-н “...Баруун талын хацар шанаанд хурууны оромтой, улайсан, бага зэрэг хавдсан. Зүүн чихний ар, эрүүний орчимд улайсан. Зүүн гарын эрхий хурууны ард 2 см орчим зүсэгдсэн шархтай. Баруун хөлийн гуя, тахим, шилбээр жижиг хөхрөлт, улайлтууд харагдана. Цаашид гэмтлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.” гэх тодорхойлолт[3],

 

-Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны “...Б.Э-ын биед тархи доргилт, зүүн гарын 1 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 499 дугаартай шинжээчийн дүгнэлт[4] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ж.Э-ийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ж.Э-г хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Э-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Ж.Э-д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 21 тал

[2]  Хавтаст хэргийн 22 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 28 тал

[4] Хавтаст хэргийн 25-26 тал